Asia/Africa

Филлипинд хар тамхитай холбоотой 5.6 мянган хүнийг хөнөөгөөд байна

Э.Мөнхзаяа 877 үзсэн1

       “Залхаан цээрлүүлэгч” хочит Дутерте сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Манилагийн тэнгисийн булангийн загаснуудыг хар тамхи худалдаалагчдын цогцсоор хооллож, мансууруулах бодис зардаг хүмүүсийг хөнөөсөн хүн бүрт медаль олгоно гэж амлаж байлаа.

Олон хүн үүнд итгээгүй. Тэгээд ч популист улстөрчид ихийг чалчдаг хэрнээ засгийн эрхэнд гарахаараа бага зүйл хийдэг шүү дээ. Харин Дутерте арай өөр нэгэн байсан бололтой. Ерөнхийлөгч болмогцоо амласнаа хэрэгжүүлж, мансууруулах бодисын худалдаачид, зуучлагчид, хэрэглэгчдийг хөнөөж эхлэв.

Ийнхүү “Залхаан цээрлүүлэгч” олон улсын байгууллагууд, хүний эрхийг хамгаалагчдын эсэргүүцлийг ч үл хайхран Филиппинд иргэний дайн дэгдээсэн гэхэд болно. Одоогийн байдлаар тэрбээр энэ дайнд ялж явна.

Филиппиний дүр зураг

      “Миний найзуудын нэгийг өнгөрсөн долоо хоногт хөнөөсөн. Тэр надаас ялгаатай нь хар тамхи хэрэглэдэг байсан юм. Тэд найзын маань гэрт шөнийн 02 цагт орж, буудсан. Энгийн хувцастай, баг өмссөн хүмүүс байсан гэсэн. Бүгд л тэднийг цагдаагийнхан байсан гэж бодож байгаа. Гэхдээ бид яг цагдаа нар уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Бид маш их айсан болохоор хэн бэ гэдгийг нь тогтоож чадаагүй. Төсөөлөөд үз л дээ. Танихгүй хүмүүс гэрт минь орж ирээд, хүссэн хэн бүхнийг устгаж болно гээд бод доо” хэмээн хуучин “гүйгч” (хориотой бодис зөөвөрлөгчдийг хар тамхины худалдаачид ингэж нэрлэдэг) Рей Сингапурын сонины сэтгүүлчид ярьжээ.

Рей өмнө нь хар тамхины хүргэлтээр мөнгө олдог байсан бөгөөд төлбөрт нь метамфетамины хувь хүртдэг байсан аж. Харин “Залхаан цээрлүүлэгч” гарч ирснээр бүх зүйл өөрчлөгджээ.

“Дутерте Ерөнхийлөгч болмогц би хар тамхи хэрэглэхээ больсон. Маш их айсан. Тэр хэлснээ хийдэг хүн гэдгийг мэдэж байсан. Тэгээд ч би залуугаараа үхмээргүй байна” хэмээн Рей ярьжээ. Рейгийн найз, жижиг дилер Нептали Селестинод тун золгүй зүйл болжээ. Дутертег сонгогдсоны дараа тэр сайн дураар цагдаа дээр очиж, метамфетамин хэрэглэхээ болилоо хэмээн мансууруулах бодисын хор уршгийн тухай лекцэнд сууж эхэлсэн байна.

Хэдэн сарын дараа баг зүүсэн найман хүн Селестиногийн гэрт ирээд, хүүхдүүдийнх нь дэргэд түүнд найман сум зоож орхижээ. Хэргийн дуудлагаар цагдаагийнхан гэрт нь очиход цогцосны дэргэдээс гар буу, гурван уут метамфетамин илэрсэн байна. Ингээд мансууруулах бодисын эсрэг тусгай ажиллагааны үеэр Селестино түрүүлж гал нээсэн тул устгахаас өөр аргагүй болсон гэсэн дүгнэлт л гарчээ. Түүнчлэн Селестиног хууль бус үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийн тулд өөрийг нь сэжиглэх вий хэмээн зориуд бууж өгч, анхаарлыг сарниулах гэж оролдсон гэжээ.

