Asia/Africa

Стамбулд болсон дэлбэрэлтэд амиа алдсан хүний тоо 29-д хүрлээ

Э.Мөнхзаяа 774 үзсэн1

      Туркийн нийслэл Стамбул хотод болсон алан хядах ажиллагаанд амиа алдсан хүний тоо 29-д хүрлээ.

Эдгээрийн 27 нь цагдаагийн ажилтнууд байжээ. Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн хэлснээс эш татан “Ройтерс” агентлагийн мэдээлснээр нийт 166 хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн 23-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар Дотоод хэргийн сайд мэдээлсэн байна. Туркийн Шадар сайд Нуман Куртулмушийн мэдэгдсэнээр эхлээд тэсрэх төхөөрөмжөөр цэнэглэсэн автомашин дэлбэрснээ 45 секундын дараа амиа золиослогч алан хядагч этгээд өөрийгөө дэлбэлсэн гэнэ. Автомашин дахь тэсрэх төхөөрөмжийг алсын зайнаас удирдсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан 10 хүнийг саатуулжээ. Энэхүү цуврал дэлбэрэлт Стамбул хотод бямба гарагийн оройн 22:30 буюу Монголын цагаар ням гарагийн 04:30 цагийн үед “Vodafone Arena” цэнгэлдэх хүрээлэнд “Бешикташ”, “Бурсаспор” хөлбөмбөгийн багийнхны тоглолтын дараа хүрээлэнгийн баруун хойд хэсгийн замд болсон аж.

Цагдаагийн тусгай ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус замаар явж байх үед тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрчээ. Харин цэцэрлэгт хүрээлэнд амиа золиослогч алан хядагч этгээд халдлага үйлдсэн байна.

Эрдоган энэ асуудлаар мэдээлэл хийв

      Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Стамбулд цуврал дэлбэрэлт болсонтой холбогдуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр алан хядах ажиллагааг зохион байгуулагчдыг эрс шүүмжилж, олон хүний амь нас эрсэдсэн гэдгийг баталсан байна. Эрдоганы хэлснээр алан хядах ажиллагаа нь аюулгүйн хүчний ажилтнууд болон энгийн номхон иргэдийн эсрэг чиглэсэн байсан гэжээ. Алан хядагчдын зорилго нь маш их хэмжээний хохирол учруулах байсан гэдэгт ч тэрбээр итгэлтэй байна. “Алан хядах ажиллагаанаас болж харамсалтайгаар амиа алдсан, шархадсан олон хүн байна. Аллах зовж шаналсан бүгдийг ивээх болно. Шархадсан хүмүүсийг хурдан эдгэхийг хүсье” гэжээ.

Гэхдээ тэрбээр яг хэдэн хүн амиа алдсан тухай тодорхой баримт хэлсэнгүй. Түүнчлэн тэрбээр ард түмэн энэхүү уй гашуудлыг даван туулна. Харин гэмт хэрэгтнүүдийг ял шийтгэл хүлээж байгаа гэжээ.

Туркт үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа

      Стамбул хотод болсон цуврал дэлбэрэлтийн дараа “Бешикташ” клуб албан ёсны сайтдаа клубын хоёр ажилтан амиа алдсан гэж мэдээлжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Турк улсад үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна. Төрийн бүх байгууллага төрийн далбаагаа бөхийлгөхөөр болжээ. “Vodafone Arena” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд болсон алан хядах ажиллагааг АНУ-ын зүгээс ч хүчтэй шүүмжилжээ. Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Нед Прайс “Эндээс үзэхэд халдлага нь цагдаагийн хүчний эсрэг чиглэгджээ. Өдгөө бидний бодол санаа, мөргөл залбирал халдлагад өртөгсөд, тэдний гэр бүл, ойр дотныхон болон Туркийн бүх иргэнтэй хамт” гэж мэдээлжээ.

Түүнчлэн тэрбээр “Бид НАТО-гийн холбоотон Турк улсад энэ оронд болон АНУ-д, дэлхий дээр тайван, тогтвортой байдалд аюул заналхийлэл учруулж буй алан хядагчидтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

Туркт 2016 онд болсон халдлагууд

      Наймдугаар сарын 20, Газиантеп. Хуримын үеэр дэлбэрэлт болж, доод тал нь 30 хүн амиа алдсан. Халдлагад Исламын улс бүлэглэл сэжиглэгдэж байна.

Зургаадугаар сарын 29, Стамбул. Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд халдлага болсны улмаас 41 хүн амиа алдсан. Энэ халдлагыг Исламын улс бүлэглэлийн дайчид үйлдсэн гэж буруутгажээ.

Зургаадугаар сарын 7, Стамбул. Автомашин дэлбэрсний улмаас цагдаагийн долоон ажилтан, дэргэдүүр нь өнгөрч явсан энгийн дөрвөн хүн амиа алдсан. Дэлбэрэлтийн хариуцлагыг Курдын “ТАК” радикал бүлэглэл хүлээсэн.

Гуравдугаар сарын 19, Стамбул. Амиа золиослогч этгээд худалдааны төвд дөрвөн хүнийг хөнөөсөн. Дэлбэрэлтийг Исламын улс зохион байгуулсан гэж буруутгагдаж буй.

Гуравдугар сарын 13, Анкара.

Тэсрэх төхөөрөмж суурилуулсан автомашин дэлбэрч, 34 хүн амиа алджээ. ТАК хариуцлагыг нь хүлээсэн.

Хоёрдугаар сарын 17, Анкара.

Цэргийн албан хаагчдын сууж явсан автобусанд халдлага гарч, 29 хүн амиа алдсан. ТАК хариуцлагыг нь хүлээсэн.

Нэгдүгээр сарын 12, Стамбул.

Германаас ирсэн 11 жуулчин дэлбэрэлтэд өртөж амиа алдсан. Дэлбэрэлтийг Сириэс ирсэн этгээд үйлдсэн.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх