Post

МАН-ынхан Н.Энхбаярыг хуулийн аргаар дарж авлаа

Н.Эрдэнэ 4,644 үзсэн11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг МАН-ын парламент дахь гишүүдийн зүгээс өргөн мэдүүлж Их хурлаар хэлэлцэх болсонтой холбогдуулан МАХН-аас мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд “Хуулийн 3.2.22-т сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг хэлнэ гэж заасан байгаа нь илэрхий нэг хүний эсрэг чиглэсэн тэр хүнийг ямар ч аргаар хамаагүй сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нөхцөлийг хангах гэж оролдсон арчаагүй байдлыг харуулж байна” хэмээн дурджээ.

Нэг хүн гэдэг нь Н.Энхбаяр болох нь хэнд ч ойлгомжтой. Үнэхээр ч Н.Энхбаярын үйл хөдлөлд тааруулаад хуулиндаа ийм зүйл, заалт оруулж өгөхөөр эрх баригчид улайрч байгаа нь үнэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү үүнийг эсэргүүцэж удаа дараа дуугарсаар байгаа ба МАХН-ын зүгээс гаргасан мэдэгдэл ч тодорхой харуулж байна.

О.Баасанхүү яаж ч тэлчлээд, МАХН-аас ямар ч мэдэгдэл гаргаад Н.Энхбаярын гар хөлийг тушсан энэ заалтууд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд ясанд шаасан гадас лугаа баттай орох нь тодорхой болчихлоо.

“Ардчилсан намынхан МАН-д төмсөгдүүлчихээд байна” хэмээн тавлаж байсан О.Баасанхүүгийн намын даргыг Ардын намынхан хуулийн аргаар ийн “төмсөгдчихлөө”. Ганц Н.Энхбаярт ч зориулагдсан биш С.Жавхлан гишүүн болоод Ардчилсан намд ч хаяглагдсан нэмэлт өөрчлөлтүүд болохыг нь маш олон зүйл, заалтаар улстөрчид, хэвлэлүүд тайлбарласаар байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх