America/Europe

Фидель Кастрогийн дүү оршуулгад нь оролцохгүй

Э.Мөнхзаяа 2,536 үзсэн0

Кубын удирдагч асан Фидель Кастро 91 насандаа таалал төгслөө. Энэ талаар түүний дүү, Куба улсын одоогийн Ерөнхийлөгч Рауль Кастро төрийн өмчийн телевизээр мэдээлсэн байна. Рауль Кастрогийн хэлснээр түүний ах баасан гарагт, орон нутгийн цагаар оройн 19 цагийн үед таалал төгссөн гэнэ. Кубын хувьсгалын удирдагч агсан тэрээр нас барахаасаа өмнө өөрийг нь чандарлаарай гэж гэрийнхэндээ захижээ. Кастро Куба улсыг бараг 50 жилийн турш удирдсан бөгөөд 2008 онд дүү Раульдаа бүрэн эрхээ шилжүүлсэн юм. Гэхдээ тэрээр Ерөнхийлөгчийн эрхээ дүүдээ шилжүүлэхээс бараг хоёр жилийн өмнө үүрэгт ажлаасаа хөндийрсөн гэхэд болно. Эмч нар түүнд ходоодны аюулт өвчин туссан гэсэн онош тавьсны дараахнаас тэрээр ийм шийдвэр гаргасан гэж 2013 онд ярьж байжээ.

Харин Фидель Кастро энэ оны дөрөвдүгээр сард болсон Кубын Коммунист намын их хуралд оролцсон төдийгүй төлөөлөгчдөд үг хэлсэн юм. Тухайн үедээ тэрээр “Удахгүй би 90 нас зооглоно. Би ийм зүйл болно гэж огт бодож байгаагүй. Ингэж урт насалж байгаа нь хөдөлмөрийн үр шим гэхээс илүүтэй хувь заяа гэж бодож байна. Удахгүй би бүгдийн адил хорвоог орхино. Учир нь бид бүгд л хэзээ нэгэн цагт энэ хорвоогоос явдаг. Гэхдээ Кубын коммунистуудын үзэл суртал мөнх байх болно” гэж мэдэгдэж байжээ.

Фидель Кастро хамгийн сүүлд наймдугаар сарын 13-нд 90 насны ойгоороо олон нийтийн өмнө гарч ирсэн. Кубын нэрт “Granma” сонины Кастрогийн 87 насны ойг тохиолдуулан бичсэн нийтлэлд тэрээр хүнд өвчтэй ч ингэж удаан амьдарна гэж төсөөлж байгаагүйгээ хэлж байжээ.

Испанийн цагаач, тариалан эрхлэгч Анхель Кастрогийн хүү Фидель Алехандро Кастро Рус нь Биран хэмээх ядуу тарчиг, бөглүү хотод төрж, иезуитын сургууль, коллежид боловсрол эзэмшжээ. Коллежоо төгсөөд тэрээр Гаванын их сургуулийн хуулийн факультетэд үргэлжлүүлэн суралцсан байна. Гаванад оюутан байхдаа л Кастро улс төрийн үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

1947 оны сүүлчээр Кастро улс орны баялаг харийнхны гарт орсон тухай мэдэгдэж, хамт суралцагсдаа зэвсэгт тэмцэлд уриалж, “Залуу үндэстэн хэзээ ч бууж өгдөггүй” гэсэн уриа дэвшүүлж байлаа.

1955 онд Фидель Куба улсад хувьсгалын отрядыг байгуулж, засгийг эзлэн авахын тулд Мексик рүү нисч байжээ. 1957-1958 оны үед Кастрогоор удирдуулсан босогчид Фульхенсио Батистагийн дэглэмийн эсрэг томоохон болон жижиг хэд хэдэн ажиллагаа явуулж, 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Босогчдын арми Гаванад орж ирж байжээ. Фидель Кастро хэсэг хугацааны дараа Ерөнхий сайд болсон бөгөөд 2008 он хүртэл энэ албан тушаалыг хашиж байжээ.

Кастро таалал төгссөн тухай мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Сирийн тэргүүн Башар Асад гээд дэлхийн бараг бүх удирдагч эмзэглэн хүлээн авсан байна.

Фидель Кастрогийн таалал төгссөнтэй холбогдуулан Куба улсад ес хоногийн гашуудал зарласан байна. Түүнчлэн Алжир, Никарагуа, Уругвай, Венесуэль зэрэг улсад гашуудал зарлажээ. Түүнийг арванхоёрдугаар сарын 4-нд оршуулна.

Охин дүү нь оршуулгад оролцохгүй

АНУ-ын Флорида мужийн Майами хотод амьдардаг Фидель Кастрогийн охин дүү Хуанита Кастро ахынхаа оршуулгад оролцохын тулд Куба улсад хөл тавихгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр “Намайг Куба руу оршуулгын үйл ажиллагаанд оролцохоор явсан гэсэн цуу яриа гарсантай холбогдуулан тайлбар хийе. Би тус арал руу хэзээ ч эргэж очоогүй, очихоор ч төлөвлөөгүй. 51 жилийн өмнө би кубачуудын нэгэн адил цөлөгдөж, амьдрах газар хайсаар Майамид ирсэн” хэмээн ярьжээ.  Гэхдээ тэрбээр үзэл суртлын хувьд зөрчилддөг ч ахынхаа нас барсан тухай мэдээллийг гашуудан хүлээн авсан гэнэ. “Фиделийн төрсөн дүүгийн хувьд би цус нэгтэй хүнээ алдсандаа гуниглан гашуудаж байна. Рамон, Анхелита зэрэг ах, эгч нараа нас барахад ч ингэж л байсан” хэмээжээ. Үүнээс гадна тэрбээр ахыгаа таалал төгссөний дараа кубачууд бүх ард түмнийг нэгтгэх замаа олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хуанита Кастро 1964 онд Кубыг орхиж, түүнээс хойш нэг бус удаа Кубын засаг захиргааг илээр шүүмжилж байсан юм. Хожим нь тэрбээр 1961 оноос АНУ-ын Тагнуулын төв газартай хамтран ажиллаж байснаа хүлээсэн билээ.

Ким Чен Ун гашуудлаа илэрхийлэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастрод эмгэнэлийн цахилгаан явуулжээ.

Тус цахилгаан мэдээнд Кастрог империализмтэй тэмцэх, социализм, шударга байдлын төлөөх үйл хэрэгт асар их хувь нэмэр оруулсан Кубын ард түмний агуу их удирдагч, улс төрийн нэртэй төлөөлөгч байсан гэж тэмдэглэжээ. Түүнчлэн Кастрог Солонгосын ард түмний дотны нөхөр, найз хэмээн нэрлээд, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүхнийг хийсэн хүн гэжээ. “Хэдийгээр тэр таалал төгссөн боловч түүний үнэлж баршгүй гавьяа зүтгэл манай хоёр орны ард түмний зүрх сэтгэл, бүх давшилт хүн төрөлхтөнд үүрд мөнх үлдэх болно” гэж мэдэгдсэн байна.

Фидель Кастрогийн тухай сонирхолтой баримтууд

1. Фидель Кастро 13 насандаа аавынхаа тариалангийн талбайн ажилчдын бослогод оролцож, анх хувьсгалч нэгэн болохоо харуулсан гэдэг.

2. 14 насандаа АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд хандан захидал бичиж, хоёр дахиа сонгогдсонд нь баяр хүргээд, 10 доллар илгээгээч гэсэн хүсэлт тавьж байжээ. Учир нь тэр 10 долларын мөнгөн дэвсгэрт огт харж байгаагүй гэнэ. Кастро АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас захидлын хариуг хүлээн авсан боловч дотор нь мөнгөн дэвсгэрт байгаагүй аж.

3. Кастрог амьдралынх нь туршид 600 гаруй удаа хөнөөхийг оролдож байсан гэдэг. Тухайлбал, амрагаар нь хөнөөлгөх, кофе, тамхинд нь хор хийх зэргээр хөнөөх гэж байжээ. Кастрогийн хувьд өөрийг нь хөнөөх гэсэн оролдлого бүрийг Олимпийн спортын төрөлтэй зүйрлэдэг байжээ. “Хэрвээ хөнөөх оролдлогуудын дараа амьд гарах чадварыг Олимптой зүйрлэвэл би лав алтан медаль хүртэх байсан” гэж ярьж байжээ.

4. Фидель Кастро “Эмэгтэй хүн бол хорвоо дээрх хамгийн нандин зүйл. Эр хүний зүрхэн дэх эмэгтэй хүн бол ариун нандин, хир үл хүргэм бишрэл төрүүлэх эх булаг юм” хэмээн үздэг байжээ. ТТГ-аас түүнийг хөнөөхөөр томилогдсон нууц амрагийнх нь төлөвлөгөө ил болоход хүртэл тэр амрагтаа гар буугаа өгч, өөрийг нь хөнөөхийг зөвшөөрч байжээ. Гэвч амрагийнх нь Фиделийг хайрлах сэтгэл ялан дийлж, төлөвлөгөө нурж байсан гэдэг.

5.Кастро авьяаслаг уран илтгэгч байсан гэдэг. 1960 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр Кубын тэргүүн агсан дөрвөн цаг 29 минутын илтгэл тавьж байжээ. НҮБ-ын индэр дээрээс түүнээс удаан ярьсан хүн нэг ч байдаггүй. Хамгийн гол нь америкчууд Кастрог ирсэнд дургүй байсан, тэрээр АНУ-ын Тэнгисийн цэргийн албаны командлагч Арли Беркийг буруушаасан үг хэлж байхад л бүгд дуугүй, түүний хэлэхийг шимтэн сонсож байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Кубын удирдагч агсан түүнийг 1986 оноос хойш нэг бус удаа үхсэн гэж мэдээлж байсан. Гэвч сэтгүүлчдийн зөгнөл 30 жилийн дараа л биеллээ олов бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master