Hot Topic + Experts

Тэрбум долларын гэнэтийн төмөр зам ба “Том гар”

О.Наранхүү 15,301 үзсэн3

Монгол Улсын Засгийн газрын гишүүдээс Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат бусдаасаа илүү сүйхээтэй ажиллаж байгаа бололтой. Тэрээр Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд, УИХ-ын спикер нь хүртэл энд тэндгүй яваад мөнгө олохгүй байгаа цөвүүн цагт ТЭЗҮ-г нь хятадуудаар үнэгүй хийлгэх тохироотой, тэрбум ам.долларын өртөгтэй шинэ төмөр зам барихаар, улс төр, бизнесийн их гарын тоглогч гэдгээ харуулан төрийн ордонд даналзаж байна.

Ингэж тодорхойлохын учир нь түүний ахалсан ажлын хэсгээс өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх юм. Энэ тогтоолын төслийг Засгийн газар оны өмнөхөн өргөн мэдүүлсэн ба лхагва гаригт Эдийн засгийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг нь хийж, маргааш нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Тэрбум ам.долларын “гэнэтийн” төмөр зам

Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн ойролцоогоор 281 км төмөр замыг 1 тэрбум ам.долларын өртгөөр шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлэх аж. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу нэн түрүүнд барьж байгуулах төмөр замын төсөл нэгээр тогтохгүй Монгол Улсад байгаа.

Олон жилийн өмнөөс цаасан дээр бичигдэж, эхнээсээ баригдаж эхэлсэн төмөр замуудын урдуур энэхүү 281 км төмөр замын шинэ төсөл юуны учир ногоон гэрлээр дайрч орон батлагдахаар дуншиж эхлэв?

“Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” хэмээн 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 4.1.2-т заасны дагуу Зүүнбаян-Хангийн энэ төмөр замыг 1520 мм буюу өргөн царигаар барихаар төлөвлөжээ.

Төсөл санаачлагч нь энэ төмөр замыг барьж байгуулснаар “БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх төмрийн хүдэр, зэсийн баяжмал, түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, тээвэрлэлтийн өртөг зардал буурах боломж бүрдэнэ” хэмээн үзсэн байна.

Мөн Бугат хот дахь төмөрлөг боловсруулах цогцолбор руу жил бүр 908 км зам туулан Монголоос тээвэрлэгддэг 4.5 сая тонн төмрийн хүдэр 590 км зам туулан 10-15 сая тонн болж өсөх юм байна.

Төслийн ачаа тээврийн хэмжээний таамаглалд бичсэнээр төмрийн хүдрээс гадна нүүрс, газрын тос, хайлуур жонш, Цагаан суваргын зэс молибден тээвэрлэгдэнэ.

Төмөр зам барих өртгөө алдарт Тавантолгой – Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын өртгийг жишиг болгон 1 тэрбум ам.доллар хэмээн тооцжээ.

“Женко”-гоос өнөөдрийг хүртэл буюу Их гарын тоглогч

Хятадын компанийн хөрөнгөөр ТЭЗҮ-г нь хийлгэхээр тохирч өнгөрсөн арванхоёрдугаар сард санамж бичиг байгуулж, гарын үсэг зурчихаад байгаа, “Женко” Х.Баттулгын өнөөх “танк явдаггүй” өргөн царигтай баригдах 281 км төмөр замын төслийг ногоон гэрлээр батлуулах гэж буй Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гэж хэн бэ?

Хүү Г.Хүрэлбаатар нь нийгэмд шуугиан дэгдээгээд байгаа Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудалд нэр нь хутгалдсан, өөрөө төмөр замын том төслүүдэд гараа лавхан шургуулсан оролцоотой Д.Ганбат сайд бол Ж.Эрдэнэбатын танхимын жинхэнэ мэргэжлийн сайд бөгөөд их гарын тоглогч бололтой.

Тэрээр 2015 оноос хойш “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын сайд М.Энхсайханы Тавантолгойн төмөр замтай холбоотой асуудалд “хориг” тавьж тэрслэн зогсож байсан. Түүнийг “Женко” Х.Баттулгын ашиг сонирхлыг хамгаалж ийн Засгийн газартайгаа тэрсэлдэж байсан гэх юм билээ.

Бүр эртний түүх яривал Д.Ганбат 1986 онд Политехникийн дээд сургуулийн Тээврийн эдийн засаг, зохион байгуулалтын ангийг төгсөөд 1993 он хүртэл Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байж.

Харин ардчилал гарч нийгэм солигдсоны дараахан Гадаад хэлний дээд сургуульд элсэн орж хятад хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн байх юм.

Боловсролын энэхүү сонголт нь түүний хойшдын замналд ихээхэн нэмэр болсон бололтой. 1996-1998 онд БНХАУ-ын Тяньжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн  байнгын төлөөлөгч, 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт даргаар ажиллаж хятад хэлтэй тээврийн эдийн засагчийнхаа ид шидийг харуулж явж.

Магадгүй энэ байдал нь ч өнөөдөр барих гэж байгаа төмөр замынхаа ТЭЗҮ-г Хятадын компаниар үнэгүй хийлгэх яриа хэлцэлд нь давуу тал болсон биз.

“Том” аавын “том” хүү

Төмөр замыг амин судсаа болгосон гэмээр “Женко” Х.Баттулгын үед ч төмөр замтай холбоотой онц чухал мест дээр байсан, Ардын намын өнгөн дээр ч энэ салбараа атгасан сайд болж чадсан Дангаагийн Ганбатын хүү Ганбатын Хүрэлбаатарын тухай цухас дурдъя.

Д.Ганбат сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Том хүү маань Монголдоо ажиллаж байгаа. Хятад, Америкт сургууль төгссөн. АНУ-д дээд сургуулиа төгссөнийх нь дараа Саудын Арабт сарын 7000 ам.долларын цалинтай банкинд ажиллах урилга ирүүлэхэд нь би явуулаагүй” гэжээ.

Тэгвэл сайд аав нь гадагшаа явуулаагүй хүүгийн нэр Монголын зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагджээ.

Тодруулбал УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд “…Монголын Зэс корпораци ХХК-ийг Худалдаа Хөгжлийн банкинд ажиллаж байсан Г.Хүрэлбаатар гэгч анх 2012 онд Жумейра нэртэйгээр ганц гишүүнтэйгээр байгуулсан, 2014 онд дээрх компани Эм ди Пи нэртэй охин компани байгуулж, мөн ондоо Эн Ди Кей хэмээн нэрээ өөрчилж, 2016 оны гуравдугаар сард Монголиан Коппер корпораци болсон‚ 2012-2016 онд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх баримт байхгүй”, “Канетик компани 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэрээс худалдан авах зэсийн баяжмалыг” барьцаалуулсан зээлийн гэрээнд Жумейра компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ Монголиан Коппер корпорацид шилжүүлсэн” хэмээн тус тус дурдагджээ.

Сайд аавын Сауд руу явуулаагүй хүү ийнхүү бас л том гарынхны тоглолтод хутгалдаж Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа луйвар, булхайн арга хэрэглэсэн гэгдээд байгаа ХХБ, Монголын Зэс корпорацитай салшгүй холбогдсон байна.

Одоо харин аав нь Тавантолгойн төмөр замаас түрүүнд Зүүнбаян – Ханги – Мандал- Бугат хэмээх маршруттай, 1 тэрбум ам.долларын өртөгтэй, 281 км төмөр замыг бариулахаар парламентад зүтгүүлж байна. МАН-ын парламент дахь гишүүд хүртэл түүний өргөн барьсан тогтоолд тулгамдаж, хэлэлцэхэд бэлэн биш байгаа нь өмнөх хуралдаануудаас харагдаж байлаа.

Байнгын хорооны эхний хэлэлцүүлэг дээр Ч.Хүрэлбаатар гишүүн ихэд эсэргүүцэж ганцаараа эсрэг кноп дарсан байдаг.

Мөн Х.Болорчулуун гишүүн “Аймаг болгоноос л төмөр зам урагшаа чиглэх хандлагатай болж. Ярьж ярьж энэ олон төмөр зам дотроос хамгийн түрүүнд барих ёстой эдийн засгийн үр ашигтай нь Тавантолгой – Гашуунсухайтын төмөр зам гэж байсан. Одоо тэрийгээ ярихгүйгээр хамгийн түрүүнд Зүүнбаян – Ханги – Мандалын төмөр замыг оруулж ирж байна. Тэр тийм Тавантолгойн нүүрсээ өгөхөөс илүү эдийн засгийн хурдан шуурхай үр өгөөжтэй юмуу, эргээд улсын өр зээл дээр дарамт болох юм биш биз дээ”, Л.Энхболд гишүүн “Даахгүй нохой булуу хураана гэгчээр өмнөх асуудлаа шийдээгүй байж дараагийн асуудлаа барьж давхих нь аль хэр зөв юм бол доо”, Д.Гантулга гишүүн “2010 онд баталсан бодлого маань тэр ондоо багтаагаад олон замын ажил эхэлнээ гээд л тогтоол гаргаж байсан байна. Одоо Засгийн газар маань бас л Их хурал дээр улс төрийн асуудал болгоод өргөн нарийн гэж хоёр хуваагаад тавина, тавихгүй гээд ач холбогдлоор нь эрэмбэлээд сайн, мууг нь дуудаад явахаар бүгдээрээ л эдийн засгийн янз бүрийн үр дагавар дагуулна. Нэг шийдэл гаргачихлаа гэхэд гурван жил далан бариад дараагийн засагтаа хүлээлгэж өгөх үү” хэмээн тус тус эргэлзээтэй байр сууриа илэрхийлж байв.

Харин Эм Си Эс-ийн ашиг сонирхлыг төлөөлдөг гэгддэг Л.Энх-Амгалан гишүүн ихэд бухимдангуйгаар төмөр замын өргөн, нарийн цариг ярьж Д.Ганбат сайдыг сүрхий загнана лээ. Магадгүй Л.Энх-Амгалан гишүүний бухимдлаас Д.Ганбат сайдыг “Женко”-гийн хүн гэх хэвлэлийнхний хардлага батлагдаж байх шиг.

Сэтгэгдэл (3)

  1. I’ve read some just right stuff here. Certainly value bookmarking for revisiting. I wonder how much effort you put to create one of these magnificent informative site.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх