America/Europe

Берлинд ачааны машинтай террорист халдлага гарчээ

Э.Мөнхзаяа 562 үзсэн1

       Энэ сарын 19-нд буюу даваа гарагийн орой ХБНГУ-ын нийслэл Берлин хотод Зул сарын яармагт ирсэн хүмүүс рүү ачааны машин дайрсан аймшигт хэрэг гарлаа.

Зул сарын яармаг нь “Zoologischer Garten” метроны буудлын дэргэдэх Брайтшайдплац талбайд үйл ажиллагаа явуулж байсан юм. Уг хэргийн гэрч болсон Эмма Раштоны хэлснээр ачааны машин хүмүүсийг жинхэнэ хуйлруулж байсан гэнэ.

“Бид Зул сарын үдэшлэгт зугаацаж байтал гэнэт маш чанга чимээ сонсогдсон. Тэгээд байрнаасаа босоод хартал зүүн талаасаа гэрлүүд унтарсан байсан. Яг энэ үеэр ачааны машины орой худалдааны мухлагуудыг дайрч гарч байгаа нь харагдсан бөгөөд хүмүүсийг шууд л дайраад байлаа” хэмээн CNN агентлагт ярьжээ. Дайруулсан хүмүүсээс цус урсаж, халуун вино худалддаг мухлаг зомгол болтлоо хэдэн хэсэг бутарсан байсан гэнэ.

Гэрчүүдийн ярьж буйгаар ачааны машин хурдаа ч сааруулахыг оролдохгүй байсан бөгөөд 60 км/цагийн хурдтайгаар хүмүүсийг дайран гарч байсан аж. Йан Холлитцер хэмээх хүн “Al Jazeera”-д мэдээлэхдээ машин бүрэн зогстол дахиад 50 метр зайг туулсан гэжээ. “Үнэхээр аймшигтай. Хүмүүс ачааны машиныг мөргөж, дугуйн дор нь орж, унасаар байсан. Та нарын нүдээрээ үзэхийг хүсээгүй зүйлийг ярьж байна” хэмээжээ. Хүмүүс түүнчлэн дэлбэрч, тэсрэх дуу сонссон гэж байсан ч энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй аж.

Автомашин яармагийн яг голд, Зул сарын гацуурын өмнө зогссон байна. Энэхүү аймшигт хэргийн улмаас 12 хүн амиа алдаж, 50 орчим хүн хүнд, хөнгөн бэртэл авчээ. “Bild” хэвлэлд тэмдэглэснээр ачааны машины жолооч Тиргартены зүг хэдэн метр гүйсэн боловч саатуулагдсан байна. Харин ачааны машины зорчигч газар дээрээ амиа алджээ. Саатуулагдсан жолооч нь ХБНГУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд цагаачлах эрх хүсч байсан, Пакистаны дүрвэгч гэнэ. Харин ачааны машины жинхэнэ жолооч нь машин дотор амиа алдсан зорчигч нь байх магадлал маш өндөр байна. Яармагийн дэргэд автомашины зам байдаггүй болохоор зориудаар ийш нь чиглэсэн гэж хүмүүс үзэж байна.

7.5 тоннын даацтай уг ачааны машин нь Польшийн Гданьск хотын дугаартай байсан аж. Гэхдээ цагдаагийн газраас энэхүү дугаарыг хуурамч байхыг үгүйсгэхгүй байна. Харин Польшийн тээврийн компанийн төлөөлөгч даваа гарагийн 16:00 цагт жолоочоосоо холбоо тасарсан гэжээ. Яг энэ өдөр жолооч Берлинд ачаа хүргэх ёстой байсан бөгөөд хамгийн сүүлд эхнэртэйгээ утсаар ярьсан гэнэ.

Берлиний цагдаагийн газраас хотын иргэддээ гэртээ байж, худал цуу яриа дэгдээхгүй байхыг уриалжээ. Үүнээс гадна хууль сахиулах байгууллагынхан бусдын аюулгүй байдлыг бодож, хэрэг гарсан газарт хийсэн бичлэгүүдийг интернэтэд цацахгүй байхыг сануулсан байна. Цагдаагийн газрын зүгээс энэхүү үйл явдлыг алан хядах ажиллагаа мөн гэж тэмдэглэжээ.

Эргэн сануулахад АНУ-ын Төрийн департаментаас өнгөрсөн сарын 21-нд Европ руу аялахаар зэхэж буй америкчууддаа хандаж, Зул сарын захаар алан хядах ажиллагаа болох өндөр магадлалтай гэж анхааруулж байсан билээ. “АНУ-ын иргэд Зул сарын наадам, баярын арга хэмжээ, гудамжны яармагт оролцохдоо анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй. Энэхүү анхааруулга 2017 оны хоёрдугаар сарын 20 хүртэл хүчинтэй. Исламын улс бүлэглэл болон түүнтэй холбоотой бүтцийнхэн Европт баярын үеийг дайруулан алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл байна” гэж мэдэгдэлд бичжээ.

Берлинд болсон энэхүү аллага Францын Ницца хотын алан хядах ажиллагаатай ерөнхийдөө төстэй байгаа юм. Өнгөрсөн долоодугаар сарын 14-ны орой Бастилийг чөлөөлсний баяраар ачааны машин 60-70 км/цагийн хурдтай давхиж, Английн эргийн дагуу аялж явсан явган хүмүүс рүү дайрсан билээ. Тухайн үед ачааны машин хоёр км орчим явж зогссоны дараа жолооч нь кабинаасаа бууж, явган хүмүүс рүү гар буугаараа буудсан аж. Алан хядагчийг цагдаа нар буудаж устгажээ. Энэхүү алан аядах ажиллагаанд 80 гаруй хүн өртсөн юм.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх