Asia/Africa

22 жил төр удирдсан Гамбийн Ерөнхийлөгч сонгуульд ялагдлаа

Э.Мөнхзаяа 1,483 үзсэн1

      Гамби Улсын Ерөнхийлөгч Яхья Жамме 22 жилийн турш төр улсаа удирдсаны эцэст сонгуульд ялагдаж, сөрөг хүчнийхнээ гайхшруулжээ.

Олон нийтийн өмнө байнга эрих, таягтай гарч ирдэг тэрбээр дэлхийн хамгийн хачин, бас ч үгүй харгис төрийн тэргүүний нэгд тооцогддог байсан юм.

Жамме нь 1965 онд төрсөн бөгөөд 1994 онд 29 насандаа төрийн эрхэнд гарсан түүхтэй. Тухайн үед Жамме Гамбийн армид дэслэгч цолтой, төрсөн нутаг нь аялал жуулчлалын зурагт хуудаст амрахад хамгийн тохиромжтой газар гэгддэг байлаа. Тарган Ерөнхийлөгч өөрийгөө ер бусын хүч чадалтай лалын шашинтан, хүмүүсийг ДОХ, үргүйдлээс эмчилдэг, ижил хүйстэн байх нь хүн төрөлхтний оршин тогтноход аюул заналхийлэл учруулдаг зүйл гэдэг байв.

President And Mrs. Obama Host White House Dinner For US-Africa Leaders Summit

Жамме анхны эхнэр Тути Фаалаасаа салж, дараа нь шууд хоёр эхнэртэй болсон түүхтэй. Гэхдээ албан ёсны намтартаа хоёр эхнэрийнхээ нэгийг нь буюу Зинеб Яхья Жаммегаа л бичдэг. Тэгэхээр түүнийг л тус улсын тэргүүн хатагтай хэмээхэд буруудахгүй болов уу.

Гамби улсын хараат бус “Point” сонинд мэдээлснээр хоёр дахь эхнэр Алима Саллах нь 2010 онд түүнтэй гэрлэсэн гэдэг. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас энэ эхнэрийг нь тэргүүн хатагтай хэмээхгүй гэсэн зааварчилгаа гаргасан аж. Гэтэл ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зумагийн дөрвөн эхнэрийг дөрвүүлэнг нь тэргүүн хатагтай хэмээдэг билээ.

Яхья Жамме энэ сонгуульд ялагдахынхаа өмнө олон намын оролцоотой дөрвөн ч сонгуульд ялалт байгуулсан. 2011 онд ялснаас нь хойш Баруун Африкийн орнуудын Эдийн засгийн нийгэмлэгээс уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байдаг.

Тэрбээр 2013 онд улсаа Үндэстний хамтын нөхөрлөлөөс гаргах шийдвэр гаргасан. Британийн бүрэлдэхүүнд багтдаг болон колони байсан орнуудын хамтын нийгэмлэгээс гарахын тулд Гамби улсад бүх нийтийн санал хураалт болсон юм. Олонх нь тус улсын энэхүү үйлдлийг цаашид салан тусгаарлах гэсний шинж гэж үзэж байлаа.

“Тэрбум жилээр төр барина”

      Жамме 2011 онд “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа Ливийн Ерөнхийлөгч Муаммар Каддафийн хувь заяаг давтах, Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак шиг түлхэгдэн унахаас айхгүй гэж байв. “Миний хувь заяа бүхнийг чадагч Аллахын гарт байна. Би Гамбийн ард түмэнтэйгээ үлдэх болно. Хэрвээ би тэрбум жилээр төр барих шаардлагатай болбол, хэрвээ энэ нь Аллахын таалал бол түүнийг л дагана гэсэн үг” гэж мэдэгджээ.

Жамме тухайн үед хүний эрхийг хамгаалагчдийн хүчтэй шүүмжлэлд санаа зовохгүй байгаагаа хэлж байлаа. “Би Аллахаас өөр хэний ч өмнө сөгдөхгүй. Хэн нэгэнд энэ нь таалагдахгүй бол тэр чөтгөр лүүгээ тонилог” гэж мэдэгдсэн байна.

“ДОХ-ыг эмчилж чадна”

      Жамме этгээд хачин хэллэгээрээ алдартай. Тэрбээр 2007 онд ургамлын хандаар ДОХ-ыг эмчлэх чадвартай гэж мэдэгдсэн нь эмч нарын дургүйцлийг төрүүлсэн юм. Хожим нь Жамме эмэгтэйчүүдийн үргүйдлийг ч бас эмчилж чадна гэж мэдэгджээ. Тэрбээр ижил хүйстний эрхийг хамгаалагчид, тэмцэгчдийг үзэн яддагаараа алдартай бөгөөд нэг удаа гейчүүдийн толгойг авна ч гэж сүрдүүлж байсан удаатай. Жамме 2014 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэх үеэрээ өрнөдийнхөн түүнд улс орондоо ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна гэж гомдолложээ.

Мөн түүнийг сэтгүүлчид, сөрөг хүчний намынханд халгаатай гэдэг. Тухайлбал, “Point” сонины редактор Дейде Хидарег 2004 онд буудаж хөнөөсөн хэрэгт түүнийг буруутай гэдэг. Энэ асуудлаар Жамме “ВВС”-д өгсөн ярилцлагадаа “Энэ улсад өөр хүн ч үхэж л байдаг. Дейде Хидаре тэднээс юугаараа өөр гэж?” хэмээн хариулж байсан аж.

Үүнээс гадна 2013 оны наймдугаар сард Курбан-байрамын баярын хурал дээр Жамме цаазын ял сонссон хоригдлуудын ялыг маш хурдан хугацаанд гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байжээ. Ийнхүү тэрбээр Гамби улсад 27 жилийн турш оршин тогтнож байсан цаазын ялыг халах үзэгдлийг зогсоосон. Тэгэхдээ “Миний Засгийн газар гэмт хэрэгтнүүдийн хүн амын 99 хувийнхны өгсөн мөнгөөр амьдрахыг зөвшөөрөхгүй” гэж хэлж байжээ. Ингээд Гамби улсад 1997 онд төрийн эргэлт хийх оролдлого хийх гэж байгаад баривчлагдсан армийн дэслэгч асан Алье Ба нарын есөн хүнийг цаазалсан. Хожим нь Европын холбоо, Африкийн холбооны дарамт шахалтаар цаазын ялаа зогсоосон билээ.

3929983

Жамме сонгуульд ялагдал хүлээсэн нь гэнэтийн зүйл болсон юм. Учир нь түүний тусгай алба тив даяараа харгис хэрцгийгээрээ алдартай юм. Тиймээс ч сонгуулиас өмнө иргэд нь Ерөнхийлөгчийнхөө тухай ганц муу үг хэлэхээс ч айдаг байсан юм. Өнгөрсөн оноос Жамме өөрийгөө “Эрхэм ноён профессор Альхажи доктор Яхья Жамме Бабили Манса” хэмээн өргөмжлөх болсон. Бабили манса хэмээх хоёр үгийг нь хөрвүүлбэл “Гүүрний ерөнхий баригч” буюу “гол усыг эзэмшигч” гэсэн утгатай юм.

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to say I’m very new to weblog and actually liked you’re web page. More than likely I’m likely to bookmark your website . You surely come with beneficial writings. Regards for sharing with us your website page.

Сэтгэгдэл үлдээх