Hot Topic + Experts

Монголчуудад хатуу үнэнийг халгахгүй хэлдэг Элчин сайд

О.Наранхүү 12,189 үзсэн13

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад нутаг буцах болсонтой нь холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзжээ. Монгол, Японы харилцаанд 40 гаруй жил үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа дипломатч, монгол судлаач, Элчин сайд Т.Шимизү гуайг Засгийн газрын тэргүүн хүлээн авч уулзаж ийм хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Түүнийг Монголд элэгтэй, Монголын дотны анд нөхөр гэдгийг Ерөнхий сайд тодотгосон байна. Харин энэ үеэр Т.Шимизү “Монгол Улс энэ хугацаанд хөгжих боломж байсан, энэ боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Шинэ Засгийн газар зөв бодлого барьж ажиллавал Монголын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэж харж байгаа” хэмээжээ.

Хоёр улсын харилцааны гүүр болж явдаг дипломатч хүн тэр бүрийд хувийн үзэл бодлоо ил гаргаж, албаны нөхцөл байдалд илэрхийлээд байдаггүй. Тэр тусмаа япон хүний зан чанар гэдэг бол ёс журмын бат илэрхийлэл байдаг. Гэтэл  Т.Шимизү гуай олон жил хэлхээ холбоотой ажиллаж, цөөнгүй жил амьдарсан улсдаа тааруухан үг үлдээгээд явахын учир юу вэ?

Шинэ эрх баригчдад тал тохой татах гэсэн санаа лав энэ хүнд байх ёсгүй. Харин өнгөрсөн жилүүдэд Монголын улстөрчдийн богино зайны бодлого, болчимгүй үйлдлүүд туршлагатай дипломатчийг тэвчээр алдахад ч хүргэж байсан нь үнэн юм.

Тухайлбал  УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг 2015 оны аравдугаар сард Монгол Улсад айлчилсан Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тоос замхраагүй байхад сонинд ярилцлага өгч ““Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлалаар УИХ-ын ажлын хэсгийн зорилт биеллээ, Япончууд Тавантолгойн төсөлд оролцохоор болсонд баяртай байна. Арванхоёрдугаар сарын эцсээр япончууд Тавантолгой-Сайншандын зүүн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн судалгааг дуусгана. Тэгэхээр 2016 оны хавар төмөр замын ажил эхлэх бүрэн боломжтой” хэмээн юу юугүй япончууд орж ирээд төмөр зам барих гэж байгаа аятай барин тавин бүлтэрсэн байдаг.

Япон хэмээх өндөр ёс жаягтай улсын, дээр нь Гадаад хэргийн салбарт он удаан жил ажилласан мэргэжлийн дипломатч хүн тэр бүрий хүний ярианд хариу болгож, хэвлэлээр мэдэгдэл хийгээд байдаггүй ч Л.Эрдэнэчимэг гишүүний хоосон үгийг тэвчиж чадаагүй юм. Элчин сайд Т.Шимизү  гайхаж байгаагаа илэрхийлж  “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа  “Анх удаа ийм мэдээ сонсож байна. Санамж бичигт хугацаа заасан нэг ч заалт байхгүй” гэж сониноор дамжуулан залруулсан байдаг.

Манай зарим улстөрч дотооддоо нэр нүүр олохын тулд гадаадын түншүүдтэй хийсэн яриа хэлэлцээнд ороогүй мөртлөө чухал үүрэг гүйцэтгэсэн мэтээр барин тавин элдэв мэдэгдэл хийдэг болсны нэг жишээ энэ юм. Ийм учраас л туршлагатай дипломатч “Япон Улсын Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой буруу ойлголт хэвлэл мэдээллээр цацагдаж байгаад гайхаж сууна” хэмээсэн биз ээ.

Мөн тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ явдалд орооцолдсон бөгөөд аргагүйн эрхэнд элчин сайд Т.Шимизү “Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн л ийм утгатай ярилцлага өгсөн байна лээ. Магадгүй андуурсан ч байж болох юм” гэж ёжилсон байдаг. Бүхэл бүтэн тусгаар улсын Гадаад хэргийн сайдыг андуурсан байх аа хэмээсэн нь гайхширч, аргаа барсан хүний үг гэлтэй.

Сүүлд нь УИХ-ын сонгуулиар нэр бүхий улстөрчид Японд дадлагажигч хэдэн мянгаар нь гаргана хэмээн бараг л надад саналаа өгвөл арлын улсад ажиллаж амьдрахад асуудалгүй хэмээн сурталчилж байсан. Сонгуулийн пиар ширүүссэн эгзэгтэй цаг үед ч гэсэн элчин сайд аргагүйн эрхэнд ам нээж “Хоёр улс энэ талаар эцэслэн шийдээгүй байгаа шүү” хэмээн анхааруулж манай хөнгөн жингийн улстөрчдийн амыг тагласан удаатай.

Энэ мэтийн манай улстөрчдийн түргэн, түүхий алхмууд, хоёр орны харилцаанд сэв суулгаж мэдэх бодлогогүй үг яриа Т.Шимизү гуайг бухимдуулж байсан бизээ. Тиймээс ч үүнийгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа битүү үгээр цухалзуулж, ирээдүйд танай улс хөгжих нь тодорхой, гэхдээ олон зүйл дээр санаж бодож, өнгөрснөөсөө сургамж авч байх хэрэгтэй шүү гэсэн санаагаа эелдгээр илэрхийлсэн хэрэг биз ээ.

Монголд элэгтэй япон дипломатч ийм хатуу сургамжийг манай төр засагт үлдээгээд буцаж байна.

Сэтгэгдэл үлдээх