Asia/Africa

Казахстан эдийн засгийн хөгжлөөрөө Итали, Францыг гүйцэж түрүүлжээ

Э.Мөнхзаяа 1,109 үзсэн1

     ЗХУ задарсны дараахан Төв Азийн орнууд эдийн засгийн өсөлтөд хүрэх өөр өөрсдийнхөө замналаар явж эхэлсэн билээ. Энэ үйл явдлаас хойш 26 жил өнгөрөхөд зарим нь амжилтад хүрч, зарим нь азгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Эдийн засгийн эрх чөлөөний түвшин нь эдийн засгийн өсөлтийн үндсэн нөхцөлийн нэг бөгөөд Төв Азийн орнууд энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн муучуудын тоонд багтаж байна.

Вашингтоны хамгийн том аналитик төвүүдийн нэг болох “Heritage Foundation”-ээс дэлхийн 180 улсын эдийн засгийг үндсэн 12 үзүүлэлт дээр тулгуурлан “Эдийн засгийн эрх чөлөөний индекс” гаргажээ. Тэд өмчийн эрхийн хамгаалалт, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт төрийн зохицуулалтын түвшин, төрөөс бизнесийг хэрхэн дэмждэг тухай, татвар, хууль, хөдөлмөрийн салбарын бодлого гэсэн үзүүлэлтийг харгалзан үзжээ. Судалгаагаар Төв Азийн орнууд дотроо эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт болон эдийн засгийн хөгжлөөрөө яах аргагүй Казахстан тэргүүлж байна.

Тус улс өнгөрсөн онд 68 дугаар байрт бичигдэж байснаа энэ онд 42-т бичигдэж, эрс урагшилжээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан тус улс энэ чансаагаараа Франц, Италийг гүйцэж түрүүлэн Японтой (40 дүгээр байр) бараг нэг түвшинд ирсэн байна. “Heritage Foundation”-ы тэмдэглэснээр Казахстан улс эдийн засгийн өндөр түвшнийхээ нөлөөгөөр сүүлийн 10 жилд томоохон амжилт гаргаж буй юм. Тус улсын ДНБ 429 тэрбум ам.доллараас дээш гарч, нэг хүнд ногдох ДНБ нь 24.268 ам.доллар болжээ. Харин эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж үзүүлэлт нь сүүлийн таван жилд тав орчим хувь болсон байна. Эдийн засгийн хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн тус улс цаашид ч баялгаа нэмэгдүүлэх төлөв гарчээ.

Тэгвэл хөрш Киргиз улс нь 89 дүгээр байрт бичигдэж, Казахстанаас маш их хоцорч байна. “Heritage Foundation”-ы тэмдэглэснээр тус улс асар их нөөц бололцоотой хэдий ч улстөрийн тогтворгүй байдал, эрх баригч бүлгүүдийн үйл ажиллагаанаас болж томоохон шинэчлэл хийж чаддаггүй аж. Үүнээс гадна авлига хаа сайгүй цэцэглэж, хууль сулхан, өмчийн эрхийг хамгаалалт муу байгаа нь эдийн засгийн өсөлтийг хойш чангааж байна. Тус улсын ДНБ ердөө 20 тэрбум ам.доллар байгаа бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 3.363 ам.доллар болжээ. Эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж үзүүлэлт нь таван жилийн хугацаанд 4.5 хувь орчимд хэлбэлзэж байгаа бөгөөд өндөр өсөлтөд хүрэхийн тулд нэлээд их өөрчлөлт шаардлагатай байна.

Тажикистан 109 дүгээрт оржээ. Төв Азийн энэ улс өнгөрсөн жилийн чансаанаасаа нэлээд урагшилсан боловч эдийн засгийн эрх чөлөөгүй орнуудын тоонд багтсан хэвээр байна. Тус улс дэд бүтцээ сайжруулж, үйлдвэрлэл явуулахад таатай нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байгаа аж.

Бүс нутагтаа эдийн засгийн салбартаа дээгүүрт бичигдэх хамгийн өндөр найдлагатай байсан Узбекистан 148 дугаар байрт оржээ. Мөн Төв Азийн орнууддаа Туркменистан 170-д орж, сүүл мушгив.

Монгол Улсын хувьд 129 дүгээр байрт бичигджээ. Харин Куба, Венесуэль, Хойд Солонгос улс энэ жагсаалтын сүүлийг мушгиж байна.

“Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ээр топ 10 улс

1. Хонконг 2. Сингапур 3. Шинэ Зеланд 4. Швейцарь 5. Австрали 6. Эстон 7. Канад 8. АНЭУ 9. Ирланд 10. Чили

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master