Editorial

Н.Жанцанноровтой, байлдагч Дэндэв, дэд хурандаа Раднаатай, “Тусгай салаа” киноны дуу эгшиглэсэн цэнгүүн

Politik.mn 9,531 үзсэн0

“…Бид бүхэн авьяасаа дайчилж, агуу их монгол түүхээ дэлхийн тавцанд үнэлүүлэх цаг ирсэн, нэг сайн кино нэг уурхайтай тэнцэж эдийн засагт үр өгөөжөө өгдөг цаг үе”, “…Уран бүтээлч миний үзэл бодол хүртэл өөрчлөгдөж том хүүгээ оюутан цэрэгт явуулсан”, “…Бид Унгарын Будапештэд Бат хаан дайлаар очсон лугаа киноны камертайгаа тэр орой буусан” гэх мэтчилэн халуун дулаан яриа өрнөсөн уран бүтээлийн цэнгүүн өчигдөр Централ Тауэрт болсон юм.

Энэ бол Берлиний олон улсын кино наадмын үеэр Cinema for Peace буюу “Энхийн төлөө кино” шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртсэн баяраа хуваалцсан, дурсамжаа сэргээх, цаашдын зам мөрөө ч тодорхойлох үдэшлэг байлаа.

Cinema for Peace шагналыг Best Supporter буюу энхийн төлөө киног дэмжигч төрлөөр “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, “Тусгай салаа” телевизийн олон ангит кино, “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн гурамсан төсөл хүртсэн билээ.

Энэхүү уран бүтээлийн томоохон төсөлд хамтран ажилласан багийнхан, уран бүтээлчид, батлан хамгаалах салбарынхан, нийгмийн зүтгэлтнүүд нэгэн орой үе үеийн монгол цэргийн дайчин замналыг дурсаж, уран бүтээлийн баяр хийлээ.

145A0784 copy

Цэнгүүнд тухайн үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан, кино төслийн зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Монгол Улсаас Бүгд найрамдах Унгар улсад Онц бөгөөд  Бүрэн эрхт элчин сайдаар сууж байсан хатагтай О.Эрдэнэчимэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, хошууч генерал З.Болдбаатар, цэргийн түүх судлаач доктор Х.Шагдар, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав, шагнал хүртсэн гурван киноны цэргийн зөвлөх, хошууч генерал М.Борбаатар агсны хань Д.Ома нарын олон хүн уригдан оролцлоо.

 “Догшин хар сүлдний нууц” баримтат киноны продюссерээр Цогсүрэнгийн Ганболд, найруулагчаар Л.Ариунжаргал, зохиогч, хөтлөгчөөр А.Батпүрэв, зураглаачаар Б.Пүрэвдорж, хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, редактороор Д.Цэрэнжав, зураачаар Б.Нямхүү, компьютер графикчаар Г.Булгантамир, дууны найруулагчаар С.Саруул нар ажиллаж, тайлбарыг Р.Мөнхсайхан, Ж.Дарамсүрэн нар уншжээ.

“Тусгай салаа” олон ангит кино, “Тусгай салаа-2” уран сайхны киног Монголын үзэгчид, олон нийт андахгүй. Нэгэн үе монголчуудыг, хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан тус киноны уран бүтээлчид энэ цэнгүүнд хүрэлцэн ирсэн байлаа. “Байлдагч Дэндэв”-ийн дүрээр олны танил болсон жүжигчин Т.Эрдэнэбаяр киноныхоо дууг дуулж оролцон, сэтгэлийн үгээ хэлсэн бол цэргийнхний төдийгүй энгийн үзэгчдийн дунд ч хит болсон “Тусгай салаа” хэмээх дууг олон түмэнд хүргэсэн Fire хамтлагийн дуучин Д.Даваадалай, “Тусгай салаа-2” уран сайхны киноны дууг дуулсан Чингис хаан хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар түмэнд түгсэн дуунуудаа эгшиглүүлсэн.

Энэ үеэр дэд хурандаа Раднаагийн дүрийг “Тусгай салаа” кинонд бүтээсэн МУСТА жүжигчин Д.Золбоот, уг киноны зохиолыг бичсэн А.Амарсайхан нарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Жуух бичгээр шагнасан юм.

145A0392 copy

УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ шагналыг Монголын уран бүтээлчдийн багт энхийн цагт зэвсэгт хүчин, цэрэг армийн ач холбогдол ямар байх ёстойг олон улсад харуулах гэж өгсөн гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улс хүн ам болон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувьд бусад улс оронтой харьцуулахад харьцангуй цөөн боловч манай зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулагч топ 20 орны эгнээнд орж чадсан. Манай дайчид өндөр нэр хүндтэйгээр олон улсын халуун цэгүүдэд үүргээ гүцэтгэж байгаа.

Тэдний гавьяаг үнэлж, бидний энэ бүтээлийг олон улсын тавцанд гаргасанд туйлаас баяртай байна. Торгон авьяасаараа цэрэг иргэний харилцааг бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж, Монголын нийгэмд батлан хамгаалах, зэвсэгт хүчний үнэлэмжийг өндөрт өргөсөн гавьяатнууд нь энэхүү төсөлд ажилласан уран бүтээлчид та бүхэн юм. 2010, 2011 онд эдгээр уран бүтээлийг туурвиж монгол үзэгчдийн хүртээлд хүргэсэн тэр жим сая Берлинд “Энхийн төлөө” олон улсын шагнал хүртсэн зам боллоо.

Уран бүтээлчид та бүхэн авьяасаа дайчилж, Монголынхоо агуу их түүхийг дэлхийн тавцанд киногоор гаргах бололцоотой цаг үе ирж байна. Өнөөдөр нэг сайн кино ашиг орлогоороо бүхэл бүтэн уурхайтай тэнцэж, баялаг бүтээх гайхалтай боломж болон хувирсныг Германы алдарт Рейхстагийн ордонд Холливудын том ододтой уран бүтээлийн яриа өрнүүлж суух зуураа бид мэдэрсэн” хэмээсэн.

145A0428 copy

“Догшин хар сүлдний нууц” баримтат киноны продюссер Ц.Ганболд “Нэг сэдэвтэй манай гурван бүтээл хамтдаа олон улсын түвшинд үнэлэгдлээ. 2011 онд Богд хаант Монгол Улсын анхны таван яамдын нэг Бүх цэргийн яамны 100 жилийн ой тохиосон. Энэ ойд зориулсан манай шилдэг уран бүтээлчдийн өргөл нь “Догшин хар сүлдний нууц” баримтат кино байсан юм. “Догшин хар сүлдний нууц” кинонд Модун шаньюйгаас өгсүүлээд эзэн Чингис, эдүгээгийн энхийг сахиулагчид хүртэл туг сүлдээ болгож ирсэн бүх цэргийн хар сүлдний хийморь огшсон. Энэ кино манай цэрэг дайчдын халуун дэмжлэг, шууд оролцоогоор бүтсэн тэдний өөрсдийнх нь бүтээл юм. Монгол цэргийн хийморь сүлд бидний уран бүтээлчдийг олон улсад хүлээн зөвшөөрүүллээ” гэж хэллээ.

“Тусгай салаа” киноны продюссер Ц.Оюундарь киноныхоо нийт уран бүтээлчдэд баяр хүргэж дурсгалын цом гардуулангаа “Зуун зуунаар алдартай Монголын цэрэг армийн бахархам түүхэд “Тусгай салаа” киноны уран бүтээлчид бид өөрсдөө уусч, шатаж дүрэлзэж эдгээр киног бүтээсэн. Үүнийг маань олон улсад анзаарлаа. Манай кино цэрэгт дургүй олон залуусыг цэргийн хуаранд хөтөлсөн. Би хүртэл Америкт сураад ирсэн хүүгээ “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулж, тэндээс жавхалзсан, золбоотой эр хүн болоод гарч ирэхийг хараад ийм кино хийлцсэнээрээ бахархсан” хэмээсэн юм.

Дашрамд дурдахад шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу Монголын эх орончдын өдөр гуравдугаар сарын 1-нд NTV телевиз олон улсын шагналт “Догшин хар сүлдний нууц” баримтат киног үзэгчдэд хүргэх ажээ.

145A0355 copy
145A0414 copy

145A0653 copy

145A0443 copy 145A0449 copy 145A0477 copy   145A0350145A0679 copy 145A0706 copy 145A0771 copy

Сэтгэгдэл үлдээх