Asia/Africa

3.1 мянга гаруй хүн цунамийн аюулаас зайлсхийж, орон гэрээ орхижээ

Э.Мөнхзаяа 479 үзсэн1

      Японы зүүн хойд хэсэгт орших Фүкүшима мужид өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 05:59 цагийн үед 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Японы Цаг уурын газрын мэдээлснээр газар хөдлөлтийн голомт мужаас зүүн тийш далайн ёроолд 25 км-ийн гүнд мэдрэгджээ. Газар хөдлөлтөөс хойш зарим бүсэд 1.4 метр өндөр давалгаа, Фүкүшима дахь атомын цахилгаан станцын эргэн тойронд нэг метр хүртэлх өндөр давалгаа мэдрэгдсэн байна.

Номхон далайн эрэг орчмоор амьдардаг иргэдэд гурван метр хүртэл өндөр цунами мэдрэгдэж болзошгүй гэж анхааруулж байсан ч азаар томоохон аюул нүүрлэлгүй, цунамийн аюулын түвшнийг доошлуулжээ. Урьдчилсан мэдээллээр энэхүү газар хөдлөлт 2011 онд “Фүкүшима-1” атомын цахилгаан станцыг ажиллагаагүй болгосон газар хөдлөлт, цунамигаас хойших хамгийн хүчтэй байгалийн гамшигт тооцогдож байгаа гэнэ.

Газар хөдлөлтийн улмаас төмөр замын холбоо, нислэгүүд саатсан байна. Харин хурдны галт тэргүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Атомын цахилгаан станцын оператор компаниуд газар хөдлөлт болсон бүсүүдэд станцын бүрэн бүтэн байдалд шалгалт явуулжээ. Ялангуяа “Фүкүшима-1”, “Онагава”, “Токай” станцыг нарийвчлан шалгасан байна.

Газар хөдлөлтийн дараа “Фүкүшима-2” атомын цахилгаан станцын гуравдугаар эрчим хүчний блокийн дээд давхарт хэрэглэж дууссан цөмийн түлшний бассейны хөргөх систем зогссон байна. Системийг нэг цагийн дараа дахин ажиллуулсан бөгөөд цацраг идэвхт бодис гадагш алдаагүй, түлшний хэм хэвийн хэмжээндээ байжээ.

Фүкүшима мужид байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 3.1 мянга гаруй хүн цунамийн аюулаас зайлсхийж, орон гэрээ орхисон байна. Орон нутгийн засаг захиргааныхны мэдээлснээр орон гэрээ орхисон иргэдэд 60 орчим түр орогнох байр гаргаж өгсөн аж. Тус улсын баруун хойд хэсгийн Хоншю аралд 150 орчим дунд сургуулийг хааж, хүүхдүүдэд гэрээс гарахгүй байх зөвлөмж өгчээ. Фүкүшима мужийн засаг захиргаанаас 2011 онд “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарсны дараа хөрс идэвхгүйжүүлэх явцад хураасан сул цацраг идэвхт бодис бүхий шуудайтай шороо хадгалж буй 270 цэгт шалгалт явуулсан аж.

Одоогоор хадгалалтад ямар нэгэн доголдол гарсан тухай мэдээлэл алга. Газар хөдлөлт судлаачдын анхааруулснаар ойрын долоо хоногт Хоншю муж орчимд үүнтэй ижил хүчтэй газар хөдлөлт дахин болж мэдэхээр байна. Онц байдлын үр дагаврыг даван туулах асуудал эрхэлсэн улсын сайд Зюн Мацүмотогийн мэдээлснээр байгалийн гамшгийн улмаас томоохон хохирол амсаагүй гэнэ. Хэд хэдэн хүн бага зэргийн бэртэл авсан тухай мэдээлэл л иржээ. Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада орон нутгийн засаг захиргаанаас газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслах, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад цэрэг дайчдыг дайчлах хүсэлт ирээгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл (1)

  1. I wanted to thank you one more time for that amazing website you have built here. It truly is full of ideas for those who are seriously interested in this specific subject, particularly this very post. Your all actually sweet along with thoughtful of others plus reading the blog posts is a superb delight in my experience. And such a generous reward! Tom and I usually have excitement making use of your ideas in what we must do in a few days. Our collection of ideas is a distance long and simply put tips will certainly be put to excellent use.

    http://www.strategyboardgames.co.uk/lisboa-game-review/

Сэтгэгдэл үлдээх