Hot Topic + Experts

Парламентын гишүүдийг ёлкдож байх зуур Тавантолгойг тавиад туух нь тодорхой болжээ!

О.Наранхүү 17,600 үзсэн1

“Тавантолгойн төсөл”-ийг үргэлжлүүлэн хөдөлгөх асуудал ойрын үед эрчимтэй яригдаж байгаа юм. Далай ламын автор нь нууцлагдсан айлчлалаас болоод Монгол, Хятадын харилцаанд асуудал үүсээд байсан ч үүнээс үл шалтгаалан Шинхуа групптэй хийгдэж байгаа яриа, хэлцэл саадгүй үргэлжилж байгаа бололтой.

1871217c2bacf1a665993ec67bdf87f8_x3Үүний сургаар Хонконгийн бирж дээрх Mongolian Mining Corporation (975 HK) компанийн хувьцааны ханш 0.265 хонконг доллараас 0.285-0.300 хонконг долларын хооронд хэлбэлзэж өссөн байна. Тэгвэл тус компанийн вэбсайтад мэдээлснээр  Энержи Ресурс, Шинхуа, Сумитомогоос бүрдэх консорциум Засгийн газрын ажлын хэсгээс Тавантолгой төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх талаар албан ёсны захидал хүлээн авсан байна. Түүнчлэн Mongolian Mining Corporation-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа “Консорциумын бүтэц хэвээрээ байгаа” хэмээлээ.

Өмнөхөн нь энэ сарын 9-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсгийнхэн Хятадын төрийн өмчит “Шинхуа” группын удирдлагуудтай уулзсан юм. Уулзалтаар Монголын Засгийн газраас Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтыг төмөр замын бүтээн байгуулалттай нь цогцоор шийдэх хэлэлцээг үргэлжлүүлэх санал албан ёсоор тавьсан. Шинхуа группийн Ерөнхийлөгч Лю Биний зүгээс “Тавантолгойн төслийн тендерт хоёр  удаа оролцож ялалт байгуулсан. Монголын талын ажлын хэсэгтэй хэлэлцээгээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа уламжилъя” хэмээн онцолсон. Ийм түвшний уулзалт, хэлэлцээг хэд хэдэн удаа зохион байгуулсан гэдгээ ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Гэхдээ Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээгээ ямар нөхцөлөөр явуулах вэ, хөрөнгө оруулагчдад ямар ямар шаардлага тавих вэ зэрэг мэдээллийг хаалттай үлдээсэн юм. Ердөө үндэсний компаниудыг Тавантолгой төсөл дээр түлхүү байр суурьтай оролцуулах бодолтой байгаа л гэсэн юм.

Тэгвэл Ц.Дашдорж сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрхэгдүүлж орхиод байгаа мэдээллийг ийнхүү Mongolian Mining Corporation-ийн Гүйцэтгэх захирал тодорхой болгоод өглөө. Тавантолгойн ордын бүтээн байгуулалтад Энержи Ресурс, Шинхуа, Сумитомогоос бүрдэх консорциум уригдан ажиллах болж байгааг Монголын төрөөс өмнө Г.Батцэнгэл захирал урьдчилаад зарлачихлаа.

Г.Батцэнгэл “Өмнө нь хийж байсан хэлэлцээтэй харьцуулбал төмөр замын эзэмшил анхнаасаа төрийн эзэмшилд байна гэсэн нөхцөлийг тавьж байгаа. Монголын төмөр зам компани 51 хувийг, Шинхуа групп 49 хувийг нь эзэмшээд явна. Энержи Ресурс төмөр замын төсөлд шууд оролцохгүй.  Консорциум нийлүүлэлтийнхээ 75 хувийг Хятад улс руу, 25 хувийг Япон, Солонгос зэрэг далайн чанад руу гаргах санал гаргасан. Бүтээгдэхүүнийг Монголдоо боловсруулаад экспортолно гэсэн чиг баримжаатай ажиллана. Миний ойлгосноор бусад компаниуд сонирхлоо илэрхийлэхдээ туслан гүйцэтгэгчээр оролцоё гэсэн санал тавьсан гэж ойлгож байгаа. Ингэснээр цаашдаа консорциум эрсдлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагаагаа зангидаж удирдана. Гэхдээ ганцаараа хийхгүй, бүх монголчууд бүгдээрээ нийлээд хийнэ. Гэрээ хэлэлцээ амжилттай дуусвал шууд ажилдаа ороход бэлэн” гэсэн тодруулгыг хэвлэлд өгөөд байна.

battulga erdenechimeg

Эндээс харвал Засгийн газар ойрын хугацаанд, он солигдохтой зэрэгцээд Тавантолгойг хөдөлгөх чагтыг эргэлт буцалтгүй мултлах бололтой. Харин парламент дахь сөрөг хүчнийхэн болоод олон нийтийн зүгээс хэрхэн хүлээж авах нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “65-ын бүлгийг ёлконд орж хэссээр байх ар хударгаар чинь Тавантолгойн луйвар явах нь. Өнөөдөр хэсэг бүлэг этгээдүүд Тавантолгойг маш бага үнээр хятадуудад өгөх луйвар хийж байна” хэмээн чуулганы танхимд хурцаар шүүмжилсэн.

Өмнөх парламентын үед УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтнүүд Тавантолгойн яриа хэлцлийг зогсоох тал дээр идэвхийлэн зүтгэж, үүгээрээ бахархсаар явдгаа хэвлэлээр нэг бус удаа зарлаж байсан. Үүгээр ч зогсохгүй төрийн гурван том дарга Тавантолгойгоос болоод ил тодоор хагаралдаж, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Тавантолгойг өрөөнд нь орж ирж гуйсан гэх мэтчилэн олон нийтийг шуугиулж байлаа.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн дүнд төрийн эрхийг атгасан МАН ийнхүү Тавантолгойн төслийг ойрмогхон хөдөлгөж таарах нь. Монголын ард түмний баялгийн томоохон үүцийг задлах эзэн холбогдогч, оролцогчид нь манай парламентын гишүүдийг шинэ жилийн цэнгүүндэж, бүжиг эргэж байх зуур тодорхой болчихжээ.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to say I’m new to weblog and honestly liked this blog site. Likely I’m going to bookmark your blog . You actually come with remarkable article content. Thank you for sharing your webpage.

Сэтгэгдэл үлдээх