America/Europe

Мадуро огцрох уу?

Э.Мөнхзаяа 3,170 үзсэн3

Венесуэл улсын парламент Ерөнхийлөгч Николас Мадурог цаашид энэ албан тушаалд ажиллахгүй гэсэн тогтоолыг гаргалаа. Социалист улстөрчийг дэмжигчид энэхүү тогтоолыг санал хураалтаас өмнө эсэргүүцэж байсан юм. Гэхдээ парламентын хийсэн эрс шийдэмгий энэхүү алхам нь улс төрийн хямралыг даван туулах сүүлчийн оролдлого байх бололтой.

Венесуэлийн парламент энэ сарын 9-нд Мадурог огцруулах тухай тогтоолыг хүлээн авсан бөгөөд 167 гишүүний 106 нь дэмжиж, гурав нь саналаа илэрхийлэхээс татгалзсан байна.

Мэдээж энэ бол бэлгэ тэмдэг төдийхөн тогтоол юм. Учир нь Венесуэлийн Үндсэн хуулийн 233 дугаар зүйлд зааснаар тус улсын парламент буюу Үндэсний чуулга улсынхаа Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь татгалзуулах эрхтэй ч итгэл үзүүлэх эсэх асуудлыг зарлах боломжгүй байдаг аж. Тэгэхээр энэхүү тогтоол нь зөвхөн түүнийг огцруулах саналтай байна гэсэн тунхаг төдийхөн зүйл болж байгаа юм. “Энэхүү арга хэмжээний хамгийн чухал зүйл нь хүмүүсийг санал хураалтаар санал бодлоо илэрхийлүүлэх замаар Венесуэл дэх улс төрийн хямралыг сонгуулийн замаар шийдэхийг шаардаж байгаа юм” хэмээн парламентын дарга Хулио Боргес тогтоолоо танилцуулжээ.

Сөрөг хүчний олонхийн тэргүүн Хулио Боргес нь энэ албан тушаалд нэгдүгээр сарын 5-нд очсон. Энэ нь Венесуэл дэх нөхцөл байдал дахин шинээр үүсч, хурцадсаныг илтгэж байгаа аж.

Боргес нь “Юуны өмнө шударга ёс” намыг үндэслэгч, барууны улстөрч бөгөөд 2000-аад оноос эхлэн Венесуэлийг өнөөгийн социалист дэглэмээс салгахыг оролдож буй нэгэн юм. Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Уго Чавесын үед энэхүү тэмцэлд ялагдаж байсан.

Гэвч өдгөө Чавесыг дэмжигч Николас Мадуро энэ улсыг удирдаж байгаа ч Венесуэлийн эдийн засаг гүн хямралд оржээ. Энэ үеийг ашиглан Боргес “Ардчилсан нэгдлийн эвсэл” хэмээх томоохон эвсэл байгуулж чадсан бөгөөд үүндээ зөвхөн барууны үзэлтнүүд төдийгүй улс орны удирдлагуудаа огцруулах хүсэлтэй хэн бүхнийг элсүүлж авчээ. Олон нийтийн санал асуулгаас үзэхэд иргэдийн 75 хувь нь Мадурог огцроосой гэж хүсдэг аж. Тус улсын парламент, сөрөг хүчнийхэн өнгөрсөн 2016 оны турш Мадурог албан тушаалаас нь огцруулах бүх нийтийн санал асуулга явуулахаар идэвхтэй тэмцэж байсан. Үүнийхээ хүрээнд санаачилгыг нь дэмжиж буй хэдэн зуун мянган хүний гарын үсгийг цуглуулсан билээ. Гэвч аравдугаар сарын 21-нд Венесуэлийн Дээд шүүхээс бүх нийтийн санал асуулга болохгүй гэсэн албан ёсны мэдэгдэл гаргасан.

Энэ мэдэгдлээс болж хэдэн зуун мянган иргэн Каракасын гудамжинд жагсаж, цагдаа нар жагсагчидтай мөргөлдөж эхэлсэн бөгөөд Мадуро, сөрөг хүчнийхэнтэй аравдугаар сарын 30-нд хэлэлцээр хийсний хүчинд асуудал түр намжсан билээ. Тухайн үед “Ардчилсан нэгдлийн эвсэл” ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, бүх нийтийн санал асуулга явуулах шаардлага тавихаа зогсоосон.

Ингэхдээ сөрөг хүчнийхэн Каракасын удирдлагуудад хоёр том шаардлага тавьсан юм. Энэ нь улс төрийн зуун хоригдлыг шоронгоос суллах, түүнчлэн Венесуэльд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах байлаа.

“Бид хэлэлцээрийн ширээнд суухдаа энэхүү шаардлагуудаа хэдэн сарын дараа бус, хэдхэн хоног, долоо хоногийн дотор биелүүлэхийг шаардсан. Ингээгүй тохиолдолд бид тэмцлээ үргэлжлүүлэх болно” хэмээн Боргес арваннэгдүгээр сарын эхээр ярьж байлаа.

Гэтэл засгийн эрхэнд суусан хүмүүс 2018 оны хоёрдугаар хагасаас л шийднэ гэжээ.

Ийнхүү 2017 оны нэгдүгээр сар гарч, сөрөг хүчнийхэн ч Мадурогоос хүссэнээ авч чадсангүй. Парламентаас Ерөнхийлөгчийг огцруулах тухай тогтоол гаргасан нь “Ардчилсан нэгдлийн эвсэл”-ийн Каракасаас шаардаж буй ардчилсан үйл явцын сүүлчийн оролдлого ч болж мэдэх юм. Учир нь сөрөг хүчнийхэн хоёр хэсэгт хуваагджээ. Эхнийх нь бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Засгийн газар дарангуйллын шинжтэй байна, түүнээс салах цорын ганц гарц нь гудамжинд гарах гэж тооцож эхэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Мадурог эсэргүүцэгчид хоорондоо ийм хагаралтай байгаа үед Ерөнхийлөгч албан тушаалаа хэвээр хадгалсаар байх гэнэ. Үүний улмаас иргэний зөрчил маргаан дэгдэхийг ч үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл (3)

  1. But wanna input on few general things, The website pattern is perfect, the subject material is really good :D.

    http://www.edsheeran.co.uk

Сэтгэгдэл үлдээх