Hot Topic + Experts

ОУВС-гаас “тэнийсэн гар” буюу урт удаан хэлэлцээний нууц

О.Наранхүү 13,174 үзсэн3

Монголчууд удтал хүлээсэн Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах тасалбар авлаа. Монголчууд ч юу байх вэ, эрх баригчид өөрсдөө л Засгийн халаасанд мөнгөтэй болохыг удтал хүлээж, харин олон нийт тэдний ямар арга сүвэгчилж, аль замаар улс орноо газарчлахыг анхааралтай ажиглаж байлаа.

Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг шиг өмнө нь Монгол Улс ОУВС-тай гэрээ байгуулж хэрэгжүүлж байсан нэлээн боломжийн хөтөлбөр бус эдийн засгийн бүх зохицуулалтаа найр тавин өгөх хамгийн онцгой, хатуу чанд шаардлагатай хөтөлбөрийг л авах боломжтой болжээ.

Эрх баригчид аль өнгөрсөн намраас хойш ОУВС-тай урт, удаан хэлэлцээ хийж, эргэж буцаж, нааш цааш явж, Хятад ч юмуу өөр бусад улсын гар тэнийхийг харзнаж байсны нууц ийм байж.

Бид өмнө нь Валютын сангийн Стэнд бай (Stand By Arrangement), Бүтцийн  өөрчлөлтийг  өргөн  хүрээнд  санхүүжүүлэх (Enhanced  Structural  Adjiustment  Facility буюу ESAF), хөтөлбөрт хамрагдаж байсан. (Standby Credit Facility – SCF гэх хөтөлбөр ч бий).

Одоо ОУВС-гаас тулган хүлээлгээд байгаа Өртгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (Extended Fund Facility буюу EFF) -т хамрагдсанаар Монгол Улс энэ байгууллагын гол хоёр хөтөлбөрт хамрагдсан цөөн хэдэн орны нэг болж түүхэнд үлдэх юм.

Энэхүү хөтөлбөрийн тухай хэвлэлүүд хангалттай дурдаж байгаа тул ОУВС-гийн түүхээс сонирхуулъя.

Олон улсын валютын сан 1944 оны долдугаар сард АНУ-ын Бреттон Вүүдс хотод болсон НҮБ-ын Олон улсын валют санхүүгийн Бага хурлын шийдвэрээр байгуулагджээ. Энэ цаг үе бол Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ болон Холбоотон орнууд фашист Германыг ялах нь нэгэнт тодорхой болсон цаг. Дайнаар хамгийн их ашиг олсон америкчууд дайн дууссаны дараа Европын сэргээн босголтод зориулж их хэмжээний зээл гаргаж, үүнийгээ чамгүй хүүтэйгээр эргүүлэн авах төлөвлөгөө боловсруулсан нь Бреттон Вүүдсийн систем бөгөөд энэхүү системийг хэрэгжүүлэгч санхүүгийн байгууллагууд нь ОУВС, Дэлхийн банк байлаа.

Анх ОУВС-гийн дүрмийг баталсан хэлэлцээрт 39 орон нэгдэж гарын үсэг зурсан бөгөөд 1945 оны XII сард уг хэлэлцээр хүчин төгөлдөр болж албан ёсны үйл ажиллагаагаа Вашингтонд 1947 оны III сарын 1-нээс эхэлжээ.

Дайны дараа ОУВС-гийн зээллэгт хамгийн түрүүнд Франц улс хамрагдсан. Араас нь бусад Европын улсууд ч зээлд хамрагдсан бөгөөд дэлхий нийт АНУ, ЗХУ гэсэн хоёр туйлт системд хуваагдсанаар ОУВС, Дэлхийн банк нь Америк тэргүүтэй орнуудын талд түлхүү үйлчилж байв.

АНУ тэргүүтэй орнуудын Зөвлөлтийн нөлөөллийн соц орнуудад явуулсан улс төр, нийгмийн бодлогод ОУВС гүнзгий оролцож байлаа. Дэлхий нийтийг хуваагаад байсан хоёр лагерийн алинд ч хамрагдаагүй орнуудыг хөрөнгө мөнгөөр татах Америкийн гол зэвсэг ч гэж тооцдог байв. Жишээ татвал Африк тивд Заир буюу Конго улсын дарангуйлагч Мобуту нь коммунист дэглэмийг үзэн ядагч байсан бөгөөд түүнийг ОУВС-гийн мөнгөөр америкчууд угжиж байсан. Румыний коммунист дарангуйлагч Чаушеску хүртэл Зөвлөлтийн нөлөөг хязгаарлах үүднээс ОУВС-тай түншилж их хэмжээний хөрөнгө мөнгө татаж байв.

1973 онд Бреттон Вүүдсийн систем нуран унасан гэгддэг ба үүний дараагаас буюу 1974 онд зээл тусламж олгохын зэрэгцээ тухай улсынхаа нийгэм, эдийн засгийн байгуулалд гүнзгий нөлөөтэй оролцдог хөтөлбөрүүдийг бий болгосны нэг нь одоо Монгол Улсын Засгийн газрын сонгоод байгаа EEF хөтөлбөр юм.

1990-ээд онд соц лагерь нуран унаснаар Зөвлөлтөөс тусгаарласан болон бусад соц орнуудад зориулж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийг нь сольж зах зээлийн эдийн засаг руу шилжүүлэх зорилго бүхий Бүтцийн өөрчлөлтийг санхүүжүүлэх хөтөлбөр (SAF), Бүтцийн  өөрчлөлтийг  өргөн  хүрээнд  санхүүжүүлэх хөтөлбөр (ESAF) хэрэгжүүлж эхэлсэн.

Яг энэ хөтөлбөрүүд хэрэгжих зориулалттай улсын нэг нь яах аргагүй Монгол Улс байсан тул 90-ээд онд ОУВС-гаас манай улс руу гурван ч удаа их хэмжээний мөнгө өгсөн байдаг.

2017 оны хоёрдугаар сарын 19. Монгол Улсад бий болоод байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай болсон зээл тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар удаан хугацааны туршид Олон Улсын Валютын Сантай хэлэлцээ хийж байгаа билээ. Энэхүү хэлэлцээрийн талаар Сангийн яам мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

1991  оны  хоёрдугаар  сарын  14-нд  “ОУВС-гийн  хэлэлцээр”  (IMF Articles of Agreement)-ийг  хүлээн  зөвшөөрснөөр манай улс тус  сангийн  гишүүн болж дүрмийн  санд  нь тодорхой хэмжээний мөнгө тушааж элссэн байдаг. Улмаар Стэнд бай хөтөлбөрийн дагуу тэр жилийнхээ аравдугаар сард 20  сая  ам.долларыг 6.5  хувийн  хүүтэй  зээлж, 1997 онд бүрэн төлж барагдуулсан байна. Хоёр жилийн дараа буюу 1993 онд Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөрт хамрагдсанаар 44.8 сая ам.доллар 0.5  хувийн хүүтэй зээл авч байж.

Улмаар яг энэ хөтөлбөрөө хоёр дахь удаагаа хэрэгжүүлж 1997-2000 онуудад нийтдээ 23.7  сая ам.доллар авч байлаа.

Ийнхүү зах зээлийн шинэ системд шилжиж байгаа манай улсыг АНУ тэргүүтэй орнууд идэвхийлэн дэмжиж байснаар ОУВС-тай манай улс түншилж байсан түүх ийм. 2007 оны байдлаар 90  гаруй  орон,  түүний  дотор  Армен,  Гүрж,  Киргиз, Монгол,  Молдав,  Румын,  Словак  зэрэг  шинээр  зах зээлд шилжиж байгаа орнууд энэ зээлийг авсан байна.

Одоо энэ байгууллагын гишүүн орнууд 200 дөхөж, дэлхийн улс үндэстнүүд тэр чигээрээ хамрагдаж байна гэж хэлж болохоор сүрхий өргөжсөн гэсэн үг.

Удирдах дээд байгууллага нь Захирлуудын зөвлөл бөгөөд бүрэлдэхүүнийг нь таван жилийн хугацаатай сонгодог аж. Өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдлагаар хангах үүргийг Гүйцэтгэх зөвлөл хариуцдаг. Энэ зөвлөл 24 гишүүнтэй, найм нь дүрмийн дагуу Валютын санд хамгийн их хөрөнгө оруулсан орнууд АНУ, ХБНГУ, Их Британи, Франц, Япон, сүүлд шинээр нэмэгдсэн Хятад, ОХУ, Саудын Араб тус тус шууд томилж, үлдэх 16 гишүүнийг бүс нутгийн төлөөллийг оруулж сонгодог гэнэ. Гэвч АНУ-ын нөлөө энд маш их гэгддэг.

Энэхүү гүйцэтгэх зөвлөлийн хурлаар аль улсад ямар хөтөлбөрийг сонгож хэрэгжүүлэхийг шийддэг аж. Тэгэхээр манай хоёр хөрш болон 90-ээд оноос хойш Монголд маш өргөн хүрээтэй санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн Япон улсын төлөөлөл ч одоо манай улсад хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийг ярилцаж шийдсэн байж таарна.

Гэхдээ ОУВС мөнгө бэлэглэгч бус зээлдүүлэгч, дээр нь тухай улс орныхоо нийгэм эдийн засгийн амьдралд гүнзгий хутгалдан ордог тул сөрөг жишээ ч хангалттай үлджээ.

80-аад оны Мексикээс авахуулаад 90-ээд онд Румын, Югослав, Руанда зэрэг улсууд ОУВС-гийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж сэхэх нь бүү хэл дефолт буюу дампуурал зарлаж, иргэний дайн, хуваагдал бутралд тулж сүйрч байсан тохиолдол цөөнгүй. Одоо ч олон улсын халуун цэгийн нэг хэвээрээ байгаа Украины эдийн засгийг сэргээхээр ОУВС их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа боловч эргээд ард түмнийх нь нуруун дээр асар хүнд ачаа оногдсон тул энэ улс хэзээ мөдгүй тэсэрч дахиад л жагсаал цуглаан, хувьсгал, иргэний дайны босгон дээр тулчихаад байна.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан орнуудын туршлагаас харахад иргэдийн халамжийн бодлого руу хамгийн түрүүнд гараа дүрж нэг ёсондоо тооны машин дахь эерэг үр дүнгийн төлөө иргэдийн амьжиргааг үнсэнд хаядаг тухай Украины жишээгээр Оросын хэвлэлүүдэд олонтаа дурддаг аж.

Өчигдөр Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлаас харахад ч EFF хөтөлбөрт хамрагдахын тулд манай улс тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах арга хэмжээнд хамгийн түрүүнд өртөх ажээ. Яг одоо Украин ч тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна, энэ жишээг харвал араас нь Монгол орно гэсэн үг.

Тэтгэврийн насыг нэмнэ гэдэг нь шулуухан хэлвэл Монгол шиг эрүүл мэндийн салбар нь элгээрээ уначихсан, эрүүл мэндийн даатгалын систем нь ойлгомжгүй, дампуу улсад тэтгэвэр авах иргэдийн насыг нас баралтын үзүүлэлт рүү ойртуулах аргаар тэтгэвэр, тэтгэмж авагсдыг цөөрүүлэх арга хэмээн хүний эрхийн хуульчид үздэг байна.

Иймэрхүү түүхтэй, алдаа оноо, сайн муу олон үр дагавар араасаа дагуулдаг хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газар сонгож биш, тулгуулж орж байна.

Сэтгэгдэл (3)

  1. Usually I don’t learn article on blogs, but I wish to say that this write-up very pressured me to take a look at and do so! Your writing taste has been surprised me. Thank you, quite great article.

    http://www.edsheeran.co.uk

  2. I simply want to mention I’m newbie to blogging and site-building and absolutely loved your web page. Most likely I’m going to bookmark your website . You actually come with amazing articles. Thanks for revealing your blog.

  3. I just got done eating a platter of spaghetti before visiting your site. It sure makes the full feeling all that much better.

    http://www.highlandavenuewristwatch.com

Сэтгэгдэл үлдээх