America/Europe

Д.Трамп: Дэлхийгээр дүүрэн алуурчин байна, манайд ч алуурчид байна

Н.Төгсмандал 16,470 үзсэн1

Исламын шашинт долоон орны иргэдийг Америкийн хилээр орж ирэхийг хаасан Трампын шийдвэр дуулиан дагуулсаар эцэстээ бүр Дээд шүүх нь хориг тавиад амжив. Британийн арал Европын холбооноос эдийн засаг, геополитикийн түвшинд тусгаарлах алхам хийж байх зуур АНУ-ын Ерөнхийлөгчөөр тодорсон тэрбумтан эр яах аргагүй дэлхий дахины өөрчлөлт, хувьслын түүчээ болж байна. Дэлхийн бүх л улс орнууд Трампын гаргаж байгаа шийдвэрүүдээс улбаалан ямархуу байр суурь баримталж шинэ үеийн геополитикийн тоглолтод оролцохоо шийдэж ядаж байна.

ТЕГ нь хүртэл Трампыг холбож тодотгоод байсан, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд далдаас нөлөөлсөн гэж үзсэн ОХУ хүртэл Атлантын цаадах гүрний шинэ удирдагчтай яаж харилцах ёстойг битүүхэн ажиглаж байна. Хэдийгээр Трамп, Путин нар хэд хэдэн удаа холбогдож ярилцаад амжсан ч хоёр удирдагч хэзээ нэгэн цагт уулзах үедээ тэврэлдэн, үнсэлцэхгүй нь лав тодорхой болов. АНУ-ын өмнөх засаг захиргааг хатуу шүүмжилж, Орос, Америкийн харилцааг эргэн харж буй Трампад оросууд талархаж байгаа ч Цагаан ордноос гарч эхлээд байгаа дуулиант шийдвэрүүдэд бас л эргэлзээтэй хандаж байна. Яагаад гэвэл Трампын гараас гарч байгаа тушаал, шийдвэрүүд Орос байтугай жижиг улс гүрний эрх ашгийг хөндөх болчихоод байгаа учраас. Тиймээс ч оросууд Трамптай сүйд болж тэврэлдээд байхгүй гэдгээ олон улсад харуулж байна.

Саяхан Доналд Трамп Америкийн телевизийн Fox News сувгийн сэтгүүлч Билл О Рэйлийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцож Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш анх удаа хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа дуулиан дэгдээсэн нэг хэрэг явдал гарсан нь Трамптай ярилцагч сэтгүүлч Билл О Рэйл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “алуурчин” хэмээн хэлсэн юм. Үүнээс нь болж Кремлийн зүгээс мэдэгдэл хийж Fox News сувгийг уучлал гуйхыг шаардсан.

Билл О Рэйли Владимир Путиныг “алуурчин” хэмээн хэлсний хариуд Ерөнхийлөгч Дональд Трамп “Тэгвэл бид өөрсдөө юу хийснээ харъя. Бид олон алдаа хийсэн. Жишээ татвал, би анхнаасаа эсрэг байр суурьтай байсан Иракийн дайныг нэрлэж болно. Олон ч хүн амь үрэгдлээ. Дэлхийгээр дүүрэн алуурчин байна. Манайд ч алуурчид байна. Та юу гэж бодож байна. Манай улс гэмгүй гэж үү” хэмээн уур амьсгалыг зөөлрүүлсэн хэдий ч хожимдсон гэдгийг Кремлийн мэдэгдэл харуулж байна.

Ийнхүү Доналд Трамп явсан газартаа л дуулиан дагуулж байна.

БНАСАУ, тэр байтугай БНХАУ-ыг хүртэл Трамп сүрдүүлээд амжсан. Обама, Клинтон нарын засаглалын үеэс огт өөр шийдэмгий, хурц ширүүн бодлого ирэх дөрвөн жилд Цагаан ордноос гарна гэдгийг Хятад ч тэр, Америкийн шүдний өвчин байсаар ирсэн Умард Солонгос, Иран ч харлаа.

Бүхнээс түрүүнд Доналд Трамп ахдаа Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Иорданы ван Абдулла нар очиж “золгосон”-ыг харвал бүс нутгууд дахь Америкийн гол түншүүд хэвээр байх нь харагдаж байна. Мөн Трампын тангараг өргөснөөсөө хойш 18 орны төрийн тэргүүнтэй утсаар ярилцсан явдлыг ч бас л Америкийн гадаад бодлогын хүрээнд онцгой ач холбогдолтой улсуудыг сонголоо хэмээн үзэж болж байна.

Цагаан ордноос ч “Америкийн үндэсний аюулгүй байдалд үзүүлэх ач холбогдлоор” нь сонгож холбогдсон хэмээн тайлбарлаад байгаа.

Энэ дунд Си Зиньпин байхгүй байгаа нь олон улсын шинжээчдийн сонирхлыг татаад байгаа юм.

Юу гэх гээд байна вэ гэхээр Хятад, АНУ-ын харилцаа хэрхэх нь Орос-Америкийн харилцаанаас илүү анхаарал татаж байгаа юм.

Доналд Трампыг тангараг өргөхийн өмнөхөн Ким Чен Ун алсын тусгалтай пуужингаа туршина гэдгээ мэдэгдсэн. Энэ бол Америкийн шинэ ерөнхийлөгчид илгээж буй нэг ёсны “баярын цахилгаан утас” хэмээн ажиглагчид тайлбарлаж байгаа. Доналд Трамп ч хариуг нь барьж ийм зүйл болохгүй, бидэнтэй хийх худалдаанаас их ашиг орлого олдог Хятад ийм үед дуугүй байж, манай гадаад бодлогод хор хохирол учруулаад байх нь зохимжгүй, хүлцэхийн аргагүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Нэг ёсондоо Доналд Трамп Азийн том гүрнээр Ким Чен Уныг хазаарлуулах сонирхолтой. Гэвч яагаад ч юм Трамп Тайванийн удирдагчтай утсаар ярилцсан. Си Зиньпинийг ийнхүү шууд алгасч байгаа нь хэрэг дээрээ Никсоны үеэс америкчуудын хүлээн зөвшөөрч ирсэн “Нэг Хятад” бодлогыг зөрчиж байгаа хэрэг.

Ийм зориг гаргасан Америкийн анхны Ерөнхийлөгч бол Трамп болж байна.

Эндээс л Доналд Трампын засаг захиргаа “Нэг Хятад” бодлогод яаж хандах нь ойлгомжгүй болсон бөгөөд манай урд хөршийн хамгийн эмзэг утсыг хөндчихөөд байна.

Олон улс Доналд Трампыг ажиглаж байгаатай адил монголчууд ч гадаад бодлогоо хэрхэн уялдуулах вэ, манай улсын эрх ашиг яаж хөндөгдөх вэ гэдгийг сайн анзаарч байх хэрэгтэй юм.

Сэтгэгдэл (1)

  1. I got what you intend,saved to my bookmarks, very nice website.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх