Breaking

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

С.Цэнгэл 537 үзсэн1

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.  Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байна.

Дараа нь Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.

2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалт байгааг Хуульзүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх заалтын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч мөн хуульд заасан баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт байхгүйн улмаас хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болоод байгаа аж. Иймд дээрх хуульзүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуульзүйн байнгын хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Харин хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Г.Занданшатар, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 77.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх