Other Voices

Ц.Элбэгдорж: Нэг мэнгэ нь голлосон, нүд нь эргэлдсэн алаг нүдтэй хоёр нөхөр тэр 49 хувийг тоглоом болгож байгаа байхгүй юү

Sonin.mn 13,629 үзсэн149

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:


Сая УИХ дээр хэлсэн. Та нар энэ Эрдэнэтийн 49 хувийн тухай ярихгүй шүү гэж.
УИХ-ын гишүүд шуугилдаад, уурлаад сүйд болж байна лээ. “Би та нарт үнэнийг хэлье. Хөөрхий, энэ Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, М.Энхболд даргад та нар зөндөө хүн шахах гэж оролдсон. Та нар олуулаа сонгогдсон. 65 гишүүн сонгогдсон.. Олны олон зовлон байгаа.  Нэг нь наад зах нь гурван хүн шахаж байгаа. Наадуул чинь хэн юм бэ? Алтан загасны эмгэн юм уу? Бүгдийг хэрэгжүүлэх юм уу, чадах уу, чадахгүй шүү дээ.
Нэгийг авсан, хоёрыг авсан, шүдэндээ зуучихсан л явж байгаа. 49 хувь гэж байгаад нэг тогтоол гаргая. Дараа нь хэрэгжүүлж чадсангүй гэж байгаад чамайг огцруулъя. Дараа нь би сайд болно гээд чи явж байгаа шүү дээ. Өнөөдөр өөрийгөө Сангийн сайд гээд бодчихсон. Маргааш өөрийгөө Хууль зүйн сайд гээд бодчихсон УИХ хурал дотор ингэж зүүдлээд хонож байгаа гишүүд зөндөө байгаа” гээд, би энэ байдлыг хэлсэн. Та нар 49 хувийг буруутгахыг шударга ёс гэж бодож байна уу, тэгж шударга ёс тогтдоггүй юм. Ажлын хэсэг байгуулаад шударга ёс тогтохгүй.
Би үнэн юм хэлье. Нэг мэнгэ нь голлосон, нүд нь  эргэлдсэн алаг нүдтэй хоёр нөхөр  хоорондоо тэр 49 хувийг шидэлцэж улс төрийн тоглоом болгож л байгаа байхгүй юү. Та бүхэн шударга яваасай гэж бодож байна уу, яг үнэндээ? Юу ч байхгүй, юу ч тогтохгүй.
Би дээрээ долоон ахтай, миний дөрвөн ах Эрдэнэтэд ажилладаг. Сая сар шинээр очоод золгоод ирлээ. Зүгээр л тэр айлд цугласан хүмүүс ярьж байна. За нөгөө шавьжнууд чинь буцаад цуглаж байгаа сураг байна. 49 хувийг хурааж авсан. Бөөн шахаа ирдэг. Үгүй ерөөсөө тэр хүмүүс бүгдийг мэдэх юм. Усан онгоцны сэлбэг хүртэл шахсан шүү гэж ярьж байгаа юм. Ямар хөгийн юм шахдаг юм бэ? Нэг шахаанаас тав дахин их ашиг олдог. Нөгөө Эрдэнэтийнхэн чинь бүгд мэдэх юм.
Үйлдвэрийн дэд дарга түүнд нь ажилладаг, 20 жил тэрийг тэр шахсан гээд бүх л зүйлийг мэдэх юм. Нууц биш ээ. Сая нөгөө 49 хувь нь хувийн хэвшилд очлоо гэхэд хяналт чангараад, тэр шахаа энэ тэр байхгүй болно гэхээр хүн бөөс хуурснаасаа сална гэдэг шиг Эрдэнэт шимэгч нараасаа салаад, нөгөөдүүл нь дайжаад гоё болж байсан юм байна. Одоо зүгээр буцаад арзайтал арзайтал ороод ирж байгаа юм байна. Одоо сороод ч юм гарахаа больчихсон гэж би хэлээд байгаа шүү. 30 жил ажиллана гэсэн үйлдвэр 39 жил ажиллаж байна шүү дээ. Бод доо, та бүхэн.
Одоо харин Эрдэнэт үйлдвэрийн оронд ямар үйлдвэр байгуулах вэ, ямар хөрөнгө оруулалт хийх вэ, яаж үүнийг өөд нь татах вэ гэдэг юмаа уг нь бодмоор доо. Өөр юм шаардах ёстой байхгүй юу, дансаа шилэн болго. Тэр худалдаж авсан бүх юмаа интернэтэд ил тод тавь.
Эрдэнэт үйлдвэрт юу хэрэгтэй юм. Тэр бүгдийгээ литрлэж болдог бол литрээр нь, килограммлаж болдог бол кг-аар нь тоолдог бол. Тоогоор нь тавьчих. Одоо дэлхий нээлттэй болчихсон. Тэр сэлбэг ямар үнэтэй гэдгийг манайхан бүгд мэднэ. Энд наймаа хийдэг залуу орж ирээд хамгийн хямд үнээр нийлүүлж чадна. Хамгийн сайн чанартайг нь нийлүүлж чадаж байгааг нь ав. Ингэж нээлттэй бол, шилэн бол. Олон улсын стандартад ор гэдгийг шаардах ёстой, уг нь бол. Тэр 49, 51 хувиас ч тэгж шаардах ёстой. Гэтэл нохойн замаар оруулж байгаа.
УИХ дээр ажлын хэсэг байгуулаад юм шийддэг гэнэ. Бид нар Бага Хурлын гишүүн байхдаа ингэж эхлүүлж байсан юм. 20 жилийн өмнө татгалзсан муу практик руу дахиад орж байгаа юм. УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байна гэвэл нохойн замаар оржээ гэж л бод, өөр юм бодох хэрэггүй.

Сэтгэгдэл үлдээх