Post

Б.Хишгээ: Тагнуулынхан ямар баримт байгаагаа ч хэлээгүй

Medee.mn 19,181 үзсэн16

112099

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд уг хэргийн гэрч гэгдэх Б.Отгонбаатарыг гэр бүлээр нь галдан шатааж хөнөөсөн гэх хэрэгт буруутгаад байгаа. Тэгвэл талийгаач Б.Отгонбаатарын эгч Б.Хишгээг өнгөрөгч 2016 оны сүүлээр болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралд хохирогчоор дуудаж оролцуулсан байна. Шүүх хуралд хохирогчоор оролцсон Б.Хишгээгээс medee.mn сайт тодруулга авчээ.

-Дүүг тань хэргийн гэрч байсан учраас амь насыг нь санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Жил гаруйн өмнө тагнуулаас дүү чинь золгүй тохиолдлоор нас бараагүй. Хэсэг хүмүүс санаатайгаар амь насыг нь хөнөөсөн. Галдан шатаасан хүмүүс нь хэргээ ч хүлээсэн. Дүү чинь том хэрэгт холбоотой байж мэднэ гэж хэлсэн. Дүү минь юу хийсэн болохоор гэр бүлээр нь хөнөөх болов, яагаад амь насаа алдсан юм бэ гэтэл дүү чинь С.Зоригийн аминд хүрсэн хүмүүсийн нэг гэж хэлсэн. Тийм ч учраас хэргээ хүлээх гээд байсан учраас Ц.Амгаланбаатар дүүг минь гэр бүлээр нь хөнөөсөн гэж хэлсэн.

-Тагнуулынхан дүүг тань гадны нөлөөтэй нас барсан гэдгийг нотлох баримтаар тогтоосон гэлээ. Энэ баримтыг та бүхэнд үзүүлж харуулсан зүйл бий юу? Тухайн үеийн галын нотломж нь гадны нөлөөгүй цахилгааны буруу ашиглалтаас үүдэлтэй гэж гарсан байсан?

-Шүүх хуралд хохирогчоор оролцоход дүүгийн минь талаар бараг дурсаагүй. Энэ хэрэгтэй ямар сэжүүрээр холбогдсон тухай ч дурсаагүй. Тагнуулынхан ямар баримт байгаагаа ч хэлээгүй. Харин шүүх хурлын үеэр ганцхан Ц.Амгаланбаатар л “ Бид гурав шатаасан. Бензин асгаад, гал тавьсан” гэж мэдүүлсэн. Гэтэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр бид ийм хэрэг хийгээгүй, хийх шалтгаан ч байхгүй гэж байсан. Би ч дүүгээ тэдний гарт амиа алдсан гэдэгт эргэлзэж байгаа. Тиймээс шүүх хурлын үеэр гомдолгүй гэдгээ хэлсэн. Ямар баримт дээр тулгуурлаж дүүг минь шатаасан гэж байгаагаа хуулийнхнаас бидэнд тайлбарлаагүй. Зөвхөн Ц.Амгаланбаатарын би шатаасан гэсэн үг л баримт болж байна.

-Дүүгийн тань гэр бүл нас барсны дараа та бүхэн Эрдэнэт хотын онцгой байдлын газраас гаргасан галын нотломжийг дахин шалгуулах хүсэлт гаргаж байсан гэсэн. Тухайн үед гадны нөлөөтэй байж болзошгүй гэж таамаглаж байсан байх нь?

-Тийм ээ. Дөрвийн дөрвөн хүнээ алдчихсан хүн цахилгаанаас болсон гэхээр нь “Өө тэгж үү” гээд орхихгүй нь мэдээж шүү дээ. Үнэн эсэхийг нь лавлаж тодруулсан. Галын шалтгааныг дахин шалгуулах хүсэлт гаргаж байсан нь үнэн. Улаанбаатар руу очиж, тэндээс хүмүүс ирж шалгалт хийгээд энэ галын дүгнэлт үнэн гэж байсан. Тэгэхээр энэ нотломжийг гаргасан олон хүмүүс алдаа хийсэн байж таарах уу. Ийм мэдээлэл цацсан Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас баримт нотолгоо гаргаж тавиач гэж хүсмээр байна. Ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр миний дүүг ийм хэрэгт холбогдуулж, арван жилийн өмнө нас барсан хүний ясыг өндөлзүүлж байгаагаа баримтаар хэлэх хэрэгтэй.

-Таны дүүг нэр бүхий улстөрчийн бие хамгаалагч байсан. С.Зоригийн амь насыг хөнөөхөд гар бие оролцсон учраас амиа алдсан гэж зарим хэвлэлд мэдээлсэн байдаг. Таны дүүг амьд ахуйд нь мэдэх хүмүүс арьс нэхий худалдаалдаг байсан гэх юм. Дүү тань ямар мэргэжилтэй хүн байсан юм бэ?

-Дүү маань ерөөсөө тийм ажил хийж байгаагүй хүн. Шүүх хурлын үеэр ч ийм юм дурсаагүй. Манай дүү 1997 онд цэрэгт яваад, 1998 оны зун халагдаж ирсэн. Айлын бага хүүхэд байсан. Тэр үед 20 настай ч ээждээ эрхэлж нялхаараа байсан хүүхэд. Халагдаж ирээд ээжийнхээ өвөрт унтдаг хүү л байсан. Миний дүү Улаанбаатар хотод ганц л удаа ирж байсан нь 2000 оны эхэн үеэр байх. Тэрнээс дүү маань Эрдэнэтийн төв рүү ч цөөн орж үзсэн хүүхэд шүү дээ. Тухайн үед дүү маань арьс нэхийний наймаа хийдэг байсан. Тэрнээс төрийн өндөр дээд тушаалтан Эрдэнэтийн гэр хорооллын эцэст нэхий шир зардаг хүнд амь насаа даатгана гэж юу байх билээ.

Сэтгэгдэл үлдээх