Breaking

Хаалттай шүүх хурал өмнө оноосон ялыг хэвээр үлдээлээ

Ж.Бат-Ирээдүй 884 үзсэн2

Өнгөрсөн оны эцсээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал таван өдөр хаалттай үргэлжилж 2016 оны 12 дугаар сарын 27-нд шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял тус тус оноосон.

19 жилийн турш илрүүлж чадаагүй дуулиант гэмт хэргийн сэжигтнүүдийг гэнэт л олж илрүүлэн шүүх хурал хийж ял оноосон энэ бүх процессийг нэг л хуурамч, кино зохиол шиг, тавилттай явагдаад байна гэж олон хүн хардах болсон. Ялангуяа талийгаачийн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун анхан шатны шүүх хурлыг хаалттай явуулж байгааг эсэргүүцэн хуралд оролцоогүй нь маш том асуултын тэмдэг үлдээсэн. Тэрбээр эрхийнхээ хүрээнд шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч зохих шатны байгууллагууд нь үл зөвшөөрч, улмаар хаалттай шүүх хурал шийдвэрээ гаргаж шүүгдэгчдэд ял оноосон юм.

Харин үүний дараа хохирогч С.Оюун мэдэгдэл гаргаж, шүүхэд давж заалдах хүсэлтээ гаргасан. Хилс хэрэгт гүтгүүлсэн гэх шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын өмгөөлөгчид ч мөн давж заалдахаар болсон. Энэ дагуу өнөөдөр 09:30 цагт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн. Хуралд хохирогч талын төлөөлөл болох С.Баяр, түүний дүү С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нар оролцохоор ирсэн бол харин шүүгдэгчдийг биеэр оролцуулалгүй, цахимаар оролцууллаа.

Шүүх хурлын эхэнд хохирогч С.Баяр, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын өмгөөлөгчид хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ илэрхийлсэн ч өмнөхийн адил боломжгүй гэх хариултыг авсан юм. Хаалттай шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзсэн хохирогч С.Баяр шүүх хурлын танхимыг орхиж явснаар өмнө нь хохирогчийн талаас Г.Чулуунбат гэрчээс өөр оролцогчгүй болсон шүүх хурал энэ удаа шүүгдэгчгүй, хохирогчийн өмгөөлөгчөөс өөр хүнгүй шахам үргэлжилжээ.

Ийнхүү бүтэн өдөр үргэлжилсэн Давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Ийм шийдвэр гарна гэдэг нь анхнаасаа бараг л тодорхой байсан гэж хэлэхэд болно. Учир нь өнөө жил 19 дэх жилдээ орж байгаа энэхүү ээдрээт хэргийг үнэн мөнөөр илрэхийг хамгийн ихээр хүсдэг хүмүүс бол талийгаачийн ах С.Баяр, түүний дүү С.Оюун нар байсан нь тодорхой. Тэдний хэн нэг нь хохирогчийн хувьд маш нууцын зэрэгт авагдсан хавтаст хэрэгтэй танилцсан байгаа. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан хохирогчид шүүх хурлыг нээлттэй явуулаагүйг эсэргүүцэж хурлыг орхисноос дүгнэхэд хохирогчид шүүх хурлыг шударга явагдаж байгаад эргэлзэж байгаа нь харагдаж байгаа юм.

Сэтгэгдэл (2)

Сэтгэгдэл үлдээх