Hot Topic + Experts

Их улс төрөөс холдож байгаа С.Баяр, М.Энхсайхан хоёр

О.Наранхүү 13,618 үзсэн2

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад элчин сайдаар суух хүмүүсийг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж Ерөнхийлөгчид санал болгохоор тогтсон юм. Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлж, зарим оронд улсаа төлөөлөн суух өндөр хариуцлага бүхий албан тушаалд очих хүмүүсийг харахад бас ч үгүй чамгүй чанартай эрхмүүд байгаагаас хоёр сонголтыг нь энд онцлон өгүүлье.

2016 оны Арваннэгдүгээр сарын 16. Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжилээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар МАН-ын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг, Шведийн вант Улсад суух Элчин сайдаар АН-ын дарга асан, Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан нарыг томилуулахаар Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлээд байна.  Эдгээр улстөрчид хоёул Монголын хоёр том намыг тус тус удирдаж байсан, олон жил улс төрд нөлөө бүхий явж ирсэн хүмүүс юм. С.Баярын хувьд өмнө нь ОХУ-д элчин сайдаар сууж байгаад дуудагдан ирж улмаар намын Бага хурлаараа намынхаа даргыг авч, Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Одоо ч түүний нөлөө намдаа хэвээрээ гэгддэг бөгөөд элдэв томилгоон дээр С.Баярын фракц, жигүүрийн нөлөө орлоо хэмээн хэвлэлд бичигдэх нь бий. Сонгуулийн өмнө АНУ дахь С.Баярын олон үл хөдлөх хөрөнгийн тухай шуугиан хүчтэй дэгдэж, хаусныхаа гадна зүлэг услаад зогсож байгаа зураг ихээхэн тархаж байлаа. Тэгвэл нам нь үнэмлэхүй ялалт авч засгийн эрхийг гартаа оруулсны дараа С.Баяр алс холын Англид элчингээр явах гэж байна. Үүнийг улс төрийн хүрээний зарим хүн дэвшүүлэн зайлуулж, үнэн хэрэгтээ гавьяаны амралтад нь соёлтойгоор үдэж буй хэрэг ч гэж тайлбарлаж байна. Үнэхээр ч соц нийгмийн үед улс төрийн товчооноос мултарсан нас өндөр дарга нарыг дипломат харилцаатай социалист улсуудад элчингээр илгээж, их улс төрөөс зайлуулдаг байсан уламжлалыг өнөөгийн МАН үргэлжлүүлж байна гэж ойлгож болохоор. Социализмын үед халимаг буугаад хэлмэрч, дарга буугаад элчин гэдэг онигоо ч байлаа.  Одоогийн эрх баригчид хуучнаа санагалзахдаа гарамгай болоод байгаа. Төв талбайгаасаа Чингисийн нэрийг халж Сүх жанжны нэрээр буцаан нэрлэсэн, бас л АН-ын үед халж байсан Бүгд найрамдах улс тунхагласан өдрийн баярыг дахин тэмдэглэж, ард нийтээ амруулахаар болж байгаа зэргээс харахад ийм.

2016 оны Арваннэгдүгээр сарын 16. Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжилээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Их Британи улстай манай орны хувьд харилцаагаа өндөр хөгжүүлэхийг үргэлжид эрмэлздэг боловч С.Баярын өмнө нь улсаа төлөөлж байсан хойд хөршийнхтэй харьцуулшгүй бодит харилцаа сул. Тэгэхээр С.Баяр Монгол-Английн харилцааг идэвхжүүлж чадах уу, эсвэл дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний өндөр эрх ямбаа эдлээд чимээгүйхэн сураг алдрах уу гэдгийг цаг хугацаа харуулна.  Америкт байхдаа С.Баяр жирийн иргэний хувиар амьдарч байлаа. Харин Англид бол төрийн нэрээр онц бөгөөд бүрэн эрхтэй очиж байгаа тул эрхбиш хаусныхаа гадна зүлэг услаад зогсож байхгүй биз ээ.

2016 оны Арваннэгдүгээр сарын 16. Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжилээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Харин М.Энхсайханы хувьд аль ч намын өнгөн дээр нэр, нүүртэй, басчиг гүйлгээ ухаан сайтай улстөрч болохыг хэн ч хэлнэ. Ардчилсан намын Засгийн газарт сайдын алба хашиж байгаад МАН-ын ялалт байгуулсан үед өдөр тутмын сонинуудаар ил захидал илгээж байгаад л өндөр албан тушаалд томилогдож байгаа бараг анхны өөр намын улстөрч болж тодорч байна. Цагтаа Ардчилсан намыг ч удирдаж байсан, Ерөнхий сайдын албыг ч хашиж байсан, Монголдоо дөнгүүр эдийн засагчдын нэг гэгддэг энэ хүн сүүлийн жилүүдэд ганцаарчилсан тоглолт хийж улс төрийн тавцанд аль ч намын “өвөрт” орохоос буцахгүй сүүхээ гаргаж ирсэн. Дээр дурдсанчлан МАН-ыг сонгуульд ялсны дараа өдөр тутмын сонинуудад эрх баригчдад хандсан томоохон ил захидал хэвлүүлэхдээ “МАН бол боловсон хүчин сайтай нам, гэхдээ бас өөр бусад нам хүчний өндөр туршлагатай, чадвартай хүмүүсийг ч төрийн ажилд авах нь зөв шүү” хэмээж ил тод тал засахынхаа зэрэгцээ өөрөө кабинетэд нь багтаж байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг өр зээлнээс өөр юу ч үлдээгээгүй нь үнэн хэмээн өөрөө уснаас хуурай гарахыг оролдож байсан юм. Одоо эргэцүүлэхэд цагтаа Н.Энхбаярт хандран шүлэг хүртэл зохиож явсан гэгддэг М.Энхсайхан өөрийнхөө ажлын дулаан, тухтай байрыг эртнээс бэлдэж байсан санаа байжээ.

2016 оны Арваннэгдүгээр сарын 16. Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжилээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Түүний томилогдож очихоор болж буй Шведийн вант улс Монгол Улстай харилцаа тийм ч өргөн хөгжөөгүй, гэхдээ тэнд монгол иргэд олон байдаг. Тэгэхээр М.Энхсайханы хувьд угийн гүйлгээ ухаан сайтайгаараа хоёр талын харилцааг ахиулж чадах уу гэдгийг мөн л цаг хугацаа харуулна. Шведэд одоо 6000 орчим монгол иргэн байгаа гэдэг. Насаараа сайд хийж, цагаан гартан явсан М.Энхсайхан дийлэнх нь хар бор ажил хийдэг ядарсан иргэдийнхээ эрх ашгийг хэр хамгаалах бол?

Сэтгэгдэл (2)

  1. I just want to say I am new to blogging and site-building and actually liked this web-site. More than likely I’m planning to bookmark your blog . You certainly come with wonderful articles and reviews. With thanks for revealing your web-site.

  2. Thanks for some other wonderful post. Where else could anyone get that kind of information in such a perfect approach of writing? I have a presentation subsequent week, and I am at the look for such info.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх