Hot Topic + Experts

Н.Алтанхуягийг ч орхиогүй хуулийн төсөл МАН-ын даргын алхах улаан хивсийг дэлгэжээ

О.Наранхүү 11,479 үзсэн16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг парламент дахь олонхийн бүлгийн гишүүд өргөн мэдүүлээд байгаа. Энэ төслүүдийг амьдралд арай ойроор нэрлэвэл бусад улс төрийн нам, хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай этгээдүүдийг МАН-ын нэр дэвшигчийн замаас зайлуулж, цэвэрлэх буюу шулуухан хэлвэл намын даргынхаа замыг засаж “Номер 1” болгоход таатай нөхцөл байдал бүрдүүлэх төсөл гэж нэрлэж ч болохоор байна.

Он гарахтай зэрэгцэн, оргилуун дарсны бөглөөтэй цуг шахам үсэрч орж ирсэн энэ хуулийн төсөл ногоон гэрлээр батлагдах нь тодорхой болж, өчигдөр л гэхэд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхийг нь дэмжсэн. Ингээд маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар орж, олонхийн бүлгийнхэн даргадаа хэр үнэнч байгаагаа нотлон үзүүлэхэд бэлэн болчихоод байна.

Өчигдөр О.Баасанхүү гишүүн амь тэмцэн намынхаа хэсэг нөхдийг дагуулан  энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Ялтайд тооцно, тооцохгүй гэх мэтчилэн оны турш хуулийн зүйл анги барьж хийсэн хэрүүлд МАН-ын мэргэн жараахайнууд энэ төслөөр дамжуулан цэг тавьж, Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байх баттай араанд нь хийж байгааг тэд ойлгож л дээ.

Тодруулбал, “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх ёстой” гэсэн ганц заалт ойр ойрхон Солонгосыг зорьж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан Н.Энхбаярыг хөнгөхөөн баглаад авч байгаа юм.

Энэ хуулийн төсөл Н.Энхбаяраас гадна, парламентын цорын ганц бие даагч гишүүн С.Жавхланд тун чиг хамаатай болох тухай бид өчигдөр өгүүлсэн. Бодит байдал дээр намын даргынхаа Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх замд нь саад, тээг болж мэдэх Н.Энхбаяр, С.Жавхлан нараас өөр улстөрчдийг ч энэ төсөл замаас нь зайлуулах нууцхан хүчин чадалтай аж.

О.Баасанхүү “хуулийн төслийг МАН болон АН-д л ашигтай байхаар боловсруулсан тул миний бие болон МАХН-ын зүгээс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн. Тэгвэл хууль болон батлагдсаны дараа АН-аас нэр дэвшин өрсөлдөх өндөр магадлал бүхий улстөрчид ч эвгүйтэх ажээ.

Хуулийн төслийн 6.5-д “Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй” хэмээн заажээ.

Энэ заалт бол одоогоор АН-аас нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ зарлачихаад байгаа цорын ганц улстөрч Н.Алтанхуягт хэрэглэгдэж болох магадлалтай.

Юу вэ гэвэл, ойр тойрныхон нь хуулийн байгууллагад шалгагдан ээлж дараалан хоригдож, суллагдаж байгаа Н.Алтанхуягийг хуулийн хэллэгээр бол сэжигтэнд тооцоод байгаа. Сэжигтнээс яллагдагч, яллагдагчаас шүүгдэгч, шүүгдэгчээс ялтан болгоё гэвэл гарын алга урвуулах төдийд манай хуулийнхан амжуулчихаж чадах л улс. Нөгөө О.Баасанхүүгийн “АН-ынхан Ерөнхийлөгчид хүн дэвшүүлнэ гээд хэлэх юм бол МАН-д төмсөгдүүлчихээд байгаа” гэдэг чинь л энэ шүү дээ.

Ингээд Н.Алтанхуягийг, цаашлаад “Женко” мэтийн олны танил улстөрчдөд ч хамаатай байж эгзэгтэй үед нь хэзээ ч хамаагүй “төмсөгдөж” болох зүйл, заалтууд энэ хуулийн төслөөс мярайж байна шүү дээ.

Бас нэг яриа сүүлийн үед улс төрийн хүрээнийхэн дунд явж байгааг мартаж болохгүй. Н.Алтанхуяг АН-аас нэр дэвших боломжгүй бол эртнээс хал балгүй, түншийн харилцаатай биш юмаа гэхэд фронтын нэг талд гарчихаад байгаа Н.Энхбаяртайгаа ярьж тохироод МАХН-аас нэр дэвших.

Энэ санааг ч бас хуулийн төсөл санаачлагчид бодолцоод өөр намын гишүүн аль нэг намаас нэр дэвшихгүй гээд шигтгээд өгчихсөн байна. О.Баасанхүү үүнийг ч анзаарч эсэргүүцээд байгаа үндэслэлдээ онцгойлоод байгаагаас харвал бас чиг дээрх яриа ортой байж мэдэх.

Хуулийн төсөлд бас нэг хөөрхөн зүйл бий. 33.7-д “Нэр дэвшигчийг энэ хуулийн 34.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно”, 39.1-т “Нэр дэвшигч энэ хуулийн 33.7-д заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж заажээ.

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар л биш бол өөр хэн нэгэн олны танил бус эрхмүүд нэр дэвшээд, нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар тэдэнд орон даяар өөрсдийгөө сурталчлахад хориодхон хоногийн хугацаа л олдож байгаа аж. Шат, шатны сонгуульд үнэмлэхүй ялчихаад байгаа МАН-ын нэр дэвшигчид энэ зовлонгүй байж мэдэх л юм.

Харин бусдад нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаар тойрч өөрсдийгөө таниулан, сурталчлая гээд онгоц хөлөглөн нисээд ч амжихгүй хугацаа оногдож байгааг харж болно.

Гэх мэтчилэн МАХН, АН-аас нэр дэвшиж болох магадлалтай нөхөд, бие даагч С.Жавхлан нарын зүгээс ямар аюул учруулж мэдэхийг зүйл бүрээр таамагласан энэ хуулийн төсөл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа М.Энхболдын алхах ёслолын улаан хивсийг дэвсэж байна.

МАН-ын дарга нэр дэвшихээ больчихгүй л бол шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх