Breaking

Ж.Эрдэнэбат: Ажил авснаас хойш ганцхан удаа гадаадад айлчилсан, харин сайдуудаа гадаад явуулсаар байх болно

Ж.Бат-Ирээдүй 418 үзсэн1

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баруун аймгуудад ажиллах албан томилолт өчигдөр /2017.03.22/ Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ.

-Аймгийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон дагалдан яваа бусад албаны хүмүүст аймгийнхаа нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал болон хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаарх товч мэдээллийг хүргэсэн.

-Ховд аймаг олон үндэстэн ястны өлгий нутаг. Өнөөдөр тус аймагт 13 үндэстэн ястан оршин сууж байгаагаас Ховд сумын нийт иргэдийн 98 хувь нь Казах үндэстэн. 3 дугаар сарын 22 бол хахир хатуу өвөл цагийг өнөтэй давж хаврын урин дулаан улиралтай золгосны баяр буюу Наурызын баяр. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд сумын ард иргэдийн Наурызын баярт оролцлоо.

-Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийж Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө.

-Ховд аймгийн иргэд Ерөнхий сайд болон Хууль зүй дотоод хэрэг, Эрчим хүчний сайдууд УИХ-ын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд яамдын асуудал хариуцсан дарга мэргэжилтнүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч санал хүсэлтээ илэрхийллээ.

2_1000

Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

-“Эрхэм хүндэт ховдчууд Монгол орны маань баруун хязгаар олон үндэстэн ястнуудын өлгий болсон энэ нутагт байгаа та бүгдийнхээ амар амгаланг эрэн мэндчилье. Мөн казах олон түмэндээ Наурызын баярын мэндчилгээг дэвшүүлье. Төлийн дуу цангинасан хаврын сайхан цагаар нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод найман сар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш долоон сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ажиллаж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож хүндрэл гарсан газруудад саналыг харгалзан шийдвэрлэхийг зорьж ажилласаар ирсэн. Ховд аймагт ирсэн маань Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш очиж байгаа найм дахь аймаг. Бид өнгөрсөн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч улсынхаа Эдийн засгийн үүссэн нөхцөл байдлыг засч хүндрэлээ хэрхэн давах вэ, ард иргэдийнхээ амьжиргааг яаж дээшлүүлэх вэ, Монгол улсад юу хэрэгтэй байна вэ гэсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулж батлуулж авсан.

Өнөөдрийн монголын эдийн засгийн байдал хүндхэн байна гэлгүйгээр хийж хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулсаар ирлээ. Ер нь бол улс төрийн нам сонгуульд оролцохдоо тодорхой амлалтуудыг өгдөг. Амлалт авсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Зовлон зүдгүүр тоочиж шалтаг шалтгаан ярьж суугаад байх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газрынхаа нэрийн өмнөөс 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мөрийн хөтөлбөрөө батлуулсан. Боловсруулж байх явцад олон маргаан, мэтгэлцээн, санал зөрөлдөөн гарч байсан ч судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг бүрэн эхээр нь оруулсан. Монголын нийгэм эдийн засаг тийм хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардсан. Тийм байдал ийм нөхцөлд хөтөлбөрөө боловсруулсан. Энэ бол эдийн засгийн хүндрэлийг давах бодлого. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хөгжлийнхөө зөв замд орох нөхцөлийг бүрдүүлэх шаардлага манай засгийн газрын өмнө тавигдсан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт, эдийн засгийн хүндрэлээ даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлсэн. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж яриад ямар ч нэмэр байхгүй. Ажлаа авсан үеийн статистик бодит тоо хоёр маш зөрүүтэй байсан. 120 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол үнэндээ 60 мянга нь л ажиллаж байсан. 4000 гаруй аж ахуйн нэгжийн дансыг хаасан байсныг нээж 400 гаруй аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртөй байсныг мөн дансыг нь нээж ажиллах боломжтой болгосон. Түүнчлэн концесс нэрийн дор олон ажил үйлчилгээ явуулсан байсны заримыг нь зогсоосон, зогсоохоос аргагүй Засгийн газрыг өрөнд оруулсан маш их өр төлбөр тавьсан байсан. Цаашдаа ийм байдлаар явах ямар ч боломжгүй, бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Гэсэн ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 504 тэрбум төгрөгөөр төсөв давж гарсан, валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөлтгүй байсан бол өнгөрсөн жил анх удаа өсөлттэй гарсан.

-Ахмадуудад насны хишиг олгож эхэлсэн цаашдаа улирал сар болгон өргөжүүлэх бодолтой байна. Мөн арилжааны банкуудаас хүү багатай зээл авч тэтгэврээ хүүгүйгээр 3 сараар нь урьдчилж авах, үйлчлүүлэх банкаа өөрсдөө сонгодог болсон зэрэг нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтүүд явсаар байна.

