Hot Topic + Experts

Н.Энхболд УИХ-ын үйл ажиллагааг олон нийтээс нууцлахыг хүсч байна

С.Цэнгэл 5,042 үзсэн1

Сүүлийн үед эрх баригчид юм л бол хаалттай хуралдаан хийж улс орны байдлаа хөшигний цаана хэлэлцье гэж санал гаргах болсон. Ганц энэ ч биш олон юм манай нийгэмд өдрөөс өдөрт хаалттай өрнөж байгаа нь үнэн.

Хотын дарга Су.Батболд гэх нөхөр хөдөө амьдардаг иргэдээ нийслэл рүү шилжин ирэхийг нь тас хориглосон захирамж гаргачихлаа.

27 жилийн өмнө ардчилал, хүний эрх ярьж их улс төрд орж ирсэн Ерөнхийлөгч маань гамшгийн нөхцөлд ардчилал байж болохгүй гэж дөнгөж өчигдөрхөн айлдав.

Залгуулаад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг телевизээр шууд дамжуулахыг хориглоё” гэдэг саналыг өнөөдөр өглөө чуулганы танхимд гаргалаа.

Чуулганы хуралдаанаар хэн гэдэг гишүүн юу ярьж байгааг сонгогч олон харж, сонсож, дүн тавьж байдаг. Хэдийгээр манай төрийн ихэнх шийдвэр хаалттай хаалганы цаана, нөлөө бүхий улстөрчдийн явцуу хүрээнд боловсордог ч гэсэн ард иргэд маань сонгосон 76-гаа чуулганы танхимд хэрхэн сэтгэж, яаж аяглаж байгааг шууд сонсож харж байдаг.

Тэгвэл төрийн хар хайрцагны бодлого гэдгээр шалтаглан чуулганы хуралдааныг шууд дамжуулахыг зогсоох цаг болсон гэж парламентын арай аядуу гишүүн гэгддэг Н.Энхболд ил тод мэдэгдэж байх юм.

Энэ улс орон чинь ер нь хаашаа ухрах гээд байна вэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь тээж явдаг бодлоо ийн ил тод зарлаж байгаагаас үзвэл эрх баригчид ойрын үед УИХ-ын үйл ажиллагааг олон нийтээс бүрэн нууцлах нь байна.

МАН парламентад 65 суудалтай болсноор Үндсэн хуулийг ч өөрчлөх боломжтой болсон хэмээн ярьж бичиж байгаа. Тэгвэл хуулийн аргаар юуг ч хийхэд бэлэн болсон эрх баригчид үг, үйлдлээ түмнээс далдлах нь.

Н.Энхболд нарын эрх баригчид олны нүднээс нууцхан юуг л амжуулах гээд байна даа!!!

Маргааш Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохионо. Монгол оронд ардчилал, эрх чөлөө, нээлттэй байдлыг авчирсан шинэ Үндсэн хуулийн баярын урд өдөр эрх баригчид ийм л хөгийн санаа цухалзуулан суух шив дээ.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх