Post

Чуулганы хуралдаан цагаасаа 10-хан минут хоцорч эхэллээ

О.Туяа 2,055 үзсэн0

      УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 10:00 цагт эхлэх ёстой ч сүүлийн үед ирц хүрэхгүй шалтгаанаар цагтаа эхлэхээ больсон. Харин өнөөдөр 10 цаг 10 минутад чуулганы хуралдаан нийт 41 гишүүнтэйгээр эхэллээ.

Сүүлийн үед ажилдаа ирэхээ байсан гишүүдийн хувьд өчигдрийн чуулганы хуралдаан нэлээд гайхмаар, гэнэтийн байсан гэхэд хилсдэхгүй. УИХ-ын дарга М.Энхболдыг гадаад томилолттой байх үед хурал удирдаж байгаа дэд дарга Ц.Нямдорж өчигдөр хуралдаа ирээгүй болон хоцорч ирсэн гишүүдийг нэгбүрчлэн нэр дуудан зарлаж, ирцийн асуудлаас болж нэр хүндээ унагахгүй байх талаар нэлээд хүчтэй шүүмжилж загнасан. Мөн өчигдрийн үдээс хойших хуралдааныг цаг сунгаж үргэлжлүүлэх гэсэн боловч гишүүдийн зүгээс маргааш өглөө яг 10:00 цагт хуралдаа ирнэ гэсэн амлалтаар хаасан билээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж  буй арга хэмжээний талаар” хэлэлцэхээр товлоод байна.

Сэтгэгдэл үлдээх