America/Europe

Трампын тангараг өргөх ёслол дуучингүй болно

Э.Мөнхзаяа 1,779 үзсэн11

      АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 20-нд болох тангараг өргөх ёслолын ажиллагаандаа ая дуугаа өргөх поп одыг олж чадаагүй яваа тухай Америкийн хэвлэлүүдэд бичжээ.

Өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн 2009 онд тангараг өргөх ёслолын ажиллагаанд дуучин Бейонсе, Арета Франклин нар ая дуугаа өргөж, ёслолын дараа Рианна, Жеймс Тейлор, Кендрик Ламар нар хүрэлцэн ирж байсан билээ.

Тэгвэл шинэ Ерөнхийлөгч энэ асуудал дээр аз дутав бололтой. Нэрээ нууцалсан эх сурвалж “The Wrap” сайтад мэдээлснээр Трампын төлөөлөгчид тохирох дуучдаа олж чадаагүй л яваа гэнэ. “Тэд оддын менежер, туслахууд гээд бараг бүгд рүү нь утас цохиж байгаа боловч ихэнх нь очно гэж хэлэхгүй байна” гэжээ.

“ВВС”-гийнхэн “BBC Music Awards” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирсэн дуучдаас ямар нөхцөлтэйгөөр Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох вэ гэж асуужээ. “Грэмми”-ийн шагналт дуучин Жон Леженд л гэхэд Обамагийн гэрт хэд хэдэн удаа зочилж байсан удаатай. Тэрбээр “Уран бүтээлч хүмүүс тэвчээргүй байдал, үзэн ядалтаас зайлсхийдэг. Бид бол чөлөөтэй сэтгэдэг хүмүүс. Хэрвээ та хямрал эвдрэл, үзэн ядалт, тэвчээргүй байдал зэргийг бүрдүүлсэн нэгэн бол өөртөө бүтээлч хүмүүсийг татаж чадна гэж үү. Тэд эдгээртэй эвлэрч чаддаггүй юм” хэмээжээ.

Түүний хэлснийг Шведийн дуучин Сара Ларссон ч хүлээн зөвшөөрч байна. “Миний хувьд огт зөвшөөрөхгүй ээ. Ихэнх уран бүтээлчид Хиллариг дэмжиж, Дональдын эсрэг байсан. Тиймээс би ёслолд оролцохгүй. Ухаалаг хүмүүс тийшээ зүглэнэ гэдэгт эргэлзэж байна шүү” хэмээн ярьсан байна.

Трампын төлөөлөгчид ийнхүү хүнд асуудалд орсон ч өнгөрсөн сард жинхэнэ супер одтой хэлэлцээр хийж чадсан гэж мэдэгдэж байлаа. Түүний тангараг өргөх ёслолын хорооны гишүүн Энтони Скарамуччи “Манай тоглолтод Элтон Жон дуулах гэж байгаа” хэмээн ам алджээ. Түүнчлэн тэрбээр ижил хүйстний тод томруун төлөөлөгчийг тангаргын тоглолтдоо оролцуулсан анхны Ерөнхийлөгч нь Трамп байх болно гэж байлаа. Гэтэл дуучны төлөөлөгчид тун удалгүй уг мэдээллийг үгүйсгэсэн. Гэхдээ бүр хатуугаар шүү. “Энэ бол худал мэдээлэл. Тэр тоглолтод оролцохгүй. Энд үнэн гэх нэг ч үг алга байна” хэмээн Элтон Жоны төлөөлөгч бичжээ.

Түүнээс хойш ёслолын ажиллагаанд оролцох магадлалтай дуучдын тоонд сүртэй од болж гялалзаагүй рэпер Кид Рокоос кантри дуучин Билли Рэй Сайрус нар орж байв. Хэдий тийм боловч “The Wrap”-ын баталж буйгаар Трампын багийнхан Бруно Марс, эсвэл Жастин Тимберлейк нартай тохиролцох оролдлогоо зогсоогоогүй гэнэ. Нөхцөл байдал ийм хурцадмал байгаа тул Трампын төлөөлөгчид уламжлалыг зөрчиж, дуучдад мөнгө төлөхөд ч бэлэн байна. Эх сурвалж “Тэд хүссэн хэмжээний мөнгийг нь өгөхөд ч бэлэн байгаа” гэжээ. Одоогоор яг хэд гэдэг нь тодорхойгүй ч зургаан оронтой тоо байх нь ойлгомжтой.

Мэдээж хэрэг мөнгөний тухай яриаг Трампын төлөөлөгчид үгүйсгэж байна. Тангараг өргөх ёслолын хорооны төлөөлөгч Борис Эпштейн “Хороотой ямар нэгэн байдлаар албан ёсны харилцаатай нэг ч хүн ийм асуудалд оролцохгүй” гэжээ. Тэгвэл үнэхээр мөнгө санал болговол хэн ирэх бол.

Фредди Меркуриг нас нөгчсөний дараа “Queen” хамтлагт нэгдсэн, ЛГБТ нийгэмлэгийн эрхийн төлөө тэмцэгч, Америкийн дуучин Адам Ламберт “Ийм мөнгө санал болгосон ч зөвшөөрнө гэж бодохгүй байна. Би лав дэмжихгүй. Тангараг өргөх ёслолын хорооныхонд тун хүнд байх болно” гэжээ.

Британийн 1980-аад оны поп од, өдгөө гэнэт дахиад алдрын оргилд гарч буй Рик Эстли энэ асуудлыг огт эсэргүүцэхгүй байна. Тэрбээр “Хэдийг санал болгохоос л болно” хэмээн инээмсэглэжээ.

Түүнчлэн “Дэлхий даяар энэ онд улс төрийн томоохон тэсрэлт болсон. Трампын ялалт бол бялуун дээрх жижигхэн интоор нь л гэсэн үг. Гэхдээ Трамп ч бай, хэн ч бай, АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр британи хүн дуулна гэдэг буруу юм шиг санагдаж байна” хэмээжээ. Британийн “Bros” хамтлагт дуулж байгаад Лас-Вегаст ирж, хөгжмийн карьераа эхлүүлсэн Мэтт Госсын хувьд АНУ-ын армийн хүндэт ахмад цолтой. Тэгэхээр Трамп түүний ерөнхий командлагч болно гэсэн үг. Гэсэн хэдий ч Госс шинэ Ерөнхийлөгчийн ёслолын ажиллагаанд оролцохгүй байсан нь дээр гэж үзэж байна. “Би АНУ-д, Лас-Вегаст амьдарч байгаадаа маш их бахархдаг. Гэхдээ улс төр л биш шүү. Би эелдгээр татгалзана” хэмээжээ.

Тэгэхдээ Трампын тангараг өргөх ёслолд оролцохыг нууцхан хүсч суугаа дуучин байгаа л байлгүй. ВВС-ийнхэн “The 1975” Манчестр хамтлагийн гоцлол дуучин Мэтт Хилитэй уулзахад “Тийм ээ. Би дуулахад бэлэн байна. Гэхдээ нэг нөхцөл бий. Хэрвээ надад шагнал олговол хийх болно. Харин дараа нь юу болохыг хараарай” гэжээ. Түүнээс ямар хэмжээний мөнгө авахыг хүсч байгааг асуухад Хили “Түүний онгоц алтан бүстэй гэсэн. Тийм болохоор дор хаяж 1.25 сая ам.доллар байлгүй” хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master