Asia/Africa

Ерөнхийлөгч Пак Кын Хэ огцроход бэлэн

Э.Мөнхзаяа 5,205 үзсэн9

        БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хэ өөрийнх нь хүрээллийн хүмүүсийн холбогдсон авлигын дуулиантай холбогдуулан ард түмнээсээ уучлалт гуйгаад, хугацаанаасаа өмнө огцроход бэлэн гэдгээ мэдэгджээ.

Энэ талаар тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан байна. “Ард түмнийхээ өмнө чин сэтгэлээсээ байж чадаагүйд уучлалт гуйж байна” хэмээн мэдэгдээд цаашдын хувь заяаг нь парламент шийднэ гэж тэмдэглэжээ. “Парламентаар миний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг багасгах зэрэг ирээдүйг минь шийдэхийг санал болгож байна” гэжээ.

Ийнхүү Үндэсний хуралдаанаар түүнийг огцруулна гэсэн санал дэмжигдвэл Пак Кын Хэ ажлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийллээ. Хуульд зааснаар энэхүү шийдвэрийг дараа нь Үндсэн хуулийн шүүхээр батлах ёстой. Гэвч тэрбээр эдгээр шатыг дамжилгүй, сайн дураараа огцорно гэсэн ойлголтыг төрүүлжээ. Түүний цорын ганц хүсэл нь Өмнөд Солонгост ноёлоод буй эмх замбараагүй байдлаас аль болох хурдан салж, нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд аваачих гэжээ.

Ерөнхийлөгчийн мэдэгдэл парламентыг хагаралдуулав

      Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн огцроход бэлэн гэсэн мэдэгдэл түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар энэ долоо хоногт парламентад санал хураахаар төлөвлөсөн улс төрийн намуудын удирдлагуудыг хагаралдуулжээ.

Сөрөг хүчний “Тобуро” Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хэлсэн үг нь огцруулах асуудлаас зайлсхийж, засгийн эрхэнд удаан хугацаанд үлдэх гэсэн “заль мэх” гэж үзэж байна. “Ард түмэн Ерөнхийлөгчийг парламентын шийдвэрээр хариуцлагад татах, эсвэл хэргийг сунжруулахыг биш, нэн яаралтай огцрохыг шаардаж байна” хэмээн “Тобуро”-гийн албан ёсны төлөөлөгч Юн Квак Сук сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний тэмдэглэснээр тус намынхан ирэх сарын 2-нд болохоор төлөвлөсөн Пак Кын Хэг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Харин энэ үеэр эрх баригч “Сэнури” намын төлөөлөгч Чун Чин Сук “Төрийн тэргүүн иргэдийн огцрох уриалгад хариулт өгч, итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх хугацааг дахин харах асуудлаар сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийх бодолтой байна” гэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч огцрохын тулд парламентын 300 гишүүний дор хаяж 200-гийнх нь дэмжлэгийг авах шаардлагатай юм. Энэ нь сөрөг хүчнийхэн “Сэнури” намын доод тал нь 28 гишүүний санал дутаж байна гэсэн үг аж.

Сэтгэгдэл үлдээх