Монголчууд бид өргөн уудам газар нутагт амьдардаг азтай хүмүүс. Гэхдээ цөөхүүлээ. Цаашид хөгжиж амьдрахын тулд олуулаа болох ёстой. Тиймээс хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас ээжүүд эмэгтэйчүүдийг дэмжинэ. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд ажилласан жилийг нэмнэ. Амаржсан болон жирэмсний тэтгэмжийг ямар ч тохиолдолд 100 хувь олгодог байх шийдвэр гаргасан. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Оюутан залуучуудад хандсан бодлого шийдвэрийн хувьд сургалтын төлбөр жил бүр хичээл эхлэхээр л асуудал болдог түүнийг мөн орхигдуулахгүй.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр эдийн засаг сэргэнэ гэдэг ойлгомжтой. Өнгөрсөн долоон сарын хугацаанд олон ажил хийснээр бага зэрэг ч гэсэн нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг маань машинаар зүйрлэвэл шар гэрэл нь асаад удчихсан байсныг нь унтрааж, сэхээнд байснаа жирийн тасаг руу шилжиж чадсан. Хонгилын үзүүрт ямар ч байсан гэрэл гарсан. Бүдэг гэрлийг тодруулахын тулд монголчууд хамтарч ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн. Монгол улс өнөөдөр хугацаа тулсан өргүй болсон, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх болсон, Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж арилжаалсан. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс эдийн засгаа сэргээх найдвар төрж эхэлсэн юм байна гэдэг нь харагдаж эхэлсэн. Удахгүй Чалькогийн өрийг төлнө. Тавантолгойн нүүрсийг дуудлага худалдаагаар худалдаалж түүхэндээ байгаагүйгээр нүүрсээ үнэ хүргэж зарж эхэлсэн. Монгол улс төр, хувийн хэвшил гэлгүй нүүрсний бодлого нэг цонхоор явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Нүүрсний уурхайн аман дээрээс нүүрсээ 72,5 ам.доллараар худалдаалж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын дэмжлэг туслалцаа, итгэлийг олж авах ёстой тул төр өөрөө сахилга баттай бүсээ чангалах ёстой. Яагаад гэвэл энэ буруу бодлогыг төр өөрөө явуулснаас болж өнөөдөр ийм байдалд хүрээд байна. Үүнээс цааш төр зардлаа хэмнэж, сахилга баттай байж, бүсээ чангалж эдийн засгаа сэргээнэ. Энэ нь ОУВС-тай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж ирдэг. Санхүүгийн сахилга баттай болно. ОУВС өмнө нь Монгол Улсад “Стэндбай” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байсан.  Харин одоо хэрэгжүүлж болохгүй гэж үзсэн. Монголын эдийн засгийн байдлыг үнэхээр хүнд байдалд аваачсан байнаа гэдгийг би биш тэд тооцоо судалгаагаараа гаргаж ирсэн. Дандаа гуйлга гуйж болохгүй, байгаа нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Монголчууд бид хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ашиглах хэрэгтэй. Малаа маллах, ногоо тарихаа хэнээр ч заалгахгүй хөдөө аж ахуйн салбараа түшиглэх ёстой. Одоо гол нь дэлхийд хөдөө аж ахуйгаа сурталчлах хэрэгтэй. Тиймээс “Атрын 3 дугаар аян” мах сүүний аяныг хэрэгжүүлнэ гэж МАН шийдвэр гаргасан. 60 сая малтай байж бид сүүгээ гаднаас импортоор авдаг. Ажил авснаас хойш ганцхан удаа гадаадад айлчилсан. Явах зав зай алга. Харин сайдуудаа гадаад явуулдаг. Явуулсаар байх болно. Тэд юм мэдэж бас авчирдаг. Тухайлбал мал эмнэлгийн тогтолцоо болохгүй байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй тул хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Мал эрүүлжүүлэх бодлогыг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд тохиролцож чадсан. Ингээд зөв хүнээ олоод зөв ажлаа тодорхойлж чадвал бидэнд боломж байгаа.

Монгол Улсын үйлдвэржилтийн бодлогыг гаргаж ирнэ. Өнөөдрийн зах хязгаар нутагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Бид алдаа гаргаж болохгүй, тийм ч эрхгүй. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах талаар анхаарч ажиллах шаардлага байгаа. “Эрдэнэс Монгол”-ын дэргэд агентлаг байгуулсан, тэр нь бараа бүтээгдэхүүнийг яаж дэлхийд гаргах вэ гэдгийг тодорхойлох ёстой юм. Тухайлбал монгол мал 200 төрлийн өвс тэжээл иддэг гэдгийг сурталчилж таниулж байж монгол мах дэлхийд үнэлэгдэнэ, танигдана. Энэ мэтчилэн зүйлүүдийг хэрэгжүүлэх гэхээр нөгөө л мөнгө хэрэг болно. Засгийн газар үүнийг нүүрснээс олно. Бидэнд бололцоо боломж байна. Өвөг дээдэс маань баялаг сайхан эх орныг өвлүүлж. Гэхдээ баялагтай гээд ухаж сэндийчээд байна гэсэн үг биш. Манай засгийн газрын уриа зорилго бол бага ярьж ихийг хийнэ. Зөндөө ярилаа. Одоо яриад байх цаг боломж байхгүй. Тэгэхээр хийх л үлдэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл (1)

  1. Very informative blog post. Will read on…

    http://linkarena.com/bookmarks/tags/sexy20nude20models

Сэтгэгдэл үлдээх