America/Europe

НҮБ-д Виталий Чуркины орон зай эзгүйрлээ

Э.Мөнхзаяа 896 үзсэн0

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш тус байгууллага дахь Оросын төлөөлөгч Виталий Чуркин таалал төгссөнд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийллээ.

“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Оросын дипломат албанд 40 гаруй жил ажиллаж, НҮБ дахь Оросын элч төлөөлөгчдийг 10 гаруй жил толгойлж байсан элчнээ таалал төгссөнд гүн эмгэнэж байна. Хэрвээ тэр байсан бол хоёрдугаар сарын 21-нд 65 насаа тэмдэглэх байлаа” хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.

Зөвлөлийн гишүүд Чуркины гэр бүлд, түүнчлэн Оросын Засгийн газар, ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Би дөнгөж Нью-Йоркоос ирээд л элч төлөөлөгч, нэрт дипломатч Виталий Иванович Чуркиныг гэнэт таалал төгссөн тухай сонсоод үнэхээр их балмагдлаа” хэмээн мэдэгдэлдээ дурджээ. НҮБ-ын генсекийн бичсэнээр Виталий Чуркины нөхцөл байдлыг ойлгодог зан, чадварлаг байдал, нөхөрсөг зан нь түүнд үгүйлэгдэх болно гэжээ. Үүнээс гадна тэрээр НҮБ-д үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэнэ. НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ сарын 20-нд Нью-Йоркт 65 насны ойгоо тэмдэглэхээс нэгхэн хоногийн өмнө гэнэт өөд болсон юм.

Байнгын төлөөлөгчийн орлогч Владимир Сафронковын “Рейтер” агентлагт мэдээлснээр Чуркин НҮБ дахь Оросын элч төлөөлөгчийн ажлын байрандаа байх үедээ гэнэт бие нь муудсан гэнэ. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч сэхээ авалгүй нас баржээ. Одоогоор үхлийн нарийн шалтгааныг нь тогтоогоогүй байна. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлснээр Виталий Чуркин ойрын хэдэн өдөр “BuzzFeed” порталд гарсан нэгэн нийтлэлд ихэд бухимдаж байсан гэнэ.

Энэ сарын 15-нд сайтад гарсан “Оросын дипломатчийн аймшигт үхэл буюу сонгуулийн өдөр түүний толгойг хэн тоншив” хэмээх уг нийтлэлд Нью-Йорк дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын техникийн ажилтны үхлийг АНУ-ын сонгуульд Оросын тагнуулынхан оролцсонтой холбосон аж. Эргэн сануулахад АНУ-д сонгууль болдог өдөр Ерөнхий консулын ажилтан Сергей Кривов ажлын байран дээрээ нас барсан гэнэ.

Оросын ГХЯ-ны сайтад “Оросын нэрт дипломатч ажлын байран дээрээ таалал төгслөө. Виталий Иванович Чуркины ойр дотныхон, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичжээ.

НҮБ-ыг Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2002-2011 онд НҮБ-ын Женев дэх салбарын ерөнхий захирал байсан Сергей Оржоникизе “НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн ажил маш хүнд. Би үүнийг ямар байдгийг мэднэ. Дипломат алба дотроо хамгийн хүндэд нь орно гэж боддог. Зүгээр л хоёр талт харилцаан дээр ажиллах биш, дэлхийн өмнө тулгарсан бүхий л асуудалд хандах хэрэг гардаг. Виталий Чуркин хувь хүн талдаа маш авьяаслаг, шогч хүн байсан. Тэрээр НҮБ-д Оросын ашиг сонирхлыг чадварлагаар хамгаалж, нөхдийнхөө хүндлэлийг хүлээсэн хүн байсан” хэмээжээ.

Виталий Чуркин нь 1952 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн. 1974 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж, ЗСБНХУ-ын ГХЯ-нд ажиллаж эхэлсэн байна. эхний жилүүдэд тэрээр орчуулгын хэлтэст ажиллаж байгаад 1980-аад оноос АНУ дахь ЭСЯ-ны хоёрдугаар, дараа нь нэгдүгээр нарийн бичгийн дарга болжээ. Чуркин 1989 онд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1992 онд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд болсон аж. Тэрээр гадаадын сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл тогтмол өгдөг Оросын анхны дипломатч байлаа. Чуркин 1994-1998 он хүртэл Бельги дэх Оросын Элчин сайд, НАТО-гийн дэргэдэх Оросын элчингээр ажиллаж байгаад 1998-2003 онд Канад дахь Оросын Элчин сайд болжээ. Харин 2006 оноос НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан аж.

Сэтгэгдэл үлдээх