Филиппинд ирсэн барууны сэтгүүлчдийн сурвалжилгуудыг үзэхэд ихэвчлэн өдөр бүр болдог аллага, хэрцгий балмад хэрэг зэрэг аймшигт дүр зургийг гаргасан байдаг. Тухайлбал, гудамжаар нэг үхсэн хүний цогцос, цус, үхтэлээ айсан хүмүүс гэх мэт.

Оршуулгын товчоод захиалгадаа дарагдаж, оршуулгын газарт өдөр бүр 5-10 хүнийг нутаглуулж байна. Тэглээ гээд авсчид, оршуулгын ажилтнууд баяжиж хөлжсөн юмгүй бөгөөд амиа алдсан ихэнх хүн ядуучуудын хороололд амьдардаг, гэр бүл нь оршуулгын зардлыг нь төлж дийлэхгүй хүмүүс байдаг гэнэ.

Оновчтой бууддаг орон

      Дутерте хар тамхитай дайтах аяндаа арми, цагдаагийн болон сайн дурын туслахуудыг оролцуулдаг. Сайн дурынхныг цагдаагийн отряд буюу үхлийн эскадрон, тэр ч бүү хэл масктай нууц хүмүүс ч гэж нэрлэдэг. Сайн дурын отрядынхны тактик харилцан адилгүй. Олон нийтийн өмнө шийтгэхээс эхлээд сэжигтний гэрт шөнө дунд очиж, төрөл төрөгсдийнх нь дэргэд буудах гээд харилцан адилгүй. Хамгийн түгээмэл нь мопед буюу мото дугуй унасан хоёр хүн хаанаас ч юм бэ гарч ирээд, хар тамхины худалдаачин байж магадгүй хүмүүст сум зооно. Ингээд амиа алдсан хүний толгойг лентээр ороож, цогцосных нь дэргэд “Би дилер” гэсэн бичигтэй хатуу цаас үлдээдэг.

Ерөнхийлөгчийн сайн дурын дайчдын хөнөөсөн хүмүүсийн тоо их. 5.6 мянган хүн энэ хэргээр амиа алдсаны 3.6 мянгыг нь сайн дурынхан гүйцэтгэжээ. Цагдаа нарын хувьд шууд л хүмүүс рүү бууддаг.

“Ройтерс”-ын сэтгүүлчдийн тооцоолсноор сэжигтний 97 хувь нь амиа алддаг байна. Тэгэхээр 100 хүн рүү буудлаа гэхэд 97 нь амиа алдаж, гурав нь шархаддаг аж. Энэхүү үзүүлэлтээрээ Филиппиний цагдаа нар Рио-де-Жанейрогийн цагдаа нарыг давна.

Филиппиний хар тамхичидтай тэмцэх агентлагийн тэргүүн Деррик Карреон хүртэл “Манай цагдаа нарын зарим нь гайхалтай сайн бууддаг” хэмээн ярьсан удаатай. Гэхдээ гэмт хэрэгтнийг барих гэдэг амаргүй ажил. Сүүлийн хэдэн сарын хугацаанд дээрх ажиллагааны улмаас цагдаагийн 16 ажилтан, гурван цэрэг амиа алдаж, 45 цагдаа, найман цэрэг шархаджээ. Амиа алдсан хүчний нэг ажилтан хар тамхины 118 худалдаачин хөнөөсөн гэж үзэхээр үнэхээр аймшигтай.

ВАDAC-ын үйл ажиллагаа

      Тэгвэл цагдаа нар болон сайн дурын отрядынхан хэнийг хөнөөхөө хэрхэн мэддэг вэ. Тэд BADAC мансууруулах бодисын эсрэг орон нутгийн хорооноос гаргасан тусгай жагсаалтыг дагана. Энэхүү байгууллага тэртээ 1998 онд байгуулагдсан боловч цаасан дээр л бичээстэй газар байлаа. Харин Родриго Дутерте тус байгууллагад сэргэх боломж өгсөн гэхэд болно.

BADAC-ын хорооны бүрэлдэхүүнд багш нар, сүмийн алба хаагчид, залуус, Дутертегийн мансууруулах бодисын эсрэг армийн нөхөд багтдаг. Эдгээр хүн хөршүүд, пастор, багш нараа сайн мэднэ. Ингээд тэд амьдралдаа ганц удаа ч болов хар тамхи худалдсан, амсаж үзсэн хүмүүсийг “хяналтын жагсаалт”-даа бичнэ. “Бид жагсаалтад хүмүүсийг өөрийн гараар, эсвэл цагдаа, армийнхнаар хөнөөлгөх гэж бичдэггүй. Бидний зорилго бол тэдэнд сайхан амьдралын замыг зааж өгөхөд оршино” гэж хорооны тэргүүн ярьжээ. Энэхүү жагсаалтад орсон хүмүүс аль болох бууж өгөхийг хичээж, хар тамхинаас бүрэн татгалзсан, хамтран ажиллахад бэлэн гэдгээ харуулдаг. Одоогийн байдлаар бууж өгсөн хүмүүсийн тоо 800 мянга гаруйд хүрээд байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.

Гэхдээ Селестиногийн жишээнээс харвал гэрт нь масктай хүн дайрч орж ирээд хөнөөхгүй гэх баталгаа үгүй аж.

Иргэд нь дэмжиж байна

      Дутерте хар тамхи худалддаг, хэрэглэдэг ямар ч хүнийг нийгмээс гадуурхаж, үргэлж айдас хүйдэс дунд амьдруулахыг хичээж байна. Хамгийн хачирхалтай нь түүний энэхүү үйлдлийг хүн ам нь дэмжиж байгаа явдал юм. Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас үзэхэд филиппинчүүдийн 76 хувь нь “Залхаан цээрлүүлэгч”-ийнхээ үйлдлийг сайшааж байгаа аж. Энэ бол Дутертегийн ард түмнийхээ эсрэг явуулж буй алан хядах ажиллагаа биш, энэ бол цөөнхийн эсрэг ард түмний олонхиос явуулж буй алан хядах ажиллагаа гэнэ. Үүнийг Лусон арал дахь Булакан мужийн цагдаагийн газрын дарга Ромео Карамат ч баталж байна. “Хар тамхи худалдаалагчид бол явдаг тэсрэх бөмбөгнүүд юм. Түүнтэй тэмцэхэд цуст хядлага гарах нь ойлгомжтой. Хумхаа өвчинтэй тэмцэхтэй яг адил. Ганц ч шумуул устгахгүйгээр энэ өвчинтэй тэмцэж болох бил үү” хэмээн ярьжээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Дутертегийн үйлдлийг эсэргүүцэгчид ч цөөнгүй бий. Зүүний томчуудын хэлж буйгаар Филиппин хар тамхины худалдаатай тэмцэх дайнд өөрийн орд харшдаа тухлан хэвтэж буй хар тамхины худалдаачид бус, ихэвчлэн ямар ч гарцгүйн улмаас метамфетамин хэрэглэдэг ядуусын хорооллын иргэд өртөж байгаа гэнэ. Баячуудын хороололд хар тамхитай тэмцэх ажил баячуудын хаалгыг зөөлөн тогшиж, эздэд нь мансууруулах бодисын хор хохирлыг тайлбарласан ухуулах хуудас өгөх төдийхнөөр хэрэгждэг байна. Харин ядуусын хороололд буу сум барин, шүүхгүйгээр асуудлыг шийддэгээрээ ялгаатай.

Дутерте “Энэхүү дайн сүүлчийн хар тамхичин, сүүлчийн санхүүжүүлэгч нь, сүүлчийн хэрэглэгч нь торны цаана орох хүртэл ямар ч амралтгүй үргэлжлэх болно” гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар иргэний дайн томоохон хотуудад явагдаж байгаа бөгөөд Дутерте болон чимээгүй олонхийн тал ялж байна. Гэхдээ төвийн Лусон мужид хяналтын жагсаалт гаргадаг хорооны 3.1 мянган ажилтны 31 удирдлага нь дахиж ийм жагсаалт өгөхөөс татгалзаад байна. Хэрвээ Дутерте эхэлснээ дуусгаж чадахгүй бол өөрийг нь дэмжиж буй филиппинчүүдийн 76 хувьд тэр юу гэж тайлбарлах вэ. Бас асгаруулсан их цусны үнэ цэнийг хэн төлөх вэ гэдэг асуудал үүсэх нь ойлгомжтой.

Сэтгэгдэл (1)

  1. Cialis Jelly Sachet п»їcialis Cephalexin Expired Drug Ok Keflex Dosage For Adults Stendra Erectile Dysfunction Wirral

Сэтгэгдэл үлдээх