Hot Topic + Experts

Independent: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Далай ламын айлчлалыг удирдаж хийлгэлээ

Н.Төгсмандал 19,769 үзсэн1

Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбогдон Монгол, Хятадын харилцаанд үүсээд байгаа үл ойлголцлын талаар гадаадын болон дотоодын хэвлэлүүд дуу дуугаа авалцан бичиж байна. Монгол болон Оросын хэвлэлээр ойрмогхон энэ байдал арай нааштай тал руугаа эргэж байна хэмээн дүгнэлээ.

Энэ нь Москва хотноо арванхоёрдугаар сарын 5-нд эхэлсэн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм. Хятадын тал энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа татгалзаж байгаагаа өмнө нь мэдэгдээд байсан юм. Гэвч эцсийн мөчид БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лю Сяоминь хэлэлцээрт гарын үсэг зурсан.

1_700

Үүнээс үндэслээд гадаадын зарим хэвлэлүүд, мөн манай улсын дотоодод Хятадын тал зөөлөрч эхэллээ хэмээн бичиж байна.

Гэсэн хэдий ч Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр амласан 1 тэрбум ам.долларын зээлийг авахад Хятадын тал таагүй хандаж байгаа тухай мэдээлэл ар араасаа хөвөрсөн. Энэтхэгийн Times of India-д “БНЭУ-ын Гадаад хэргийн яам нэгэнт амалсан зээлээ авах Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч байгаагаа илэрхийлсэн ба гэхдээ Энэтхэг улс Монгол-Хятадын харилцаанд гарсан хүндрэлээс гадна Монгол Улс өөрөө өрийн асуудалтай байгааг харгалзан үзэж, зээлийн нөхцөлийг сайтар судлах хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээн бичжээ.

Үүний дараахан Хятадын гадаад бодлогын тусгал нийтлэгддэг Global Times-ийн “Монгол Улс салан тусгаарлагчийг хүлээж авсан үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэсэн гарчигтай өгүүлэлд “Орос, Хятадын дунд оршдог Монгол Улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай. Монголын эрх баригчдыг олон улсын харилцаа ямар зарчмаар явагддаг талаар гэнэн ойлголттой, улс орныхоо эрх ашгийг бодолцохын хажуугаар бусадтай харилцан ашигтай байх зарчмыг мэддэггүй хэмээн шүүмжлээд Энэтхэгээс тусламж хүссэн явдал нь улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн гоомой шийдвэр, ингэснээр байдлыг улам хүндрүүлж  байна” гэжээ.

Эндээс харахад Энэтхэгийн тал Монгол, Хятадын харилцаанд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас өмнө нь амалсан зээлийг олгохдоо болгоомжтой хандаж, цаг хугацааны хувьд тийм таатай үе биш гэдгийг бодолцож байгаа, хятадууд бол манай улсыг гуравдагч орнуудын тусламжаар эдийн засгийн хямралаасаа салахад дуртай биш байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Өрнөдийн хэвлэлүүдэд Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбогдон үүссэн хоёр улсын харилцааны үл ойлголцлын талаар бүр ч өөр зүйлийг бичиж байна. Тухайлбал, Их Британийн Independent.com-д “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын шахалтыг үл тоон Далай ламын айлчлалыг удирдаж хийлгэлээ” хэмээн бичсэн байна. Энэ нийтлэлд одоо үүсээд байгаа нөхцөл байдал болон XX зууны Монгол, Хятадын харилцааны тухай, Далай лам хэрхэн Хятадын гадаад бодлогын дайсан болсон тухай түүхүүдийг дэлгэрэнгүй өгүүлсэн байна. “Гурван сая хүн амтай, Хятадын хойд талд оршдог энэ үндэстний хувьд хөрш улсынхаа эсэргүүцлийг үл тоон Далай ламын ес дэх айлчлалыг хүлээж авч чадлаа” хэмээгээд Ерөнхийлөгчийн үндэснийхээ хувцастай, морьтой яваа гоёмсог зургаар чимэглэжээ.

Мөн энэ нийтлэлд БНМАУ-ын удирдагч Юмжаагийн Цэдэнбалыг Хятадын эсрэг тууштай зогсож чаддаг байсныг олон тайлбар, зүүлттэйгээр онцолжээ. Гэхдээ тухайн үеийн Хятад болон өнөөгийн Хятадын хооронд ихээхэн зөрүүтэй болж хувирсныг басхүү тайлбарлажээ.

captureЯг иймэрхүү утга бүхий нийтлэлүүд өрнөдийн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр ойрмогхон цацагдсан.

capture-jpg2Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар, Гадаад хэргийн яам огтхон ч хамаагүй болохыг мэдэгдсэнээр асуудлын учгийг Ерөнхийлөгч рүү чиглүүлж орхисон Засгийн газрын гишүүн Ц.Мөнх-Оргилын мэдэгдлээс гадаадынхан ийм сэдэл олсон ч байж болох.

 Харамсалтай нь ийм хувилбар Монголын хувьд бүр ч ашиггүй, шинээр Засгийн эрхийг гартаа авсан улс төрийн хүчний Хятадтай ямар ч үнэ цэнээр хамаагүй хэл амаа ололцож, эдийн засгийн хямралаас өндийх гэсэн бодлоготой зөрчилдөнө.

 Тэр ч байтугай “Монголын эрх баригчид олон улсын харилцаа ямар зарчмаар явагддаг талаар гэнэн ойлголттой”гэсэн гадныхны шүүмжлэл дахин дэврэх сэдэл ч болж болох юм.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to tell you that I am just very new to blogging and site-building and really liked you’re web-site. Most likely I’m going to bookmark your blog post . You really come with fabulous writings. Bless you for sharing your blog.

Сэтгэгдэл үлдээх