Other Voices

О.Эрдэнэчимэг: Ард түмэн хүнийг нь харна гэж хариулдаг, аль намынх байх нь хамаагүй

Зууны мэдээ 765 үзсэн8

Улс төр судлаач, доктор  О.Эрдэнэчимэг:

-Сонгуульд зориулсан олон төрлийн санал асуулга, судалгааны дүнгээс харахад ард түмэн нэгдүгээрт, хүнийг нь харна гэж хариулдаг. Аль намын хэн байх нь хамаагүй. Нэр дэвшиж байгаа хүн нь хэр шударга, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах уу, мөрийн хөтөлбөр нь ямар вэ гэдгийг чухалчилан харна гэдэг. Энэ бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх улс оронд ийм зарчим баримтлан сонгогчид саналаа өгдөг. Манай улсад бүх төрлийн судалгааны үр дүнгээр хүнийг нь сонгоно гэдэг боловч зарим үед сонгуулийн дүн өөр гардаг. Энэ нь сонгуулийн төгсгөлд хэрэглэдэг субьектив хүчин зүйлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл мөнгө бусад эд бараа тараах, худал амлалт өгөх зэргээс гадна бохир технологи өргөн хэрэглэдэг. Түүнээс шалтгаалан иргэд сонголтоо хийж чадахгүйд хүрдэг. Сонгуулийн зардлын хувьд авч үзвэл өнгөрсөн зургаан удаагийн сонгуулийг зохион байгуулсан үнэ хөлс асар их өссөн. Сонгуулиас сонгуулийн хооронд байнга дөрөв дахин өссөн үзүүлэлттэй байна. Хүн амын өсөлттэй харьцуулж үзвэл сонгуульд зарцуулах мөнгө дэндүү их болсон байна. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд 1993 онд 40 сая төгрөг төлөвлөж байсан бол 1997 онд 150 сая, 2001 онд 462 сая, 2005 онд 636 сая, 2009 онд дөрвөн тэрбум, 2013 онд 15 тэрбум төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооноос Их хурлаар батлуулсан байгаа юм. Үүнээс гадна нэр дэвшигчид, намууд мөнгө зарцуулж байгаа. Энэ бол дэндүү үрэлгэн байгааг харуулж байна. Жишээ нь, 2013 онд гадаадад байгаа иргэдийн саналыг авахад хэчнээн их зардал гаргасан. Тэгээд дөнгөж 4327 иргэн  санал өгсөн. Энэ бол үнэхээр харамсалтай тоо.  Ер нь бол аль ч улс оронд сонгуулиас сонгуулийн хооронд зардал өсдөг. Гэхдээ манай улс шиг ингэж их хэмжээгээр өсдөггүй.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master