Other Voices

В.И.Матвиенко “Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй гэсэн үг шүү” гэсэн

ganaa.mn 507 үзсэн0

УИХ-ын гишүүн Г.Уянга:

Манай Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “байнга төвийг сахих” бодлогоо зарлахын өмнө УИХ-ын чуулганд энэ талаараа мэдээлсэн билээ. Түүний дараахан биднийг Орост айлчилж очиход ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн дарга В.И.Матвиенко “Ерөнхийлөгч Элбэгдоржийн ярьж байгаа “төвийг сахих” бодлогыг та бүхэн ярилцаад санал нэгдэн зарлаж байгаа юу? Энэ юу болохыг ойлгож байгаа гэж найдаж байна. Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй гэсэн үг” гэж шуудхан хэлнэ лээ.

З.Энхболд дарга “Манай Ерөнхийлөгч энэ талаараа Владимир Владимировичтой санал солилцсон юм билээ” гэлээ. Тэгсэн байх. Манай Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчид энэ талаараа дуулгах нь дуулгасан бололтой. Таамаглавал, ноён В.В.Путин “Тэгж болохгүй шүү, нөхөөр. Нөгөө стратегийн түншлэл мүншлэл чинь будаа болно шүү” гэж шууд хэлэхгүй нь лав. Анхааралтай сонсож толгой дохиод “Хорошо” гээ биз. Түүнийг нь манай хүн “Сайн байна” гэж байна гээд ойлгочихоогүй байлтай.

ОХУ гадаад байтугай дотоод бодлогодоо ягштал нэг байр суурьтай байгаа учраас В.И.Матвиенкогийн үгийг харин В.Путины хэлж байгаа үг гэж төвөггүй ойлгож болно.

Урд хөршид ч зөвхөн энэ талаар онцгойлон асууж байна гэж тэнд очоод ирсэн гишүүд ярьж байна. Манай Ерөнхийлөгч “төвийг сахих” шинэ “үзэл”-ээ зарласан нь Монгол Улсын урьд өмнө байгуулсан стратегийн бүх яриа хэлэлцээрийг уг сууриар нь хөндсөн, анхаарал татахуйц, ноцтой асуудал болжээ.

Сэтгэгдэл үлдээх