America/Europe

Обама Сноуденыг өршөөхгүй

Э.Мөнхзаяа 1,050 үзсэн1

         АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы хэвлэлд өгсөн саяхны ярилцлагадаа Үндэсний аюулгүй байдлын ажилтан асан Эдвард Сноуденыг өршөөхгүй гэдгээ мэдэгджээ.

Ардчилсан намынхан шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампыг жинхэнэ дарангуйлагч хэмээн харуулахыг хичээж байгаа ч Нобелийн энх тайвны шагналт Обама нь АНУ, Европт хүний эрх зөрчигдөж буй асуудалд анхаарлаа хандуулсан илчлэгч эрийг өршөөхөөс татгалзжээ.

Үүнээс өмнөхөн “Wikileaks” сайтаас Сноуденыг болон тэдний гол мэдээлэгч Челси Мэннингт өршөөл үзүүлэхийг Барак Обамад уриалж, түүнд тийм боломж байгаа гэж мэдэгдэж байсан ч Обама Үндэсний аюулгүй байдлын агентлагийн шинжээчийг шүүхэд очтол өршөөхгүй гэсэн байна. Тэрбээр “Би шүүхийн өмнө зогсоогүй хүнийг өршөөж чадахгүй. Тиймээс энэ асуудал дээр ямар нэгэн тайлбар хийж чадахгүй. Ноён Сноуден тун хэцүү асуудлыг ил гаргасан. Гэхдээ тэр үүнийг манай тусгай албаныхны дүрэм, ёс зүйг зөрчиж гаргаж ирсэн” хэмээн “Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“The Guardian” сонин 2013 оны зургаадугаар сард АНУ, Их Британийн тусгай албаныхан интернэтээр хэрхэн мөрддөг тухай цуврал нийтлэл гаргаж эхэлсэн. Эдгээр нийтлэл нь Сноудены сонины сэтгүүлч Глен Гринвальдад өгсөн нууц материалд үндэслэгдэж гарсан юм. Сноуден эхний нийтлэлээс өмнөхөн Хонконг руу нисч, дараа нь Москвад нисч ирсэн бөгөөд АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа зогсооно гэсэн нөхцөлтэйгөөр түр орогнол авсан аж. АНУ-ын Хууль зүйн яамны зүгээс ч түүнийг эх орноосоо урвасан хэргээр буруутгасан.

      Сноуден 2013 оны долоодугаар сард Оросын төр засгаас түр орогнол хүсч, 2014 оны наймдугаар сард гурван жил амьдрах эрх авсан. Эдвард Сноудены хувьд өөрт нь өршөөл үзүүлэхийг хүлээж суугаагүй бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг өөрийг нь Вашингтонд шилжүүлэх тухай Трамптай зөвшилцөх вий гэдгээс ч айхгүй гэдгээ мэдэгджээ. “Хэрвээ намайг аюулгүй байдал санаа зовоож байсан бол, хэрвээ аюулгүй байдал, миний ирээдүй санааг минь зовоож буй цорын ганц асуудал байсан бол би зүгээр л Хавайд байсан нь дээр байсан юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Түүнчлэн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчид “Wikileaks”-ийн мэдээлэгч Челси Мэннинг ч өршөөх хүсэлт ирж байсан юм.

Америкийн армид алба хааж байсан Брэдли Мэннинг нь “Wikileaks” сайтад цэргийн болон дипломат 700 гаруй баримтыг дамжуулснаас гадна АНУ-ын 2009-2010 онд Иракт явуулсан цэргийн ажиллагаатай холбоотой бичлэгүүдийг шилжүүлжээ. Үүнээсээ болж тэрбээр 2013 онд тагнуул, төрийн өмч хулгайлсан хэргээр 35 жилийн ял сонссон билээ. Тэрбээр ял сонссоныхоо дараа хүйсээ солиулах хүсэлтэйгээ илэрхийлж, өөрийгөө Челси хэмээн нэрлэх болсон. Мэннинг өдгөө Канзас дахь Ливенворт боомтын цэргийн хориход нийтийн камерт ял эдэлж байгаа аж. Мэннингийн өмгөөлөгч өршөөлийн асуудлаар хандсан боловч түүхэнд нууц баримт дэлгэсэн хүмүүст өршөөл үзүүлэх асуудал байгаагүй гэнэ. Тэгэхээр Обамагийн засаг захиргааны үед Хууль зүйн яамнаас урвасан хэргээр буруутгагдсан Сноуден ч, Мэннинг ч халаагаа өгч буй Ерөнхийлөгчөөс өршөөл хүсээд нэмэргүй бололтой.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I am just beginner to blogging and site-building and absolutely enjoyed your web site. Almost certainly I’m likely to bookmark your blog . You surely come with outstanding posts. Regards for sharing your webpage.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master