Post

АН-ынхан баяр тэмдэглэж, хөөрцөглөх цаг мөн үү?

Н.Эрдэнэ 8,458 үзсэн14

Өнөөдөр Ардчилсан намын 27 жилийн ой тохиож байгаа ажээ. Ойгоо тохиолдуулан АН-ын удирдлагууд Чингисийн хөшөө, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөөд араас нь МҮЭСТО-нд баярын хурлаа хийх юм байна. Сая болж өнгөрсөн дотоод сонгуулиар сонгогдсон Үндэсний Бодлогын хорооны 380 шинэхэн гишүүд түлхүү багтаад аймаг, дүүрэг бүрээс 20 хүн оролцоно гэсэн сураг байна. Тэгвэл 600 гаруй төлөөлөгчтэй том хурал хийх юм уу даа. Мэдээж хэрэг орой нь баярын хүлээн авалт хийж, хоолонд орно.

Гишүүдийнхээ дотроос намынхаа шинэ удирдлагуудыг сонгосон, ойрхон сонгуульдаж багагүй мөнгөтэй болсон улс төрийн намын хувьд баяраа тэмдэглэнэ үү, хурлаа хийнэ үү энэ намын дотоод асуудал биз.

Мөнгөтэй болчихсон нам лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү та нарт ямар падтай юм гэцгээх биз.

Саяхан Ардчилсан намын шинэ удирдлагууд ҮБХ-нд нэр дэвшиж байгаа хүмүүстээ батламж гардуулахыг хараад УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Агуулга байхгүй болоод ирэхээрээ хэлбэр давамгайлдаг” хэмээн тодорхойлсон байна лээ.

Нээрээ ч сүүлийн үед сум барьж давхилдаад хэлбэр нь арай л ихдээд байх шиг.

Гэхдээ нэг л асуудал энд анхаарал татаж байна. Энэ намын 20 гаруй мянган гишүүн төрийн албанаас бултаараа хөөгдөж, ажил төрөлгүй гудамжинд гарчихсан байгаа. Дээрээс нь ард түмний нуруун дээр 7 төрлийн татвар нэмэгдэж, хүнд ачаа үүрүүлэхээр болоод байгаа энэ цаг үед олон түмнийхээ өмгөөлөн хамгаалагч гэгдэж ирсэн сөрөг хүчний том нам баяр тэмдэглэж явах нь хэр зохилтой юм бол?

Засгийн газар Валютын сангийн хамтарсан хуйвалдааны золиос болохоор юу юугүй сөхөрч байгаа ард түмэнд 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг хийсэн АН баяр тэмдэглээд хөөрцөглөж явах нь таалагдах болов уу даа!

Сэтгэгдэл үлдээх