Hot Topic + Experts

МАН довтолж, АН унтаж, МАХН сэм гэтэж байна

Н.Эрдэнэ 2,163 үзсэн1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахад ердөө сар гаруй хугацаа үлдээд байгаа тул МАН шалавлаж эхэлсэн ба эрх баригчдын зүгээс далд сурталчилгаа, “тархи угаах” ажиллагааг хэдийнэ амжилттай эхлүүлээд байна. МАН-аас нэр дэвшихээр нам дотроосоо өрсөлдөөн үүсгэгчид хэн гэдэг нь тун тодорхой байгаа тул өргөн фронтоор намынхаа рейтингийг өсгөх давшилтад ханцуй шамлан оржээ.

Хамгийн түрүүнд 2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлах уу гэсэн эргэлзээг арилгаж Хуралдай бондын хүчээр, өрийг өрөөр  дарсан ба араас нь сэтгэл хөдөлгөм таатай мэдээнүүдийг хөврүүлж байна.

Тухайлбал удтал олон улс даяар мөнгө гуйж, бадар барьж байсан эрх баригчид эцэст нь арлын Япон орон манай улсад гараа сунгаснаар маш хөнгөлөлттэй зээлийг авахаар болж байна. Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт ч гарын үсэг зурлаа. Өрөө ч дарлаа, мөнгөтэй ч болох нь.

Улмаар Ардын намынхан олон нийтийн анхаарал төвлөрч байсан хурц асуудлуудыг ч мартсангүй. Улстөрчдийн төдийгүй нийт монголчуудын аллергиг хөдөлгөж байгаа сэдэв болох оффшорын талаар МАН-ын дарга болон Хуульзүйн сайд нар загатнасан газар нь маажсан мэт мэдэгдэл хийв. М.Энхболд одоо Санжийн Баярыгаа иргэдийн шаардлагын дагуу эгүүлэн татуулчихвал С.Баярцогтыг УИХ-д нэр дэвших эрхийг нь хааж чадаагүй З.Энхболдын түүхтэй харьцуулахад олон нийтээс том оноо авах болно.

Дөрвөн улирал дамнан шуугиулсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолыг УИХ гаргаж, Засгийн газарт үүрэг болгочихоод байхад Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн ажлын явц удаан, сунжирч байгааг Ерөнхий сайд Засгийн газрынхаа хуралдаан дээр хатуухан шүүмжлэв. Бүр “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг ч үүрэгдэв.

Шил дараад сонгуулийн сурталчилгаа болгоноор  МАН-ыг шүүмжлэх томоохон сэдэв болдог “Чалко”-гийн өрийг төлж дуусгасан тухай гүйцэтгэх Засаглалын тэргүүн баяр ёслолын байдалтай мэдэгдэв.

Угтаа бол энэ нь 2011 онд Сү.Батболдын Засгийн газар Хятадын компаниас нүүрсээр төлж барагдуулах болзолтойгоор зээлж авсан өр юм. Энэ өрийг МАН-ынхан сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэн иргэдэд “Эх орны хишиг” 21 000 төгрөг болгон тараасан. Ингэхдээ тэд гэрээнд Монголын талд ашиггүй олон заалт оруулсан. Тухайлбал “Олон улсын зах зээлийн үнийг дагахгүй, БНХАУ-ын зах зээлийн үнийг дагана. БНХАУ-д үнэ буурвал бууна, өсвөл дагаж өсөхгүй” гэх мэт заалт оруулснаас болж өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, дампуурлын ирмэгт хүрч байсан удаатай.  Гэтэл МАН-ынхан энэ бүхнийг өөрсдөө хийж, эрийн сайндаа бусдын тавьсан өрийг төлж барагдуулсан мэт аашлаж байна. Хэдийгээр Ардын намынхны тавьсан өрийг хэд хэдэн Засгийн газар асар их алдагдалтайгаар төлж ирээд, одоо Ардын намын төр барьж байгаа үед дарж дууссан ч  эцсийн дүндээ олон нийт баяртай байгаа нь сошиал дахь сэтгэгдлүүдээс анзаарагдаж байна.

Ийнхүү эрх баригчид давуу талаа ашиглан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө далд сурталчилгаагаа идэвхжүүлсээр байна.

Харин МАН-ын нэр дэвшигчийн гол өрсөлдөгч болох учиртай Ардчилсан нам төрийн тэргүүний сонгууль болохгүй мэт, хатуухан хэлбэл унтаж байна. Одоохондоо Дотоод Бодлогын хорооныхоо сонгуулийн санал хураалтыг явуулах гээд нам дотроо л ааг амьсгаагүй, завгүй байх шиг. Цөөнгүй хүчтэй улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн ч нам нь дотоод ажилдаа түүртээд, шинэхэн нарийн бичгийн дарга О.Магнай Хуралдай бондын талаар мэдэгдэл хийснээс өөрөөр таг чиг.

Гэр бүлийн нам гэгддэг МАХН-ын хувьд намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор олон нийтийн сэтгэл санааг бэлтгэсэн зарим нэг акц хийснээс хэтэрсэнгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа улсын хэмжээнд ердөө 20 хоног. Сурталчилгааны нээлт, хаалтын ёслол болох хоёр өдрийг хасвал цаана нь 18-хан хоног үлдэнэ.

Эрх баригчдын нөөц, хүч боломж хэр бяртай билээ, нөгөөдүүлийнх нь ямар байгаа билээ? Эндээс харахад 6 дугаар сарын 26-нд парламентад суудалтай 3 намын хооронд хүч ихээхэн тэнцвэргүй тулаан болох шинжтэй.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master