Hot Topic + Experts

Сунгаанд гарах 7 улстөрч бэлэн байгаа ч яаж шигших арга нь тодорхойгүй

О.Наранхүү 11,383 үзсэн1

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кандидат нь Ардын намд даанч тодорхой байгаа. Сонгуулийнхаа сурталчилгааг ч албан бусаар эхэлсэн бөгөөд гүйцэтгэх засаглал нь нэр дэвшигчдээ үйлчилж команд авсан мэт шуурхай ажиллаж эхэллээ. ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан нийгэмд үүссэн сөрөг сэтгэгдлийг арилгахаар Ерөнхий сайд хичээж байна, орон нутгаар тойрч энэ үүргээ биелүүлж ч эхэллээ.

Харин Ардчилсан намд байдал тодорхойгүй хэвээр. Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөхөөр энэ намаас Монгол Улсын баатар нэг, Ерөнхий сайд асан хоёр, Монгол Улсын сайд, парламентын гишүүн асангууд гурав, ардчиллынхан өнгөрсөн зун хуйгаараа сонгуульд бүдрэхэд босоо үлдэж одоогийн парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн нэг, нийт долоон хүчтэй улстөрч нам доторх сунгаанд өрсөлдөхөд бэлэн байгааг та дээрх зургаас харж байна.

Харамсалтай нь уяан дээр багталцаж ядан амаа аван дүүхэлзсэн морьд шиг, шүүгчийн буун дуунаар гараанаас гарах гэж байгаа гүйлтийн тамирчид шиг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн энэ олон өрсөлдөгчдөө дундаас нь хэрхэн яаж шигшиж, шалгаруулж гаргах нь туйлын бүрхэг байгаа юм.

Уг нь Ардчилсан намд шинэчлэлийн алхмууд хийгдсээр байгаа. Анх удаа намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонголоо, тэглээ гээд намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд дуртай хүнээ зүтгүүлсэнгүй, өөрөө яаж сонгогдсон тэр л зарчмаар гишүүдийнхээ санал хураалтаар  ирэх сонгуульд намаа төлөөлөх кандидатаа шалгаруулна гэлээ. Одоо ч гэсэн улс төрд шинэ үзэгдэл болж Үндэсний Бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-ныхоо гишүүдийг нийт гишүүдийнхээ санал хураалтаар сонгох гээд л байж байна.

Хэдийгээр зарчим, санаа нь зөв ч  цаг хугацаа тулчихсан, Дээд шүүхээс шинэ дүрмийг нь бүртгээгүйгээс ойлгомжгүй байдал үүсчихсэн тул бүрхэг гээд байгаа юм.

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана гээд Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт заажээ. Санал авах өдөр нь зургадугаар сарын 26 гэж товлосон учир ирэх тавдугаар сарын 02-06-ныг дуустал хугацаанд намууд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлж олон нийтэд зарлах ёстой.

Ардчилсан намд Үндэсний Бодлогын хорооныхоо гишүүдийг сонгуулиар сонгож, батлаад дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нам доторх сунгаагаар шалгаруулан төрийн тэргүүний төлөөх сонгуульд бултаараа ханцуй шамлан орж явчихад сар гарангийн хугацаа л үлдээд байна.

Гэтэл Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох гэтэл Дээд шүүх дүрмийг нь батлалгүй буцаачихсан, басхүү намын дарга С.Эрдэнэ хуучны ҮЗХ татан буугдсан, байхгүй гээд зарлачихсан байдаг. Шинэ дүрмэнд тусгагдсан дотоод бүтцийн байгууллагаа хуучин дүрмээр яаж байгуулах нь тодорхойгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд дор бүрнээ нэрээ дэвшүүлчихээд уралдааныхаа гараан дээр багталцахгүй шахам эгнэчихээд байгаа “тамирчид”-даа С.Эрдэнэ дарга нь ямар байдлаар дохио өгч гараанаас гаргах нь ойлгомжгүй.

Харин нөгөө талд өрсөлдөгчөө хоёр сонгууль дараалан далаар нь тавьчихаад байгаа, засгийн эрхийг атгаж байгаа нам хэдийнэ гараанаас гарчихсан пижигнүүлж байна. Эрх баригчид руу чиглэсэн сөрөг мессеж, сэтгэгдэл бүрийг залруулах кампанит ажлыг орон даяар ид өрнүүлж байна. Мэргэжлийн гэж байгаад Субботникийн нэртэй болсон Засгийн газрын ажил нь бүтэмжгүй, урагшгүй, олон нийтэд ихэд чичлүүлж буй ч бас ч гэж ямар нэг байдлаар ажил хийж байгаа тул нийгмийн сэтгэлзүй дээр тоглох олон янзын хөзөр атгаастай.

Харин Дээд шүүх замд нь тээглэчихээд яах нь ойлгомжгүй байгаа Ардчилсан намын хувьд цаг хугацаа Ч.Сайханбилэгийн хэлдгээр ёстой л хайчилчих гээд л байна.

Генсек асан Л.Эрхэмбаяр ажлаа өгөхөөсөө өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялагдсан ч манай намын дарга хариуцлага хүлээхгүй гэж улс төрийн хувьд утгагүй мэдэгдэл хийн “үхэхдээ үхэр буугаа тавьсан”. АН-ын 120 мянга гаруй гишүүнээс өрсөлдөөнөөр шалгарч намын дарга болоод удаагүй байгаа С.Эрдэнэ ч Монголын хоёр дахь том намын удирдагчийн үүрэг хариуцлагаа умартсан уу яасан, айсуй сонгуульд манай нам ялагдвал би огцрохгүй гэж хаяагаа манасан.

100 гаруй мянган хүний итгэл хүлээж анхныхаа улс төрийн том тулаанд орох гэж буй жанжин нь атал нэр дэвшигчээ ч тодруулаагүй мөртлөө цагаан тугаа өргөх гээд байгаа нь хачин жигтэй. Тиймээс Монголын улс төрийн нөлөө бүхий намын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж дотоод сонгуулийнхаа үйл явцаас үл хамааран сунгааныхаа дүрэм журам, цаг хугацааг яаралтай тодорхой болгохыг  улс төрийн нөхцөл байдал С.Эрдэнэ даргад тулгаж байна!

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to mention I’m all new to blogging and site-building and seriously savored your blog site. Almost certainly I’m want to bookmark your blog post . You surely come with impressive articles and reviews. Appreciate it for revealing your webpage.

Сэтгэгдэл үлдээх