Post

Утаа арилгах аргыг мэдэж байсан юм бол өдий болтол тас нуугаад явдаг ямар өөдгүй товарищууд вэ?

Baabar.mn 3,765 үзсэн1

Нийтлэлч Баабарын “Энхбаяраас Эрдэнэбат хүртэл утаатай тэмцсэн шастир оршвой” нийтлэл:


…Ингээд 2016 онтой залгаж Эрдэнэбатын эрин эхэллээ. Хагас жил сандал ширээний наймаа явагдсаар нэг сэрээд харсан чинь утаа хөшиглөөд юу ч харагдсангүй. Дээр үеийн нэг онигоо байдаг юм: Төрийн ордны арын хашаанд пуужин уначиж гэнэ. Дарга нарт хэлтэл Цэдэнбал “Зөвлөлтөөс бушуу асуу” гэсэн бол Самбуу гуай “Эхлээд Төмрийн заводоос асуусан нь дээр байх” гэсэн гэдэг. Эрдэнэбат юун түрүүн Монголдоо Төмрийн завод болох Академи, Боловсролын яам хоёроос асуужээ. Бүр “утаа арилга” гэж үүрэг өгснийг нь яана. Өнөө хоёр нь хөөр болчихсон “нэгэнт ийм үүрэг авсан болохоор одоохон биелүүлнэ” гэж мэдээллийн хэрэгслэлээр рэйтингээ дээшлүүлэв. Утаа арилгах аргыг хэдийнээ мэдэж байсан юм бол өдий болтол тас нуугаад явдаг, хүн чанар нь хөлийн жийрэг шиг болчихсөн ямар өөдгүй товарищууд вэ? Мартсанаас онигоогоо үргэлжлүүлэхэд өнөө пуужин гээд байсан нь тэр үедээ нэрд гарсан шүлэгч нэгэн (одоогийнхоор бол “болор цомтон” юм даа) архи ууж тасраад Ордны арын хашаанд тас явчихсан байсан юм гэнэлээ.

Эрдэнэбат гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэгэллээ. Өртөг нь 30 тэрбум төгрөг. Ард түмэн урьдын нэгэн адил алга ташин хүлээж авав. Үнэгүй юманд нугасгүй. Дээр нь айл дулаацуулдаг импортын цахилгаан халаагуур олоод ирж. Одоохондоо зээлээр хөнгөлөлттэйгээр хотын иргэдийг харж үзнэ л гэнэ. Нэг нэгийг барьчихсан зурагтаар үзүүлээд л явна. Мэдээж энэ нь түрк зуухны замаар орно. Тэмээн дээрээ зааны гарз гаргана. Олон ч хүн баяжина даа. Арга хэмжээний ёслолын туузыг шинэ жилээр нээсэн, гэсэн ч утаа нэмэгдсээр, өтгөрсөөр.

Улаанбаатарын утааг нэмэгдүүлж өтгөрүүлэхийн тулд сүүлийн 16 жилд нийтдээ 170 орчим тэрбум төгрөг зарцуулчихаад байгааг саяхан зарлалаа. Энхбаярын төгрөг Эрдэнэбатын төгрөгөөс дор хаяхад хоёр дахин илүү ханштай байсныг бодолцвол энэ мөнгө үүнээс хавьгүй их байх ёстой доо. Үүгээр тухайлбал ядахнаа Долоон буудал хүртэл цэвэр бохирын магестрал татчихсан бол зах зээлийн утгаар хавьгүй хурдан барилгажчих байсан ч юм билүү. Хувийн хэвшлийнхэн энэ хооронд Улаанбаатарыг танигдахгүй болтол нь барилгажууллаа. Гэхдээ Энхтайваны гудамж дагалдуулан магестраль шугам дагуу л бужигналдацгаасан. 32-ын тойргоос хойш хэн нь ч ийм ажил хийсэнгүй нь хэнд ч ойлгомжтой байх. Утаа нэмэгдсээр, өтгөрсөөр, хариуцсан хүмүүс нь бурзайсаар, шорон явсаар. Удахгүй Эрдэнэбатынхны баяртай гунигтай ээлж ирэх биз…

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх