Editorial

Хонконгийн шинэ захирагч, хатагтай Кэрри Лэмийг эргэн дурсахын учир

Politik.mn 7,025 үзсэн2

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Ерөнхий захирагчаар бүс нутагтаа ажил хэрэгч дайчин чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн хатагтай Кэрри Лэм сонгогдсоныг дуулаад тус бүс нутагт улсаа төлөөлөн 2 жил 4 сар Ерөнхий консулаар ажиллахдаа энэ эрхэмсэг хатагтайтай ажил төрлийн шугамаар нүүр тулан уулзаж, Хонконгийн Засгийн газрын албан ёсны арга хэмжээнүүдийн үеэр олонтаа таарч байр суурийг нь чих тавин сонсдог байснаа эргэн саналаа.
Намайг тэнд ажиллах хугацаанд хатагтай Кэрри Лэм Хонконгийн Засгийн газрын Засаг захиргааны нарийн бичгийн дарга буюу дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаал хашиж, Aзи, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АPEC-ийн өндөр түвшний уулзалтуудад бүс нутгаа төлөөлөн оролцдог, Хонконгт суудаг гадаадын дипломатуудад Засгийн газрынхаа бодлого, чиглэлийг тайлбарлан таниулдаг гол хүн байв.
Ялангуяа 2014 оны намар 70 гаруй хоног үргэлжилсэн Ардчиллын төлөөх оюутнуудын жагсаал цуглааны үеэр одоогийн Ерөнхий захирагч Люн Чин Иний хамт хатагтай Кэрри Лэм Хонконгийн улс төрийн тэргүүлэх зүтгэлтэн болох нь илүүтэй тодорсон юм.
Оюутнуудын жагсаал Хонконгийн Засгийн газрын ордноос явган алхахад 8 минутын дөт зайд байрлах манай Ерөнхий консулын газрын оффисын яг зэргэлдээх гудамжинд хөвөрдөг байлаа.
Гудамжаар дүүрэн тэмцэгчдийн алаг эрээн майхан ярайна. Цагдаа нар жагсагчдын эсрэг анх удаа нулимс асгаруулагч ашиглаж, нөхцөл байдал зарим үед илт ширүүсч, Мон Кок зэрэг газар багахан хэмжээний мөргөлдөөн болж байсан ч оргил үедээ 100 мянга гаруй хүн оролцож байсан энэ хөдөлгөөн эмх цэгц, чанд зохион байгуулалтаараа бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц байсны бодит гэрч нь манай консулын газрын зургаан ажилтан, гэр бүлийнхэн, Хонконг, Макаод ажиллаж амьдардаг монголчууд маань болсон билээ.
mota_ru_2072683-2560x1024
Бүс нутагтаа хөгжлөөрөө толгой цохидог, төсвийнх нь орлого, зарлага хэдэн арван тэрбум доллараар эргэлддэг, дутагдах гачигдах юмгүй гэмээр 7 сая гаруй хүнтэй Хонконгт дутуу юм бас бий гэж иргэдийнх нь зарим нь ярьдаг. Тэр нь сонгуулийн ардчилал гэж ялангуяа залуучууд нь үздэг. Уржигдархан болсон Хонконгийн Ерөнхий захирагчийн сонгуулийг Бээжингийн нөлөөлөл багатай явуулахын тулд бүтэн хоёр жил гаруйн өмнө 100 мянган оюутан ийнхүү төв гудамжууддаа цугларсан хэрэг.
2014 оны намрын тэрхүү халуун өдрүүдэд хатагтай Кэрри Лэм Засгийн газраа төлөөлөн оюутны хөдөлгөөний удирдлагуудтай хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээг Хонконгийн телевизүүд шууд дамжуулна. 1990 оны гуравдугаар сард Д.Бямбасүрэн, Д.Содном гуай нар манай ардчиллын залуу удирдагчидтай үндэсний телевизээр халз мэтгэлцсэн лугаа халуухан уур амьсгал дунд хатагтай Кэрри Лэм Хонконгийн оюутны удирдлагуудтай үг хэлээ олох гэж чармайдагсан. Аль аль тал нь хүлээцтэй, соёлтой мэтгэлцэнэ. Нэг их бие биедээ буулт хийхгүй, зарчмаа л хамгаална. Хатагтай Кэрри Лэмийг уян хатан атлаа шаардлагатай үед төмөр хатагтай ч болж чадна гэдгийг тэр сорилт харуулсан.
Хонконгийн Засгийн газрын ёслолын журмын дагуу гадаадын Ерөнхий консулыг томилогдоод ирэхэд нь нэгдүгээр хүн буюу Ерөнхий захирагч хүлээн авч уулздаг, буцахад хоёрдугаар хүн буюу хатагтай Кэрри Лэм уулздаг юм билээ.
Тэр дагуу би 2015 оны зургадугаар сарын сүүлээр Кэрри Лэмтэй уулзаж Монгол, Хонконгийн харилцааг идэвхжүүлэх талаар гаргасан хүчин чармайлтаа дурдахын сацуу түүнээс хөөцөлдөөд амжуулж хүчрээгүй нэг л зүйлдээ онцгойлон анхаарахыг хүссэн юм. Тэр нь монголчууд маань одоо Хонконгт энгийн гадаад паспортаар 14 хоног визгүй зорчиж байгааг 30 хоног болгон сунгах хүсэлт.
Манай иргэд БНХАУ-д 30 хоног, миний хавсарч ажиллаж байсан Макаод 90 хоног визгүй зорчиж байгааг бодолцвол Хонконгийн Засгийн газарт албан ёсоор тавьсан хүсэлт маань боломжгүй зүйл биш. Монгол Улсын Ерөнхий консулын хувьд иргэдээ бодож аминчлан захисан хүсэлт маань ирэх 7 дугаар сарын 1-нд тангараг өргөн ажилдаа орох Кэрри Лэм Ерөнхий захирагчийн бүрэн эрхийн хугацаанд нааштай шийдэгдээсэй билээ.
Хонконгийг 3 сарын дараа тэргүүлэх анхны эмэгтэй захирагчийг хол ойроос харж явсны хувьд түүний тухай хэдэн үг тэрлэх завшаан ийнхүү олдсонд тун таатай байна.
Хонконгт Монгол Улсын Ерөнхий консулаар ажиллаж байсан Цогсүрэнгийн Ганболд

Сэтгэгдэл (2)

  1. I just want to tell you that I am just all new to weblog and actually liked you’re web-site. Very likely I’m going to bookmark your website . You really come with outstanding stories. Cheers for sharing your blog site.

Сэтгэгдэл үлдээх