Other Voices

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Монгол руу л оруулж байвал гадаадынхан хөрөнгөө хаанаас оруулахыг би шийдэхгүй шүү дээ

Medee.mn 8,015 үзсэн1

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:


Надад оффшор данс байхгүй. Та Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сайт руу ороод шалгаад үзээрэй. Тэнд миний нэр байхгүйг та  бүхэн өөрсдөө харна биз. Би 2003 онд австрали, америк, англи найзуудтайгаа хамтарсан компани Монголд байгуулан хувьцаа эзэмшиж, гадаадын хөрөнгийг Монголд оруулж ирсэн. Гадны хувьцаа эзэмшигчид маань хөрөнгөө татварын чөлөөт бүс дэх компаниасаа оруулсан. Монгол руу л хөрөнгө оруулж байвал гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө хаанаас оруулахыг би шийдэхгүй шүү дээ. Ямартай ч “Монгол чинь ирээдүйтэй сайхан орон шүү, Монгол руу хөрөнгө оруулалт хийгээч” гэж Монголоо сурталчилж, таниулж байж Монгол руугаа хөрөнгө татсан. Тэгээгүй бол өөр оронд хөрөнгө оруулах байсан биз. Тодруулж хэлбэл, Монголд орж ирэхээргүй байсан хөрөнгө оруулалтыг Монгол руугаа татаж оруулсан. Монголд байгуулагдаж эндээ үйл ажиллагаагаа эрхэлж, 20 гаруй монгол хүнийг 2003 онд ажилтай, орлоготой болгож, нийгмийн даатгал, татвараа төлсөн.

Энэ компанийн төв байр Энхтайваны гүүрний баруун хойд хэсэгт байрладаг. Би тус компаниас 2005 онд буюу одоогоос 11 жилийн өмнө гарчихсан. Монголд хамтарсан компани байгуулах нь хууль бус зүйл биш. Ийм маягаар Монгол руу хөрөнгө оруулалтаа татсан, Монголд бүртгэлтэй компани манайд нэг биш, хоёр биш, хэдэн зуугаараа бий. Эдгээр компанийн бүх зүйл ил тод. Чөлөөт бүсэд бүртгэгдсэн толгой компаниуд нь тухайн үеийн Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт хаяг байршилтайгаа бүртгэлтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл “Манай толгой компани тэнд байгаа” гэдгээ Монголын төрд ил тодоор мэдээлж,  бүртгүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрчилгээгээ авна. Гэрчилгээн дээр нь бүх зүйлс нь бичээстэй. Бусдаас нуусан ил далд зүйл огт байхгүй. Гадаадад хувьцаагаа гаргасан “Оюу Толгой”, “Харанга ресорсес”, “Хүннү коул”, “Вулф петролиум” зэрэг Монголын бүх компаниий толгой компани татварын ийм чөлөөт бүсэд бүртгэлтэй байдаг. Иймээс гаднаас Монгол руу хөрөнгө татсан компаниудыг муу гэхгүй байлгүй дээ. Дахин хэлэхэд эдгээр чинь Монголын төрийн зөвшөөрөл гэрчилгээтэй үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн байгууллагууд.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх