America/Europe

Трампын ажлын эхний өдөр

Politik.mn 2,003 үзсэн0

Тангараг өргөж, албан ёсоор ажилдаа ороод байгаа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн эргэн тойрон дахь элдэв мэдээллийг багцлан хүргэж байна.

Цөмийн бөмбөгийн улаан товчлуур

nuclear-football-bag

Доналд Трамп баасан гаригт “цөмийн чемодан” буюу америкчуудын хэлдгээр “nuclear football”-ыг хүлээн авчээ. Энэ цаг мөчөөс эхлэн уг цүнх нь төрийн тэргүүний дэргэд байнга байх юм. Олон хүн шинэ Ерөнхийлөгчийнхөө огцом зан төлөвтэй холбогдуулан таагүй үр дагавар үүсгэхээс сэргийлж, бодлогогүй үйлдэл хийхийг нь зогсоох боломж байгаа эсэхэд санаа зовниж байна. Цөмийн пуужин хөөргөх шийдвэрийг зөвхөн Ерөнхийлөгч л хувиасаа гаргах ёстой бөгөөд үүнд нь хэн нэгэн саад хийхийг хориглодог.

Гэхдээ үүнд саад болох хоёрхон арга зам бий. Батлан хамгаалахын сайд хэрвээ Ерөнхийлөгчийнхөө сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх шалтгаантай бол энэхүү зарлигийг биелүүлэхээс татгалзаж болно. Гэхдээ энэ нь цэргийн бослоготой дүйцэхүйц асуудал юм. Ерөнхийлөгч түүнийг шууд огцруулж, цөмийн пуужин хөөргөх шийдвэрийг дэд сайдад нь дамжуулах эрхтэй. Хоёрдугаарт, дэд ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчөө сэтгэцийн эмгэгтэй гэж зарлаж, уг шийдвэрт саад хийх боломжтой. Ингэхийн тулд тэр сайд нарын танхимын олонхийн дэмжлэгийг хүлээсэн нөхцөлд л цөмийн товчлуур дээр даруулахгүй байж болох гэнэ.

Цагаан ордон ба Трамп цамхаг

ivanka11Доналд Трамп Цагаан ордонд ирж суурьшиж байна. Гэхдээ түүний эхнэр Мелани, 10 настай хүү Бэррон нар нь Нью-Йоркийн “Трампын цамхаг”-таа дахиад хагас жил амьдрахаар төлөвлөжээ. Трампын тайлбарласнаар хүү хувийн сургуулийнхаа хичээлийн жилийг дуусгах ёстой, түүнээс өмнө өөр сургуульд шилжүүлэхгүй гэж байгаа гэнэ. Бэрроныг ангиа төгссөний дараа Мелани хүүтэйгээ Цагаан ордонд ирэхээр болсон аж. Харин Трампын зөвлөхүүдийн мэдээлснээр тэрээр ажлынхаа хажуугаар боломж л гарвал Нью-Йорк руу эхнэр, хүүхдээ эргэхээр болжээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Доналд Трамптай хамт 35 настай охин Иванка нь Цагаан ордонд ирж байгаа бололтой. Улстөрчид ч Иванкаг АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж магадгүй гэж үзэж байна. Учир нь тэрээр эхнэр Меланигаас нь илүү Ерөнхийлөгчид нөлөө үзүүлж чадах хүн юм. Иванка Трамп сонгуулийн аяны турш аавыгаа дэмжиж, уулзалтуудад нь оролцож, нэмэлт дуу хоолой нь болсоор ирсэн. Амжилттай яваа бизнес эмэгтэй, олон хүүхдийн эх тэрээр эмэгтэйчүүдийг Трампын талд татахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн.

Доналд Трампаас өнгөрсөн наймдугаар сард сонгуульд ялсан тохиолдолд багтаа ямар эмэгтэйг авах гэхэд “Сонголт маш их байна. Гэхдээ л би Иванкаг ав, Иванкаг ав гэж хэлэх байсан” хэмээн хариулсан удаатай. Иванкад улс төрийн туршлага гэх зүйл байхгүй. Аавд нь ч мөн адил. Тиймээс ч тэр Цагаан ордонд Ерөнхийлөгчийн хамгийн ойр дотны хүмүүсийн тоонд орох өндөр магадлалтай.

Ерөнхийлөгчийн “Твиттер”

Доналд Трамп өмнөх Ерөнхийлөгчөөс “цөмийн чемодан”, Цагаан ордонтой хамт 13.7 сая дагагчтай @POTUS (Preseident of the US) хэмээх “Твиттер”-ийн албан ёсны аккаунт хүлээн авчээ. Харин Мелани Трамп @FLOTUS (First lady of the US) хэмээх аккаунттай болсон байна. Мелани Трамп албан ёсны аккаунтдаа анхны жиргээгээ тавьсан байна. Тэрээр “Энэ сайхан улсын тэргүүн хатагтай болно гэдэг  миний хувьд асар том нэр хүнд юм” гэж жиргэжээ.

Обамагийн өмнө нь @POTUS-аар бичиж байсан бүх зүйлийг устгажээ. Ийнхүү Трамп шинэ Ерөнхийлөгчийн хувиар бүх зүйлийг шинээр бичих боломжтой болжээ. Гэхдээ Дональд Трамп хувийн аккаунт болох 20.5 сая дагагчтай @realDonaldTrump-аа үргэжлүүлэн ашиглана гэж мэдэгджээ. Тэрбээр “шударга бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-ийн халдлагаас хамгаалахын тулд үүнийг үргэлжлүүлэхээс аргагүй болсон гэжээ.

Трамп “Надад жиргэх нь тийм ч их таалагддаггүй ээ. Гэхдээ үүнийг хийхээс өөр аргагүй олон асуудал байна. Би шударга үнэнийг мэдээлдэггүй худалч хэвлэл мэдээллийнхэнтэй тулгарч байна. Энэ бол тэднийг эсэргүүцэх цорын ганц арга. Тиймээс би @realDonaldTrump аккаунтаа үлдээж, жиргээгээ үргэлжлүүлэх болно. Уг нь би үүнд өмнөхөөс ч бага цаг зарцуулна гэж найдаж байсан. Гэвч үнэнийг мэдээлдэггүй хэвлэл мэдээллийнхний халдлагаас болж эргээд жиргэхээс өөр аргагүй болж байна” хэмээжээ.

Нохойгүй Ерөнхийлөгч

Доналд Трамп сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд гэрийн тэжээвэр амьтангүй Цагаан ордны цорын ганц эзэн болно. Гэрийн тэжээвэр амьтантай болох уламжлалыг АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон эхлүүлж байсан түүхтэй. Тэрбээр хэд хэдэн нохой, морь, тотьтой байсан гэдэг. Харин Доналд Трампад зарим дотны нөхөд нь нохой бэлэглэнэ гэж амлажээ. Гэхдээ одоогоор тэрбээр Цагаан ордонд амьтан авчрахгүй нь бололтой.

Трампын ажлын эхний өдөр

14790400200

Доналд Трамп тангараг өргөснийхөө маргааш өдөр нь Лэнгли буюу Тагнуулын төв газарт зочилж, ажилласан байна. Тэрээр “Доналд Трампаас өөр хэн ч Тагнуулын төв газрынханд илүү дотно хандаж байгаагүй. Бид дахиад хожиж эхэлнэ. Харин та бүхэн урагшаа” хэмээн хэлжээ. Түүнчлэн тэрээр “Миний энд ирсэн шалтгаан бол би хэвлэл мэдээллийнхэнтэй байнга дайтдаг. Тэд бол байж болох хамгийн шударга бус хүмүүс” гэжээ. Тэр ч бүү хэл Трамп “Би та нарт хайртай, та нарыг хүндэлдэг. Надаас өөр хэн ч та нарыг илүү хүндэлдэггүй” хэмээсэн байна.

Сэтгэгдэл үлдээх