Asia/Africa

Дональд Трамп Хятадын даргатай хүндэтгэлийн зоог барьж, Америкийн арми Сирийн нутаг дэвсгэрт 59 пуужин харвав

Н.Төгсмандал 11,847 үзсэн2

АНУ-д айлчилж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал олон улсын анхааралд орж байгаа цаг мөчид Пентагон Сирийн цэргийн бааз руу 59 ширхэг газар, агаар ангиллын томагавк пуужин харважээ.

Улаанбаатарын цагаар урд шөнө болсон явдлын талаар одоо олон улсад ид дуулиан дэгдэж байна. Сирид энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэж, энэ хэргийг сөрөг хүчнийхэн зориудаар хийв үү, Башар Ассадын Засгийн газрын цэргүүд үйлдэв үү гэдэг нь тогтоогдож амжаагүй байхад Дональд Трамп эрс шийдэмгий шийдвэр гаргаж Сирид цохилт өгч эхэллээ.

Capture2

Газар дундын тэнгист байрлах АНУ-ын зэвсэгт хүчний хоёр хөлөг онгоцоос 59 ширхэг далавчит пуужин харвах тушаал өгсөн гэдгээ Ерөнхийлөгч Трамп яг Си Зиньпинтэй уулзахынхаа өмнөхөн олон нийтэд мэдэгдсэн юм. “Химийн зэвсэг хэрэглэсэн Сирийн эсрэг агаарын цохилт өгөх шийдвэрийг би гаргалаа. Гүн хор хөнөөлтэй химийн зэвсэг хэрэглэхийг хориглох нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын төдийгүй олон улсын аюулгүй байдлын асуудал” хэмээн сэтгүүлчдэд өгсөн товч мэдээлэлдээ Трамп онцолсон байна.

Ингээд Америкийн тэнгисийн цэргүүд Сирийн армийн нисэх бааз руу пуужин харваж байхад АНУ болон БНХАУ-ын тэргүүнүүд зоог барьж байжээ. Улмаар CNN агентлаг бусдаас түрүүнд цохилт өгч байгаа видео бичлэгийг сайтдаа байршуулжээ.

Capture

Дайралтын гол цэг Хомс мужид байрлах Сирийн Засгийн газрын армийн нисэх буудал байсан бөгөөд цэргийн зориулалтын дэд бүтцийн объектууд, тэр дундаа зам, шатахуун нөөцлөх газрууд байжээ.

Хоёр гүрний тэргүүнүүд уулзалдаж байхад ийнхүү байлдааны ажиллагаа явагдсан нь тохиолдол биш гэдгийг ажиглагчид онцолж байна. Умард Солонгосын асуудлаар Америкийн Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хэрхэн яриа хөөрөө хийх нь олон улсын гол анхаарлаа хандуулах асуудал болоод байгаа. Тэгвэл үүний өмнө Сирид цохилт өгч пуужин харвасан нь Си Зиньпинд өгч буй далд мессеж, үүгээр ч зогсохгүй Хятад, Америкийн харилцаа яаж ч өөрчлөгдсөн Цагаан ордон, Ерөнхийлөгч Трамп хийе гэснээ зоригтой, шийдэмгий хийх юм байна гэсэн ойлголтыг олон улсад өгч байгаа явдал хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ОХУ-ын зүгээс энэ явдлыг ихэд эмзэглэн хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны тэргүүн Виктор Озеров Риа Новости агентлагт мэдээлэл өгөхдөө “Терроризмын эсрэг тэмцэлд хүчин чармайлт тавьж байгаа Сири улсын эсрэг агаарын цохилт өгсөн нь АНУ, ОХУ-ын харилцаанд “shutdown” үүсэх буюу харилцаагаа таслах хэмжээнд хүргэж болзошгүй” хэмээсэн байна.

Сэтгэгдэл (2)

  1. I simply want to tell you that I am just very new to blogs and truly enjoyed you’re web blog. Likely I’m going to bookmark your blog . You really come with perfect articles. Appreciate it for sharing with us your webpage.

Сэтгэгдэл үлдээх