America/Europe

АНУ-д “Цагаачидгүй өдөр”-өөр 100 гаруй цагаач иргэн ажлаасаа халагджээ

Ш.Самбуу 503 үзсэн1

АНУ-д 100 гаруй хүн “Цагаачидгүй өдөр” эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсоныхоо төлөө ажлаасаа халагджээ. Учир нь, уг арга хэмжээг зохион байгуулагчид энэ сарын 16-нд цагаачдыг ажилдаа явахгүй, дэлгүүр, кафе орохгүй, хүүхдүүдээ ч сургуульд нь хүргэж өгөхгүй байхыг уриалсан аж. Үүгээрээ тэд АНУ-д цагаачид ямар чухал хүмүүс болохыг ойлгуулахыг хичээсэн байна.

Гэвч Коммерс-Сити дэх “JVS Masonry” барилгын компанийг үүсгэн байгуулагч Жим Серовски “CNN”-д өгсөн ярилцлагадаа ажилдаа ирээгүй 30 орчим тоосго өрөгчөө харамсах зүйлгүй халсан гэж мэдэгджээ. Тэрбээр “Та нар итгэж найдаж явсан зүйлээ өмгөөлж хамгаалахыг хүсч байвал үүнийхээ шанг амсахад ч бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээжээ. Серовски өмнө нь ажилчдадаа ажилдаа ирэхгүй бол ямар шийтгэл хүлээхийг анхааруулж байсан гэнэ. “Хэрвээ та нар ингэх л юм бол компанидаа хохирол учруулна. Харин та нар багийнхаа эсрэг явбал уг багийн гишүүн биш болно шүү” хэмээн хэлсэн гэнэ.

Оклахома мужийн Талса хотод энэ өдөр 12 хүн ажилгүй болсон талаар “Fox News” мэдээлсэн байна. Тэд Латин Америкийн орнуудаас ирсэн бөгөөд хотын ресторануудад ажилладаг байжээ. Теннеси мужийн Ноленсвилль хотод 18 хүн халагдсан бөгөөд тэд байшин, байр будах компанид ажилладаг байжээ.

АНУ-ын томоохон хотуудад өнгөрсөн пүрэв гарагт хэдэн арван дэлгүүр, ресторан, кафе үүдээ нээгээгүй юм. Тэр ч бүү хэл Вашингтон дахь Пентагоны барилгад байрладаг зарим кофены газар ажиллаагүй байна. Олонх бизнес эрхлэгчид, ялангуяа АНУ-аас өөр газар төрж өссөн хүмүүс ажилчдаа дэмжиж, энэ өдөр ажилдаа ирэхгүй байхыг зөвшөөрчээ. Ийнхүү “Цагаачидгүй өдөр” арга хэмжээнд оролцогчид өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан зарлигт эсэргүүцлээ илэрхийлжээ. Трамп уг зарлигтаа лалын шашинтай голдуу долоон орноос хүмүүсийг ирэхийг хориглоод дүрвэгсдийг хүлээн авах ажиллагаагаа зогсоосон билээ. Цагаачлалын энэхүү зарлигаас болж АНУ даяар эсэргүүцэл дэгдэж, бизнесийнхэн ч шүүмжлэл өрнүүлсэн юм.

Энэ үйл явдлын дараахан Вашингтон мужийн Сиэтл дэх Холбооны шүүхээс зарлигийг дагаж мөрдөхийг зогсоох шийдвэр гаргажээ. Хууль зүйн яамнаас энэ шийдвэрээр давж заалдахаар зэхэж байна. Трамп өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ цагаачлалыг хязгаарласан шинэ зарлиг гаргахаа амласан. “Associated Press” агентлагийн мэдээлснээр Цагаан ордон шинэ зарлигтаа дахиад л Иран, Ирак, Сири, Йемен, Сомали, Ливи зэрэг долоон орноос ирсэн хүмүүсийг улс орондоо нэвтрэхийг хязгаарлахаар болсон гэнэ. АНУ-ын олон хотод амралтын өдрүүдэд Трампын бодлогыг эсэргүүцсэн арга хэмжээ болсон юм. Нью-Йоркт л гэхэд лалын шашинтнуудыг дэмждэг хүмүүс гудамжинд гарч жагссан бол Бостонд Трампын цаг уурын өөрчлөлтийн тухай үзэл бодолд дургүйцсэн хэдэн зуун хүн эсэргүүцэл дэгдээжээ.

Сэтгэгдэл (1)

  1. Very interesting details you have noted, thanks for posting.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх