Hot Topic + Experts

Х.Тэмүүжингийн бас нэгэн шинэчлэл “будаа”

С.Цэнгэл 16,208 үзсэн1

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. Хилийн тухай хуулийн төслийн эргэн тойронд олон асуудал яригдаж байсан боловч эцсийн дүндээ үлдэж байгаа гол өөрчлөлт нь хилийн шалганыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын чиг үүрэгт хэдэн жилийн өмнө шилжүүлснийг буцаагаад Хил хамгаалах байгууллага руу татах явдал ажээ. Үр дүнд нь хилийн цэргээс иргэний харьяалал руу шилжин ажилласан 400 албан хаагчийн хувь заяа шаварт унах нь тодорхой боллоо.

Төрийн эрхийг ээлжлэн барьсан хоёр том намын бие биедээ мөчөөрхөн үгүйсгэсэн тогтворгүй бодлогоос хэдэн зуун төрийн албан хаагч, тэдний ар гэрийнхэн хохирч үлдэж байна.

Улс төрийн утгаар бол Н.Алтанхуягийн Засгийн газарт Хуульзүйн яамыг толгойлж байсан шинэчлэгч Х.Тэмүүжингийн бас нэгэн реформ цагдаа дахь шинэчлэл нь хад мөргөн нуран унасантай адил ийнхүү “будаа” боллоо.

Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг цэрэгжсэн байгууллагаас салж энгийн байгууллагын мэдэлд очсон нь олон улсын жишиг байлаа. Ямар Умард Солонгос биш, хил дээр жуулчдыг цэргийн мөрдэстэн тосож авах нь Азийн цэрэгжсэн улсад ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна гээд Х.Тэмүүжин сайд дээрх алхмыг хэрэгжүүлж байсан юм.

Гэтэл Х.Тэмүүжингийн дараа Хуульзүйн сайдын суудалд ор залган суусан ардчилагч Д.Дорлигжавын үед ч энэ шинэчлэлийг буцаах санаачлага гарч тухайн үедээ бүтэлгүйтэж байв. Харин тэр оролдлогыг Ардын намынхан засгийн эрх барьж байгаа үедээ ийнхүү гүйцээж байна.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг толгойлж байсан Б.Пүрэвдорж гишүүн “Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг гадаадын иргэн харьяатад очоод олон улсын стандартад нийцсэн юм. Гадаадын иргэн хилээр ороод ирэхэд цэргийн хувцастай хүн шалгаад байхаар цэргийн дэглэмт улсад ирж байна гэдэг ойлголт төрнө. Түүнээс гадна визийн хугацаа хэтэрсэн гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагаа идэвхжсэн юм. Хилийн цэргээс 400 орчим албан хаагч иргэний харьяат дээр ирсэн. Тэр хүмүүс ажлаа сайн хийж байгаа. Харин ч шилжин ирээд сургалтад хамрагдаж, гүйцэтгэл нь сайжирсан. Үнэндээ бол хоёр байгууллагын амбиц. Ялангуяа хилийн цэргийн амбиц хэтэрхий дийлээд байна” гэж эсэргүүцэж байлаа.

Гэсэн хэдий ч хуулийн хэлэлцүүлгээс харахад мөрөөдөмтгий Х.Тэмүүжин буруудаж, хуучинсаг С.Бямбацогт дийлэх нь тодорхой байна. Ийнхүү ардчиллынхны хийсэн бас нэгэн өөрчлөлт цуцлагдаж байна.

Хөлд нь хилийн цэргээс иргэний харьяат руу шилжиж дөрвөн жил ажилласан 400 орчим төрийн албан хаагчийн цэргийн алба хаасан хугацаа тасарч, адаглаад л цэргийн цол, тэтгэвэр тэтгэмжээ сэргээлгэх гэж хэн нэг эрхтэн дархтныг гуйж гувших зэргээр тангараг өргөсөн цэргийн албан хаагчид хөөрхөн шоглуулаад үлдэх нь ээ!

Сэтгэгдэл (1)

  1. Valuable information. Lucky me I found your site by accident, and I am shocked why this coincidence didn’t took place in advance! I bookmarked it.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх