Hot Topic + Experts

Субботникийн Засгийн газрын тэргүүний сургаал, айлдварууд

Н.Эрдэнэ 5,032 үзсэн18

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзах үеэрээ хэлсэн үг олны анхаарлыг татаж байна.

ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөл, шаардлага бүхий хөтөлбөрт хамрагдахаар болсон ч Ерөнхийлөгчийн сонгуультай тулчихаад бээрсэн ялаа шиг болчихсон эрх баригчдад тулгарч байгаа олны хандлагыг өөрчлөх даалгавар Гүйцэтгэх засаглалын тэргүүний толгой дээр ирсэн бололтой. Яах аргагүй дээгүүрээ идэж уугаад, доогуурх манийхаа бүсийг чангалах нь гэсэн олны бухимдалд хариу болгож Ерөнхий сайд “Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална” хэмээн онцолж, тайвшруулах гэжээ.

Түүний өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсныхаа дараа олон нийтэд иймэрхүү тайтгаруулах зорилготой, эдийн засаг сэргэж байна, одоо л сайхан болох нь, жаахан тэсээдхээч гэх өнгө аяс бүхий үгс удаа дараа хэлдэг байсныг санаж байна уу. Нөгөө талаар Ж.Эрдэнэбатын үгс яг л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн олон тоон дээр ингэцгээе, тэгцгээе, миний хувьд ийм байна, тийм байх ёстой гэхчлэн урсгадаг уран цэцэн үгстэй туйлын адилхан хэв загварт орж ирснийг анзаарахгүй байхын аргагүй. Бүр цаашлаад “Титэм үг” тэрлэгч болох ирээдүй бий гэдгээ ч Ерөнхий сайд маань харууллаа.

Гэхдээ энэ нь сэтгэл уярам үг төдий үлдэлгүй хийсэн ажил болж хувирах уу гэдэг л хамгийн гол нь.

Өөрийнхөө танхимыг Субботникийн хэмээн тодотгосон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын сургаал, айлдваруудаас түүвэрлэн хүргэж байна.


2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм.


Өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдлээ. Улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа.


Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалко” компанид Монгол Улс удтал төлж ирсэн  нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.


Бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.


Манай Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд гэрэл сүүмэлзэж, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо.


Эх орныхоо төлөө эр зориг гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байж,  ард түмнийхээ өмнөөс тэвчээр заах ээлж монгол төрийн албатууд та бидний өмнө ирж байна.


Хувийн хэвшлээ дэмжиж импортыг орлох нэр бүхий дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болголоо.


Гадаадын хөрөнгө оруулагчдыг  хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна.


Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно.


Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна.


Бидний бүх хүсэл мөрөөдөл бүхэн, сайхан зорилго болгон ганцхан мөнгөн дээр ирээд гацаж байгаа бөгөөд мөнгөний эрэл нь уул уурхайн ирмэгт тулаад зогсож байна.  Уул уурхай нь орчин цагийн технологи, хүчирхэг хамтрагч нэхэж байгаа.


Өнгөрсөнтэйгөө холбохгүйгээр өнөөдрийг дүгнэх аргагүй, өнөөдрийн шалтгааныг өчигдрөөс эрэхээс өөр замгүй гэдэг.


Гэхдээ “Өнгөрсөн түүхийн ололт ч миний багш, алдаа ч миний багш” хэмээн мэргэд сургасан.


Олон түмэн юуг илүүтэй хүсч байна вэ?  Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? гэдэг асуулт бидний өмнө байна.


Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч  мэдэрч байна.


Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе.


Одоо асуудалтайгаа нүүр тулж, өвчнийхөө голомтыг олж барьж авч, онож эмчилье. Та бүхэн надтай санал нийлэх байх.


Манай Засгийн газар, танхим шинэ замаар хуучин цагийн дуу аялж цааш алхахгүй, явахгүй.


Ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.


Монголын хууль цааз бүсээ чангална. Монгол төрийн сахилга бат бүсээ чангална.


Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй.


Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго.


Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр,  ердийн тийзнээс  2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажиллаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа  төлөөд яв.


Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар “Төрийн ёслолын журам”-д өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна.


Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо.


Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй.


Төрийн байгууллага, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн, хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла.


Би дахиад хэлье…


Та бид хамтдаа үүрч гарна. Юуны өмнө төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана. Туйлширч, улсын наадмаа таслах нь хаашаа юм, гэхдээ л төсвөөс санхүүжүүлэх, татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэтгэх бүхий л найр наадмаас түр татгалзана.


Үүний тулд төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя.


Эдийн засгийн хямралыг ч, авлигыг ч бид заавал ялах ёстой.


Ялж байж  монгол айл болгоны, монгол хүн бүрийн амьдралын чанарт ахиц, өөрчлөлт гарна. Тэрхүү ялалтыг манлайлах тугч нь төрд зүтгэж байгаа та бүхэн.

Сэтгэгдэл үлдээх