Other Voices

Т.Баасансүрэн: МАН-ын дарга Ө.Энхтүвшин ухаалаг алхам хийх гэж хичээснийг үнэлэн хэлэх учиртай

Sonin.mn 1,668 үзсэн9

Судлаач, доктор Т.Баасансүрэн:
МАН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зайлшгүй шаардлагатай байсан юм. Ялах нэг хувилбар бэлэн байсан. Энэ бол МАН, МАХН гэсэн угшил, үзэл баримтлал нэгтэй, адилхан дэмжигчидтэй улс төрийн хоёр хүчин нэг баг болон ажиллаж эвсэл болоод дундаасаа нэр дэвшүүлбэл гарах үр дүн нь тун ойлгомжтой байв. Харамсалтай нь тэр боломжийг ашиглаж чадаагүй бөгөөд МАН-ын нөлөө бүхий нөхөд хүсээгүй юм. Тэр нь цаанаа нарийн учир шалтгаантай байсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ тактикийг эсэргүүцэгчид МАН дотор ч, түүний гадна ч хаана хаанаа хүчтэй байжээ. Хэдийгээр байдал ийм байсан ч МАН-ын тухайн цаг үеийн дарга Ө.Энхтүвшин ухаалаг алхам хийх гэж хичээснийг эрхбиш үнэлэн хэлэх учиртай. МАН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ шалгаруулахдаа тун нухацтай хандсан. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлыг тус намын түүхэнд анх удаа намын хэмжээнд намын үүр, хороодын хурлаар хэлэлцүүлэн хоёр үе шаттай зохион байгуулсан юм. Эхний үе шатанд анхан шатны бүх намын үүр, хорооны гишүүд дэмжигчдээ хамруулан монголчууд ямар Ерөнхийлөгчтэй байхыг хүсэж буйг тодорхойлуулсан. Нийт 200 мянга орчим иргэд оролцож, төлөв төвшин, ноён нуруутай, байр сууриасаа холбирдоггүй, ам ажил нь нэгддэг, шударга, нэр цэвэр, хууль бус элдэв бохир үйлдэлд нэр холбогдоогүй, үндэсний эв нэгдлийг хангаж чадах хүнийг Төрийн тэргүүн болгохыг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ. Хоёр дахь шатны шалгаруулалтанд ард түмний тавьсан дээрх босго шаардлагад нийцэхүйц МАН-ын нэр бүхий гишүүдийг нэрлүүлснээ МАН-ын Бага хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэн өрсөлдүүлсэн юм. Би хэрэв андуураагүй бол энэ сунгаанд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нар илүү өндөр оноо авч байсан санагдана.
МАН-ын Бага хурал 2013 оны тавдугаар сарын 3-нд хуралдаж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан. Намын хэмжээний сунгаанд өндөр рейтингтэй оролцсон Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын асуудлыг хэлэлцэж, дараа нь нууц санал хураалт явуулахад эхний санал хураалтаар Ө.Энхтүвшин 91, Б.Бат-Эрдэнэ 91, Д.Оюунхорол 28, Д.Лүндээжанцан 17 хүний санал авчээ. Хамгийн олон оноо авч тэнцсэн хоёр хүн дээр хоёр дахь санал хураалт явуулахад  113:113 –аар дахин тэнцсэн билээ. Ховорхон тохиолдол. Гурав дахь удаагийн санал хураалтаар Б.Бат-Эрдэнэ 117, Ө.Энхтүвшин 108 хүний санал авч есөн саналын илүүгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон. МАН-ын даргын энэхүү шинэлэг арга ажиллагаа, намын дотоод амьдралын шинэчлэлд нийт гишүүд, дэмжигчид баярлан талархаж нам маань одоо л жинхэнэ ёсоор шинэчлэгдэх нь хэмээн баясаж байсныг миний бие их тод санаж байна.
МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн эл үйл явцыг Монголын нийгэм ч талархалтай хүлээж авсан билээ. Нэгдүгээрт, намын дарга нь нээлттэй өрсөлдөөнд орж ана мана өрсөлдөж байгаа нь энэ намд ардчиллын салхи сэвэлзэж, шударга ёс хөгжиж байна. МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчид өрсөлдөгчгүй нэр дэвших ёстой гэсэн өмнөх үеийн уламжлалт хуучирсан байр суурийг баримтлаагүй,  шударга улстөрч гэдгээ батлан харууллаа гэцгээж байв. Гэхдээ үүнд таагүйцэн дургүйцэгчид ч нам дотор нь бас байсан юм. “МАН-ын дарга нам дотроо үнэлэгдсэнгүй”, “МАН лидергүй болжээ”, “Хэзээ намын дарга ингэж байсан юм. Шийдвэртэй алхам хийсэнгүй” гэж тэд Ө.Энхтүвшинг шүүмжилж байв. Энэ бол МАН доторхи шинэ ба хуучны зөрчил тэмцлийн тод илрэл байлаа.

Сэтгэгдэл үлдээх