Other Voices

Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч М.Гансүрэн: Сүүлд гэрийнхээ хашаанд цогцос авчирч хаясан

Medee.mn 2,548 үзсэн2

Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч М.Гансүрэн:

-Таны дүү Ц.Амгаланбаатар ямар хэргээр анх шоронд орсон юм бэ?

-Амгаланбаатарыг миний ээж таван сартай байхад нь өргөж авч өсгөсөн. Бүгд хайрлаж, хүнээс дутаахгүй юмсан гэж өсгөсөн. Гэтэл Амгаланбаатар 2007 онд хүн амины хэргээр дээд шүүхээс цаазын ял сонссон. Ерөнхийлөгчийн зарлигаар цаазын ялыг нь 25 жилийн хорих ял болгож, ялыг чанга дэглэмтэй Дарьт гэдэг хорих ангид өнгөрүүлэх болсон. Дарьтын хорих ангиас Чойрын хорих луу дамжаад, одоо арав дахь жилдээ ялаа эдлэж байгаа юм.

-Таны дүү ял эдлэх хугацаандаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн. Та дүүгээ энэ хэргийг хийсэн гэж боддог уу?

-Би их гайхаж байгаа. С.Зоригийг алаагүй гэж боддог. Яагаад гэхээр би Эрдэнэтийн мөрдөн, Дарьтын хорих ангид байхад нь эргэж очдог байсан. Надад С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар юу ч ярьж байгаагүй юм.

-Амгаланбаатарыг таксины жолооч хөнөөсөн, С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээс гадна өөр хүн амины хэрэг хийсэн гэж шалгаж байсан гэсэн?

-2013 оны 4-р сарын 8-нд миний ээж нас барсан. Түүнээс хойш арваад хоногийн дараа фургон машинтай, буутай дөрөв таван хүн Амгаланбаатарыг гавлачихсан манайхаар оруулаад гаргасан юм. Энэ хүн яаж яваа юм бэ гэхэд Архангай аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Энэ хэргийг Амгаланбаатар хийсэн гэж өөрөө мэдүүлсэн. Тиймээс авч явж байна гэж хэлж байсан. Тэрнээс хойш мөрдөн байцаагч гэдэг хүн нь над руу яриад, танай дүү Архангайн онц ноцтой хэргийг хийгээгүй юм байна. Тиймээс Чойр дахь хорих анги руу явууллаа гэсэн. Тэгээд 2013 оныхоо зургадугаар сард Амгаланбаатар Чойр дахь чанга дэглэмтэй хорихоос гараад, Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төвд эмнэлэгт ирсэн тухайгаа хэлсэн. Амгаланбаатар над руу 9496…. дугаараас залгаад “Би Улаанбаатар хотод ирсэн эмнэлэгт хэвтэж байна. Та надад битгий санаа зовоорой” гэсэн. Ер нь тэр дугаараас л байнга утсаар ярьдаг байсан. Тэгээд эмнэлэгт хэвтээд, удалгүй дахиад залгасан. Эгч ээ надад санаа зоволтгүй, надад энд хоёр ах тусалж байгаа. Эмнэлэгт хэвтээд бие хаа сайн байгаа гэсэн. Хамгийн сүүлд 2013 оныхоо аравдугаар сард “Биеэ бодоорой эгч ээ, надад санаа зоволтгүй” гэж яриад сураггүй болсон.

-Хэр удаан хугацаанд сураггүй байсан юм бэ? Хаана хоригдож байгаа талаар нь та эрж хайсан уу?

-2014, 2015 онуудад сураггүй байж байтал 2015 оны наймдугаар сарын 31-нд тагнуулынхан ирээд манай гэрийг нэгжээд, эндээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг нэг зэрэг бариад аваад явсан. Тэгээд л одоо түүнээс хойш жил дөрвөн сар хориод байгаа. Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хоёр хүнийг хориод, шүүх хурлаа хаалттай хийчихлээ. Үнэхээр Монголын төрийг үнэн зөвөөр шийдэх байх гэж итгэж байтал ийм шийдвэр гаргасанд гомдож байна.

-Зарим хүн шүүхийн шийдвэрт их эргэлзэж байгаа?

-Амгаланбаатар үнэхээр энэ хэргийг хийсэн үү, ямар учраас жирийн гэмгүй хүмүүсийг хэрэг хийсэн гэж хэлэв, яагаад өөрөө С.Зоригийг алаагүй мөртлөө энэ хэргийг хүлээв, яагаад энэ хүний хэлсэн үгээр хуулийнхан хэрэг үүсгэж, гэмгүй хүмүүст ял өгөв гэдэгт сэтгэл үнэхээр эмзэглэж байна.

-С.Зоригийг амь насаа алдсан тэр жил Амгаланбаатар хаана амьдардаг байсан бэ?

-1998 онд Амгаланбаатар чинь 16 настай Улаанбаатар хот орж үзээгүй хүүхэд байсан. 2000 онд цэргийн алба хаахаар явахдаа л Улаанбаатарт очиж үзсэн. 16 настай байхдаа миний дүү хүн алах хэмжээний хүмүүжилтэй хүн байгаагүй.

-Та дүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд ямар нэг зүйл асууж байв уу?

-Хамгийн сүүлд тагнуулынхан надаас байцаалт авна гээд дуудсан. Тэгэхэд л уулзсан. Уулзаад би Амгаланбаатар луу орилсон. Жирийн найз нөхөд, ах дүүсээ яагаад ийм сүрхий муухай хэрэгт гүтгэчихэв ээ, даанч яав даа гэж хэлэхэд зан ааш нь бол үнэхээр аймаар болсон. Миний үгийг хүлээж авалгүй ихээр уурлаж, ална хядна гэж сүрдүүлсэн. Тэрнээс хойш ар гэрийнхнээ ч их дарамталдаг болсон. Сүүлд гэрийнхээ хашаанд цогцос авчирч хаясан. Биднийг мөчилж ална гэж сүрдүүлж байсан удаа ч бий. Би бодохдоо дүүг минь хүн дээрээс нь дарамталсан байх гэж бодсон. Аймаар муухай харьцаатай, хэрцгий болсон байна лээ. Яагаад ч энэ хэргийг Амгаланбаатар хийгээгүй. Шоронд байхдаа хоёр ах сайн хандаж байгаа гэснээс хойш л энэ хэргийг хүлээсэн байх гэж харддаг. Гэхдээ яагаад ийм хэрэгт хамаатан саднаа хутгах болсныг үнэхээр би мэдэхгүй юм.

-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг Рашаантад дөрвөн хүнийг галдан шатааж алсан гэж давхар ялласан. Энэ галын хэргийн талаар юу мэдэх вэ? Дүү тань талийгаачтай танилууд байсан уу?

-Амгаланбаатар 2006 онд Эрдэнэтэд амьдарч байсан. Тэр үед манайхаас гурван гудамжны өмнө хоёр хүүхэдтэй айл шатлаа гэж радио телевизээр гарч байсан. Тэр галыг айлын цахилгаанаас болсон гэж тухайн үед зурагтаар ярьж байсан. Энэ хэрэг манайхтай ойролцоо гарсан нь үнэн ч үнэхээр шатаасан зүйл байхгүй гэж боддог. Яагаад давхар ийм хэрэг зохиож гүтгээд байгааг эгч нь үнэхээр мэдэхгүй гайхаж байна. Амгаланбаатар тэр хүүг зүс танихаас өөрөөр мэддэггүй.

-Ц.Амгаланбаатар нэгэнт л 25 жилийн хорих ял авсан хүн. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээчихвэл, түүнийг хэдэн жилийн дараа суллачихна, эсвэл Амгаланбаатарын ар гэрт нь их хэмжээний мөнгө амалсан байх гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа?

-Ямар ч үндэсгүй шүү дээ. Би Амгаланбаатарын ар гэрийн хүн. Надад л мэдэгдсэн юм байхгүй. Юмыг яаж мэдэх вэ, өөрт нь энэ хэргийг хүлээвэл Өршөөлийн хуульд оруулна барина гэж хэлсэн байхыг би үгүйсгэхгүй. 25 жилийн хорих ялтай хүнд энэ хэргийг даалгачихъя гэсэн ч байж магадгүй юм. Гэхдээ миний дүү өмнө авсан 25 жилийнхээ арван жилийг өнгөрөөчихсөн, хүмүүжээд гараад ирэх хугацаа дөхсөн байхад яагаад өөртөө хийгээгүй хэрэг үүрээд, гэм зэмгүй хүмүүсийг чирээд байгаад ямар учир байгааг мэдэхгүй байна. Үнэхээр ардчилсан нийгэмд ийм хэлмэгдүүлэлт хийж байгаа хуулийнханд гомдож байна.

-Дүүг тань шоронгоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар луу мессэж бичиж дарамталдаг байсан гэдэг?

-Амгаланбаатар Орхон аймгийн гуравдугаар найман жилд долдугаар анги дүүргэсэн хүн. Англи хэлний мэдлэг байхгүй хүн шүү дээ. Мессэж бичиж чадахгүй.

Сэтгэгдэл (2)

  1. I just want to tell you that I am very new to blogging and site-building and honestly liked your web site. Very likely I’m likely to bookmark your blog post . You actually come with superb article content. Regards for sharing with us your web page.

Сэтгэгдэл үлдээх