Chronicle

Байнга төвийг сахих санаачилга: Дэмжлэг ба шүүмжлэл

Э.Зотол 1,904 үзсэн9

2015-09-07. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс байнга төвийг сахих тухай” санаачлага дэвшүүлсэн нь “Монгол-төвийг сахих” нэртэйгээр зарим сонин хэвлэлүүдэд нийтлэгдлээ. Үүндээ “Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа батласнаас хойш төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэйгээр хэрэгжүүлж ирлээ. Харин хэлбэрийн талд түүнийгээ тунхаглаагүй байгаа юм. Энэ бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Тэрээр энэ асуудлыг нийтээрээ тунгааж хөндөн ярилцахыг уриалаад төвийг сахих статус болон түүний эрх зүйн байдлын талаар зарим мэдээллийг хавсарган хэвлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

2015-09-08. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс /ҮАБЗ/ Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд зөвлөмж гаргав.

2015-09-11. Монголын геополитикийн хүрээлэнгийн захирал Ж.Чойнхор “Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн тодорхой зүйл ангид өөрчлөлт оруулах, найруулан засах шаардлага гарна байх. Үүнийг дагаад мөн Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлтийг тусгах шаардлагатай болно” гээд төвийг сахих статустай болсноор манай улс олон улсын хамтын ажиллагаанаас тусгаарлагдана гэсэн үг огт биш хэмээн мэдэгдэв.

2015-09-14. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газраас тогтоол гаргаж, Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгах талаар ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт, энэ талаар олон улсын сонорт хүргэх, Монгол Улсын энэ статусыг дэмжих НҮБ-ын шийдвэр гаргуулах талаар холбогдох арга хэмжээг авахыг Гадаад хэргийн сайдад даалгажээ.

2015-09-14. Дипломатч Д.Баярхүү “www.news.mn” сайтад төвийг сахих баримтлалын талаар ярилцлага өгчээ. Үүндээ Монгол тусгаар тогтнолоо 1911 онд тунхаглаж байхдаа тэр үеийн удирдагчид нь гуравдагч хөршийн эрэлд гарч аргаа барагдтал ажилласан. Дараа нь 1920-иод онд эл баримтлал Жамсрангийн Цэвээний үзлээр цааш хэлбэржсэн бөгөөд “СССР, Хятад хоёроос баталсан, олон улсаас хүлээн зөвшөөрөгдсөн төвийг сахих статустай улс болох хэрэгтэй. Үлгэрлэвээс Швейцарь лугаа адил буй” хэмээн бичиж байсныг дурджээ. Д.Баярхүү цааш хэлэхдээ “Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сая ОХУ-д айлчлахдаа тус улсын Гадаад хэргийн сайд С.Лавровт энэ талаар тайлбарлан таниулсан. Оросын тал зөвшөөрөн хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн манай улсын хөгжлийн сонгосон замыг хүндэтгэнэ гэсэн БНХАУ-ын байр суурь хэвээрээ гэдэг нь мэдээж. Ерөнхийлөгч санаачилгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулган дээр ёс төртэй зарлана“ гэв.

2015-09-17. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны Олон улсын холбооны зөвлөлийн ээлжит бус хуралд оролцохдоо Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Дидье Бургхалтертай уулзаж, Монгол Улс  байнга төвийг сахих бодлого баримтлах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.

2015-09-22. Элчин сайд Ж.Энхсайхан “Төвийг сахих бодлого бол улс орны аюулгүй байдлыг улс төр, эдийн засгийн аргаар хангах буюу бэхжүүлэх нэг арга хэрэгсэл мөн боловч тухайн улсын бодлогыг тодорхой хэмжээнд хязгаарладгаараа онцлогтой. Газар зүйн байршлаа бодвол эдийн засгийн хувьд “төвийн сахих” бодлого явуулах бодит боломж байгаа эсэхийг бодолцох ёстой болов уу? Гэвч ҮАБЗ-өөс нэгэнт зөвлөмж гаргасан тул байнга төвийг сахисан бодлого явуулахдаа дээрх асуудлыг харгалзан үзэх нь зүйтэй санагдана” гэж “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.

2015-9-29. АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол Улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байна” гэж мэдэгдэв.

2015-10-04. ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Орос, Төв Ази судлалын төвийн эрхлэгч Г.Базарваань “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө, төвийг сахина гэдэг бол том бодлого. Хэний ч талд орохгүй, өөрөөр хэлбэл Орос, Хятадын болон гуравдагч хөршийн талд орохгүй гэсэн бодлого юм. Үүнийг ард түмэн ойлгож, дэмжих ёстой гэжээ.

2015-10-06. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар “Төвийг сахисан статустай улс оронд ямар нэгэн аюул занал үүссэн үед тусламж авах, олон улсын, НҮБ-ын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ихээхэн хугацаа шаардагдах учир үүнийг тооцож, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, чадваржуулах, зэвсэг техникийн боломжийг нэмэгдүүлэх, шаардлагатай үед бие даан цэргийн ажиллагаа явуулах нөхцөл, нөөцийг бүрдүүлэх нь чухал байна. Аль нэг оронтой бусдаас илүү түвшинд цэрэг, техникийн хамтын ажиллагаа явуулахаас татгалзаж, үндэсний батлан хамгаалах үйлдвэрлэл, дэд бүтцийн суурийг тавьж эхлэх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

2015-10-17. “Монгол Улс 2000 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай болсон. Тэр үеэс өнөөг хүртэл ажиглагчийн байр сууриа барьж ирлээ. Хоёр хөршийн зүгээс энэ байгууллагадаа гишүүнээр элс гэдэг шахалт үзүүлдэг. Бид НҮБ-ын индэр дээрээс төвийг сахих бодлогоо зарлачихаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхгүй байх боломжтой. Бид хоёр хөрштэйгөө ойртоод ирэхээр гадаадын хөрөнгө оруулалт зогсчихдог байсан бол одоо хөрөнгө оруулалт сэргэнэ” гэж ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн захирал Ж.Баясах онцлон тэмдэглэв.

2015-10-20. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-д өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын тогтоолын төслийг хамтатган боловсруулсан байна.

2015-10-24. “Өөрийгөө батлан хамгаалах чадвартай байх нь байнга төвийг сахихын баталгаа болно. Батлан хамгаалах чадвартай байхын тулд дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээхгүйгээр бусад улстай, тэр тусмаа цэргийн эвсэл, холбоодтой ч хамтран ажиллах, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломжтой бөгөөд төвийг сахих нэрийн дор үүнийгээ хязгаарлаж болохгүй” гэж Элчин сайд О.Очиржав анхааруулав.

2015-10-26. Гадаад харилцааны ахмад ажилтан Д.Моононцагаан хэвлэлд бичихдээ “Аливаа улс орон гадаад бодлогын ийм чухал асуудлаар санаачлага гаргахын өмнө маш их бэлтгэл хийдэг. Хөрш зэргэлдээ орнууд, гурав дахь хөрш гээд маш олон талын санал бодлыг наад зах нь тандаж үзэх, хоёр болон олон талын шугамаар судлах, санал солилцох идэвхтэй үйл ажиллагаа явуулах, дотооддоо олон түвшинд хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн саналыг авах гэх мэт өргөн ажил хийдэг. Гэтэл энэ удаа тийм юм болоогүй бололтой” гэжээ.

2015-10-27. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2015-10-30. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимбал Галт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзах үеэрээ “Монгол Улсаас хэрэгжүүлэх гэж буй төвийг сахих бодлогын талаар АНУ анхааралтай харж, судлаж байгаа” гэж тэмдэглэн хэлэв.

2015-11-05. УИХ –ын гишүүн Г.Уянга “Төвийг үл сахих нь” нэртэй өгүүлэл бичиж нийтлүүлэв. Тэрээр “Бидний оршин байгаа бүс нутаг ихээхэн цэцэглэн хөгжсөн, амар амгалан, маргаан зөрчилгүй, худалдаа наймаа саадгүй байх нь бидний эрх ашиг. Түүнээс Ойрхи Дорнод, Хойд Африкийн хямралд хутгалдаж цэргээ илгээж сүржигнэх нь манайх шиг жижиг улсын амбиц биш. Яаж ч бодсон энэ бол манайд наалдац муутай, хэт барууны улс төрийн бодлого. Харин хоёр болон жинхэнэ гуравдагч хөрштэйгөө стратегийн түншлэлээ бэхжүүлэх шаардлага бол төвийг сахихаас илүү чухал байна.

…Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувь хүн төвтэй элдвийн пиар ажиллагаа, сонин гажиг үйлдлүүдийг дотооддоо бид “хүлээн зөвшөөрдөг”. Харин тэр гажиг үйлдлүүдээрээ улсаа, үндэстний ирээдүйг хорлож болохгүй гэж бичжээ.

Мөн өгүүлэлдээ УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-д хийсэн айлчлалын /2015-09-25/ үеэр хөндөгдсөн нэгэн яриаг дурджээ. Тодруулбал, энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ярьж байгаа төвийг сахих бодлогыг та бүхэн ярилцаад санал нэгдэн зарлаж байгаа юу? Энэ нь юу болохыг ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй гэсэн үг” хэмээн хэлсэн гэжээ.

Сэтгэгдэл үлдээх