Asia/Africa

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн хэрэг прокурорт шилжлээ

О.Туяа 875 үзсэн0

БНСУ-ын Сөүл хотын мөрдөн байцаах газраас  Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгээс нийт 5 удаа мэдүүлэг авсаны эцэст түүнийг авлига авсан үндэслэлээр ял тулгаж буйг тус улсын Прокурорын газраас мэдээлсэн байна.

Ингэснээр экс ерөнхийлөгчид холбогдох хэргийг албан ёсоор шүүж эхлэх бөгөөд түүнийг тус улсын томоохон компаниудын захирлуудтай үгсэн хуйвалдаж, тэднээс их хэмжээний мөнгөн хандивыг өөрийн санаачилсан сайн дурын санд өгүүлсэн ба хариуд нь тэдгээр компаниудын үйл ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 13 зүйл ангиар ял тулгаж байгаа юм. Нэлээдгүй урт хугацаанд үргэлжлэх шүүх хурлын товыг одоогоор зарлаагүй байгаа бөгөөд хэргийг шалгаж эхэлсэнээс хойш 6 сарын дараа түүний хэрэг прокурорт шилжиж, шүүх хурал болох аж.

      Хэрэг ингэж эхэлжээ. БНСУ-ын томоохон дээд сургуулийн нэг болох  “Ихуа” дээд сургуулийн оюутан Жонг Юу Ра гэгч хичээлдээ бараг суухгүй хэрнээ шалгалт өгөх болохоор өндөр оноо авч байгаа нь багш нар түүнд бодит бус дүн тавьдагтай холбоотой хэмээн тус сургуулийн оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж, захирлыгаа албан тушаалаасаа огцрохыг шаардсаны дагуу захирал нь албан тушаалаа өгсөн аж.

Энэ явдал хэвлэлийнхний анхааралд өртөж, улмаар Солонгос улсын морин спортын шигшээ багийн тамирчин, 20 настай Жонг Юу Ра нь 2015 онд Инчон хотноо зохион байгуулагдсан Азийн спортын наадамд оролцож, багийн амжилтаар Алтан медаль хүртсэн тул “Ихуа” дээд сургуульд урилгаар элсэн орсон. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз гэгдэх Чой Сун Шилийн охин гэдгийг олж мэдсэн байна.

Удалгүй хэрэг даамжирч, Ерөнхийлөгчтэй 30 гаран жил найзласан Чой Сун Шилийг шалгаж эхэлсэнээр олон ноцтой баримтуудыг илрүүлжээ. Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найзтай холбоотой шинэ, шинэ хэргүүд өдөр бүр хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэж, улмаар парламентын гишүүд, улстөрчид, намын нөхдөөс нь эхлээд иргэд, олон нийт түүнийг огцрохыг шаардаж эхэлсэн байна.

Ийнхүү БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэг төрийн нууц задруулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тус улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр албан ёсоор суудлаас нь огцруулсан билээ.

Харин 3 дугаар сарын 27-ны өдөр Өмнөд Солонгос улсын Сөүл хотын мөрдөн байцаах төв газраас тус улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хед эрүүгийн хэрэг үүсгэх саналыг гаргасан байна.

Өнгөрсөн хугацаанд түүнийг өмгөөлөхөөр есөн хүний бүрэлдэхүүнтэй өмгөөлөгчийн баг ажиллаж байсан ч түүнийг огцруулах нь зүйтэй гэсэн Үндсэн хуулийн цэцийн шүүхийн шийдвэрт нөлөөлж чадаагүй юм. Харин ийнхүү хэрэг шүүхэд шилжихээс 5 хоногийн өмнө Пак Гын Хе тэдгээр өмгөөлөгчийн долоогоос нь татгалзаж, өмгөөлөгчдийн багийн ахлагч Юу Янг Хуа болон Жэ Мёнг Сонг нарыг үлдээн ажиллуулахаар болсон талаар түүний төлөөлөгчид мэдээлсэн байна.

Сар гарангийн өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Пак Гын Хэ өнөөдөр Сөүл хотын төв хорих байрны ариун цэврийн өрөө, ширээ, сандал, зурагт бүхий 10 м2 талбай байранд 503 тоот сэжигтэнээр хоригдож байгаа юм. Энд тэр хорих газрын журмын дагуу өдөрт гурван удаа, тус бүр нь 1440 воны үнэтэй хоолоор хооллож, аяга тавгаа өөрөө угааж, хурааж байгаа аж.

02_700

Пак Гын Хе аав Пак Жон Хюны хамт

БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгч асан Пак Гын Хе 1952 оны хоёрдугаар сарын 2-нд Солонгос улсын Тэгү хотод төрсөн, 1961-1979 онд Өмнөд Солонгос улсыг удирдаж байсан Пак Жон Хюны ууган хүүхэд юм. Өдгөө 65 настай тэрбээр өнгөрсөн хугацаанд гэрлэж байгаагүй, мөн хүүхэдгүй юм. 1970 онд Сөүл хотын дунд сургууль, 1974 онд Сөүлийн Соган их сургууль, Тайваны их сургуулийг Хятадын урлаг судлалаар сурч төгсчээ.

Улс төрийн золионд эцэг, эхээ алдсан Пак Гын Хэ 22 настайдаа анх  улстөрд хөл тавьж, 1998 онд Тэгү хотын тойргоос БНСУ-ын парламентад гурван удаа сонгогдож байжээ. 2012 оны наймдугаар сарын 20-нд Сэнүри намаас Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд оролцож 83,9 хувь буюу 85,589 саналаар ялалт байгуулж, тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байлаа. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэрээ авлигыг арилгахад гол анхаарлаа хандуулж, гадаад байдлыг тогтворжуулж, эрүүл мэнд, боловсролын өртгийг бууруулна гэдгээ амлаж байсан байна.

Сэтгэгдэл үлдээх