Breaking

Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулна

О.Туяа 271 үзсэн0

      УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар мэдээлэл хийсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт сонсох ёстой байсан. Гэвч ажлын хэсэг болон Хөгжлийн банкийг төлөөлөх чадамж бүхий албан тушаалтан ирээгүй. Өнөөдөр ч мөн адил ирсэнгүй. Тиймээс Хөгжлийн банкны шалгалтын дүнг МАН-ынхан хоёр удаагийн сонгуулиар улс төрийн зорилготой ашигласан гэдэг нь харагдаж байна. Ялангуяа Хөгжлийн банкийг мэргэжлийн байгууллагаар шалгуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэж харагдаж байна. Иймд дараагийн долоо хоногийн даваа гаригт дахин мэдээлэл хийх шаардлагыг Ерөнхий сайдад тавихаар боллоо.

Мөн Сонгуулийн тухай хуулийг салгаж  МАН-ынхан өөртөө ашигтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг найруулж байна гэж АН үзэж байна. Энэ хуулийн төсөлд заасан УИХ-д суудалтай нам гэдгийг тайлбарлах оролдлого нь Үндсэн хуулийн цэцэд очих маргаан дагуулж байна. Тиймээс УИХ-д суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулна.

Түүнчлэн Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл дээр Ардчилсан нам завсарлага авсан. Хуулийг өргөн барьсан Засгийн газар ч тэр баталсан УИХ ч тэр хариуцлагагүй хандсан. Учир нь хуучин хуулиудыг нь хүчингүй болгоогүй учраас өнөөдөр хоёр хууль хэрэгжээд явж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан Олон улсын гэрээний тухай хуулиар нэлээд олон эрхийг Засгийн газар өөртөө авсан. Тодруулбал, Олон улсын гэрээг УИХ-аар батлах ёстой. Гэтэл зарим гэрээг Засгийн газар дангаараа шийдэж батлах эрхтэй болсон. Ингэхийн тулд Засгийн газар асар их чармайлт гаргаж байгаа. Үүнийг нэг жишээгээр тайлбарлахад 2017 оны төсвийг хэлэлцсэн Байнгын хороо, УИХ-ын ямар ч хэлэлцүүлэг дээр  Ерөнхий сайд нь нэг ч удаа орж ирээгүй хэрнээ харин энэ хуулийн төслийг хэлэлцэх үед Ерөнхий сайд нь орж ирээд сууж байна гэдэг нь Засгийн газар энэ хуулийг батлахад маш их анхаарал тавьж байна гэж харагдахаар байгаа юм. Үүний цаана томоохон ордыг шийдвэрлэх зорилго УИХ болон Засгийн газарт байна гэж үзэж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ямар заалтыг эсэргүүцэж байгаа юм бэ. Эсэргүүцэж байгаа тодорхой заалтаа тайлбарлаж өгнө үү?

УИХ-ын гишүүн Л.Болд: Анх хуульд техникийн чанартай өөрчлөлтүүдийг хийж байгаа, бодит зөрчилтэй заалтыг өөрчилнө гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Гэтэл өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж, 100 гаруй зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. УИХ дээр нилээн том ажлын хэсэг гараад өнгөрсөн бямба гаригт анхны хуралдаанаа хийсэн. Өнөөдөр хоёр дахь хуралдаанаа хийнэ. Энэ хурал дээр бид байр сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх ашгийн зөрчилгүй байх ёстой юм. Гэтэл өнөөдөр энэ хуулийг өргөн барьж байгаа хүмүүс болон хэлэлцэж байгаа Байнгын хороо, УИХ-ын удирдлагууд бүгд эрх ашгийн зөрчилтэй.

Энэ хүмүүсээс “Та нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй болоод эрх ашгийн зөрчилгүй ийм том хууль гаргах гээд байна уу” гэж асуухад хэн ч тодорхой хариулт өгөөгүй. Үүнээс үзвэл тэр хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг. Тэгэхээр тодорхой хүмүүс өөрсдөдөө зориулсан хууль боловсруулах гэж байна. УИХ-д суудалтай намуудын талаар одоогийн хүчин төгөлдөр хуулийн дагуу цоо шинэ тогтолцоог оруулж ирсэн. Өмнө нь пропорционалиар санал хурааж байсан. Одоогийн шинэ хуулиар бүх гишүүдийг ард иргэдээс шууд сонгож байгаа. УИХ-д суудалтай нам гэдэг Үндсэн хуулийн тайлбарыг шинэ хуульд байхгүй болгосон. Иймд аль нэг нам, хууль санаачлагч гишүүн бус хүмүүс Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн нөхцөлд шийдэх ёстой. Парламентад суудалгүй намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох байр суурийг тодорхой болгох ёстой. Энэ талаар өргөн хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд уншиж ч амжаагүй байтал ийм том хуулийг батлуулах нь маш аюултай. Үнэхээр болохгүй бол нэгэнт хоёр сонгуулиа явуулчихсан хуулиараа гурав дахь сонгуулиа ч явуулж болохгүй гэх юм байхгүй. Улс төрийн тогтвортой байдлаа хадгалах үүднээс уг хуулийг харилцан зөвшилцөж батлах шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх