Editorial

Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн өөрийн гараар бичиж үлдээсэн захиас

Өдрийн сонин 15,928 үзсэн2

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, ардын багш Б.Чимид агсны тухай “Монгол төрийн түшээ” хэмээх хөрөг нийтлэл 1992 оны хавар бичиж тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд нийтлүүлснээр би тэр гайхалтай оюунлаг хүнтэй дотно танилцаж, стандарт биш сэтгэлгээнийх нь охь болсон сургаал үгс, байр суурийг нь цөөнгүй жил бишрэн сонсож ирсэн билээ.

1992 оны 1 дүгээр сарын 13-нд шинэ Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдах торгон мөчид түүнийг Үндсэн хуулийн эх баригч хэмээн Ардын Их Хурлын 430 депутат бултаараа хүлээн зөвшөөрөхийг нүдээр үзээд Монголын төрд хоёргүй сэтгэлээр хар багаасаа зүтгэсэн энэхүү эрхэмсэг төрийн зүтгэлтний тухай улс төрийн хөрөг бичье хэмээн зориг шулуудсанаа ийнхүү хэдэн сарын дараа гүйцэлдүүлсэн минь энэ ажгуу.

Нэлээд хожим 1990 оны цагаан морин жилийн хавар Монгол төрийг төлөөлж ардчилсан шинэ улс төрийн хүчнүүдтэй яриа хэлэлцээ хийхэд Б.Чимид гуай голлох үүрэг гүйцэтгэсэн тухай “Төрийн зохицуулагч” нэртэй бүрэн хэмжээний баримтат кино бүтээснээ гэрт нь очиж үзүүлэхэд өвгөн их л баярлаж байсныг насных нь хань гэрчлэх болов уу.

Гавьяаттай Монгол Улсын Сонгуулийн хуулийн төсөл дээр хамтран ажиллах сайхан завшаан 2010, 2011 онд надад бас тохиосон. Би тэгэхэд УИХ-ын гишүүн Л.Болдын зөвлөх байсны хувьд гишүүнийхээ санаачилж, Б. Чимид гуай өөрөө гарынхаа шавь Ж.Амарсанаа, Ш.Хишигсүрэн, Т.Оюунчимэг нартай хамжин төслийг нь боловсруулж, 2011 онд Д.Лүндээжанцан нарын өөр нэг төсөлтэй нэгтгэгдэн хэлэлцэгдэж батлагдсан Сонгуулийн хууль төрөхөд гар бие оролцогчдын нэгэн болж билээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын дараа 7 дугаар сарын эхээр Б.Чимид гуай намайг нэгдсэн 2 дугаар эмнэлэгт хүрээд ирээч гэж хүнээр хэл дайлгасан байв. Очлоо. Бие нь чилээрхэнгүй байв. Зүрхтэй холбоотой зовнил байсан.

Надад гараараа тэрлэсэн гурван хэсэг цаас өгөөд чи үүнийг яаралтай шивүүлээд буцаагаад аваад ир гэж байна. Ямар учиртай юм гэж асуулаа. Танай Лу.Болдод хамаатай юмаа, би үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Их тэнгэр рүү илгээх гэж байгаа юм гэлээ.

Ордонд ирээд гишүүний туслах Ц.Ариунаагаараа гялс шивүүлээд Чимид гуайд хүргэн өглөө.

Энэ завсар мэдээж бичгийн агуулгатай танилцаж амжсан. Чимид гуай юу хүсч, шинэ сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламентын спикерээр хэнийг Ерөнхийлөгчид санал болгохоор шийдсэнийг ойлгосон л доо.

Гэхдээ үйл явдал түүний хүссэнээр өрнөөгүй, хэдхэн хоногийн дараа УИХ-ын даргаар Зандаахүүгийн Энхболд сонгогдож, харин манай гишүүн Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсон билээ.

Монголын төрийн дээд удирдлагад ямархуу шинж чанартай, аль хэр туршлагатай хүн шилэгдэн сонгогдвол зохилтой талаар Чимид агсны амьд ахуйдаа Монголын төрд гэрээсэлсэн мэт агуулгатай энэхүү захиаг хувийнхаа архивт бараг бүтэн 5 жил хадгалсны эцэст мэргэн уншигчдын сонорт хүргэе гэж шийдлээ.

Болгооно уу.

Харин миний үйлдлийг эдүгээгийн аль нэг улс төрийн хүчин, хувь улс төрийн зүтгэлтэнтэй холбон мушгихгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

Цогсүрэнгийн Ганболд


Спикер болох хүний гол шинж:

  1. Уугуул монгол (Угаас Монгол Улсын иргэн болж төрөөд харьяалал сольж яваагүй, эцэг эхийн 5-7 үе удамтай).
  2. Ардчилсан хувьсгалд гуйвшгүй үнэнчээ 1990-ээд оноос өдгөө хүртэл үзэл санаа, үйл амьдрал, улс төр, нийгмийн тэмцлээрээ үлгэрлэн завсарлагагүй нотлон харуулж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн
  3. Ардчилсан хувьсгал, өөрчлөлт шинэтгэлд аялдсан бус бие дааж, манлайлан оролцож, нийгэм улс төрийн томоохон хөдөлгөөнийг санаачлан нийгэмд мэдэгдэхүйц өөрийн гэсэн хувь нэмэр оруулсан, оруулж яваа.
  4. Ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийг амь тасартлаа хамгаалж үлдэх улс төрийн зориг тэвчээртэйгээ хэрэгтэй үеүдэд нотлон харуулсан. Найдаж болох, итгэлтэй.
  5. Улс төрийн харилцаанд нам, бүлэг, салан тусгаарлагчид хийгээд гуйвж дайвагчидтай зөв учраа олж, байр сууриа хамгаалж, зохицуулах зан чанар, хүрээлэл, арга тактиктайгаараа нааштайгаар үнэлэгддэг. (Ер нь нам, бүлэглэл, хүмүүстэй учраа зөв ололцдог, бусад нам хүлээн зөвшөөрдөг)
  6. Засаг төрөөс нийгмийг жолоодох арга ухаанд чамгүй суралцаж зөв баримжаа олсон, түүгээрээ үлгэрлэн дагуулах увидастай байх.

Үүнд:

gar bichmel copy

                 6.1. Хууль тогтоох ажлын хураасан дадлага, шинэ үзэл баримтлалтай. Үндсэн хуульд үнэнч, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, арга замыг хоосон салхилуулж түйвээхгүй, ухаалаг шийдүүлж чадах ур ухаантай. (Улаан хувьсгалч биш, ухаангүй тэнэг ч биш)

Хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаанаас доошгүй практиктайгаас гадна шинэ Үндсэн хуулийг биеэр боловсруулалцаж баталсан суурь мэдлэгтэй.

Эрх зүйн шинэтгэлийн асуудлаар дорвитой төслүүд санаачилсан нь эерэг үнэлэмж авч чадсан.

                    6.2. Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд улсын сайд, агентлагийн дарга, төрийн нийтлэг чиг үүргийн тогтолцоо хариуцаж ажилласан дадлага, мэдлэгтэй. Парламентаас Засгийн газарт хяналт тавих үндэс шалтгааныг оношилж чадах зэрэг. Салбарын төвөөс анхан шат хүртэл амьдрал судалсан, мэдэх хүн байх

Хууль, санхүү, зээл, хөрөнгө оруулалт, өмчийн асуудлаар мэдлэг, дадлага олсноо ажлаараа харуулсан. Зах зээлийн болон энэ үеийн төрийн оролцооны зарчим, арга зүйг туршиж мэдэрсэн.

                 6.3. Эрх зүй, шүүх эрх мэдлийн хүрээнд хийж буй шинэтгэлийн чиг хандлага, зарчмыг ардчилсан орнуудын жишиг, өөрийн орны онцлогийн үүднээс ажил хэрэгт нь оролцох, хууль санаачлах зэргээр туршин ойлгосон.

           6.4. Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, парламентын гадаад харилцааны ажилд баримтлах хөтөлбөрүүдийг боловсруулж батлах бүх шатанд ажилласан, ялангуяа гадаад харилцааны ажлын практиктай, түүнд гол зэвсэг болсон англи, герман, франц, орос зэрэг хэл эзэмшсэн.

  1. Хувийн чанараар төлөв түвшин, улс төрийн нуруу сайтай.

Эдгээр шинж хэнд нь давуу цогцолсон байна, тэр эрхэм парламентыг тэргүүлэх нь оновчтой гэж тогтоох нь зүйтэй.

Б.Чимид

Сэтгэгдэл (2)

  1. I wanted to follow along and let you know how much I loved discovering your site today. I’d personally consider it an honor to work at my business office and be able to make real use of the tips discussed on your website and also take part in visitors’ remarks like this. Should a position of guest writer become offered at your end, i highly recommend you let me know.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. Awesome post once again. I am looking forward for more updates=)

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх