Other Voices

С.Баярцогт: М.Энхболд дарга дээр маш том сорилт ирэх болов уу

News.mn 27,217 үзсэн1

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан:


Одоо бол эрх барьж байгаа намын даргын хувьд М.Энхболд дарга дээр маш том сорилт ирэх болов уу гэж харж байна. Ер нь бол нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа хүн Үндсэн хуулийг барагтай бол өөрчилдөггүй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хүмүүсийг намчирхалгүйгээр ажиллуулах ёстой л доо. Үндсэн хууль бол ард түмний зөвшилцлийн бөгөөд эвлэрлийн гол баримт бичиг байх ёстой л гэж би хувьдаа үздэг. Ингэж байж бид хөгжинө. Өнгөрсөн 25 жилийг харья. Жасрай гуайн засаг 4 жил, Н.Энхбаярын засаг 4 жил болсон. Бусад нь дунджаар 1.4 жил засгийн эрх барьсан гэсэн үг. Монгол Улсын хөгжлийн тухай асуудал үнэхээр хүнд болсон байгаа биз дээ. Аль ч улсын хөгжлийн  үндэс нь сонгодог тогтолцоон дээр суурилсан улс төрийн тогтвортой байдал, төрийн залгамж халаа. Тухайн улс орны хөгжлийн асуудлыг үүгээр л хэмждэг. Гэтэл бид яаж байна. 2004, 2008 оны сонгууль бол Монгол Улсын хувьд эрүүл сонголт болсон.

2008 онд С.Баяр Ерөнхий сайд манай намыг засагтаа урьсныг би маш алсын хараатай сонголт гэж үздэг. Магадгүй тухайн шийдвэр намынхандаа таалагдаагүй байж болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гурван сая хүн амтай. Хорин хэдэн намтай. Ингээд талцаад байвал хүний хүчин зүйл чинь хүрэхгүй. Маш олон хүмүүсийн баялаг туршлагыг эргээд ашиглах ёстой. Би энэ удаагийн Засгийн газарт давуу тал байна гэж харж байгаа. Яагаад гэвэл С.Баяр Ерөнхий сайдыг Англид, М.Энхсайхан Ерөнхий сайдыг Шведэд Элчин сайдаар явуулж байна.  Ерөнхий сайд байсан, баялаг туршлагатай хүмүүсийг нам харгалзахгүй төрийн ажилд авна гэдэг маш зөв шийдвэр. Үнэндээ Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар гудамжинд байж болохгүй л байхгүй юу. Ажлын туршлагатай, энергитэй, потенциалтай ийм хүмүүсээ Монгол Улс ашиглах ёстой юу гэвэл ёстой.

Намын харьяаллаар төрийн албаныхныг халдаг, сольдог явдал арай дэндүү газар авч байна. Ардчилсан намынхан бид ч үүнд буруутай. 2012  онд манайхан засаг авангуутаа л төрийн албыг халж, сольж эхэлсэн. Одоо МАН ч ялгаагүй АН-ын гэсэн болгоныг халж байна. Арай гэж бүрдүүлж эхэлсэн мерит зарчим буюу хүний чадал дээр суурилсан тогтолцоогоо бид 2012 онд ч хайрласангүй, 2016 онд ч хайрласангүй. Магадгүй улс төрийн намынхаа хувьд, намынхаа төлөө зүтгэсэн хүмүүсээ ажил албатай болгож байгаа нь зөв мэт боловч  улс орныхоо хувьд бүхлээр хараад үзэхээр маш олон потенциалаа бид алдаж байна гэсэн үг.

Гүйцэтгэх засаглалын гол тулгуур нь мундаг улс төрч, удирдагчаасаа гадна мэргэшсэн төрийн алба, албан хаагч дээр тогтдог. Энэ хүмүүс л төрийн ажлын голыг авч явдаг. Улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүс бол яах вэ, ирж л байдаг, явж л байдаг.  Тэглээ гээд төрийн тэр механизм чинь бүрэн бүтэн ажиллаж байх ёстой юм. Гэтэл бид дөрвөн жилээр ирээд буцдаг улс төрчидтэйгөө хамт төрийн албаа бүхэл бүтэн системээр нь сольж байна. Мэдээж, шинээр төрд орсон хүмүүс уламжлалыг ойлгож чадахгүй, хуримтлуулсан туршлага байхгүй. Энэ маягаар  цаашаа явах юм бол Монгол Улс дөрвөн жил болгон цоо шинээр бодлогоо эхэлнэ. Дөрвөн жил болгон суралцана, дөрвөн жил болгон алдаагаа давтана гэсэн үг. Энэ л надад эмгэнэлтэй санагдаж байна. Үүнийгээ улс төрийн гол хоёр нам нь одоо зөвшилцөөд шийдэх ёстой. Аль намын угшилтай байх нь хамаагүй, аль намын үед ажилд орсон нь хамаагүй төрийн тогтвортой байдлыг хангахын тулд мэргэшсэн чадварлаг хүмүүсээ авч үлдэх хэрэгтэй шүү дээ.

Сэтгэгдэл (1)

  1. Thank you for sharing with us, I conceive this website truly stands out :D.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх