America/Europe

АНУ-ын шинэ дэд ерөнхийлөгчтэй ТАНИЛЦ!

Э.Мөнхзаяа 1,468 үзсэн1

      АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Индиана мужийн амбан захирагч Майк Пенс очихоор зэхэж байна. Мужаасаа бусад газарт бараг танигдаагүй энэ эрхэм гүн гүнзгий консерватив үзэлтэй нэгэн.

Гүйцэтгэх засаглалын хоёр дахь хүн болох Пенс хэр нөлөө бүхий эрхэм бэ гэдэг нь тодорхойгүй ч Дональд Трамп түүнд Барак Обамагийн ардчилсан засаг захиргаанаас шилжих бүхий л шилжилтийг ахлах үүрэг даалгавар өгсөн билээ.

Консерватив үзэлтэй болохоор тэрбээр Обамагийн хийсэн бүхнийг үнс нурам болгож, цуцлахад ч бэлэн байна. Гадаад бодлогын хувьд Пенс одоогоор “бүргэд”-ийн үүрэг гүйцэтгэж байгаа ч энэ асуудлаар Ерөнхийлөгчийн араас дуугарах нь лавтай.

Улстөрчөөс радиогийн хөтлөгч болсон нь

      Пенс 1959 онд Индиана мужид төрсөн. Ирланд гаралтай, католик шашинтай тэрбээр итгэл үнэмшил, шашны үнэт зүйлсээ амьдралын онц чухал зүйл гэж үздэг. Орон нутгийн нэгэн их сургуулийн хууль зүйн факультетийг дүүргэсэн тэрбээр хувийн хуулийн байгууллагад багахан хугацаанд ажиллаж байгаад 1988 онд конгресст нэрээ дэвшүүлээд унасан юм. Ингээд 1990 онд төлөөлөгчдийн танхимд орох гэсэн нь ч бүтэлгүйтэж, өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаасныхаа төлөө дараа нь уучлалт гуйж байсан түүхтэй. Улс төрд хар залуугаасаа орох гээд бүтэлгүйтсэн Пенс радиод хамаг хүчээ зарцуулав. Америкийн улс төрийн амьдралд “ярьдаг” радио станцууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Пенс 1992 оноос өдөр бүр гурван цагийн хугацаатай шоу хөтөлдөг болов. Тэрбээр Раш Лимбо хэмэх барууны үзэлт хөтлөгч шиг өдөөн хатгадаг, аливаад махруу байхыг хичээж, өөрийгөө улс төрийн консерватор гэж үздэг байсан. Тиймээс ч “Кофеингүй Лимбо” гэж өөрийгөө нэрлэдэг байв. Радиод амжилт олсон Пенс олонд танигдаж, 2000 онд Индиана мужийн сонгуулийн хоёрдугаар тойргоос төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулан орж иржээ. Төлөөлөгчдийн танхимд консерватор үзлээ харуулж, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч болсон Жорж Бушийн боловсролын салбарын шинэчлэл, бага орлоготой иргэдэд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох тухай санаачилгуудыг эсэргүүцэж байв. Пенс конгресст бүгд найрамдахчуудын нэг фракци болох “Цайны нам” либертари-консерватив жигүүрт харьяалагддаг.

“Цайны нам” нь намын элитүүдэд таагүй ханддаг бөгөөд төсөв байхгүй хэмээн Засгийн газрыг хаах зэрэг улс төрийн тэмцэл өрнүүлдэг. Пенс 2006 онд төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын дарга болох гэж оролдоод бүтэлгүйтэн Жон Бейнерт ялагдсан. 2009 онд Пенс Бүгд найрамдах нам дотроо гурав дахь том албан тушаалыг хаших болсон юм. Пенс конгрессийн гишүүн байх хугацаандаа 90 хуулийн төсөл өргөн барьсан ч нэг нь ч хууль болоогүй. Гэхдээ тэрбээр намын удирдлагуудтайгаа зөрчилдөхөд бэлэн жинхэнэ консерватор гэдгээрээ нэр хүндтэй.

Индиана мужийн амбан захирагч

     Пенс 2012 онд Индиана мужийн амбан захирагчид нэрээ дэвшүүлэхээ зарласан. Ингээд сунгаанд Ардчилсан намын өрсөлдөгчөө багахан зөрүүгээр ялсан. Тэрбээр амбан захирагчаар ажиллаж байх хугацаандаа консерватив бодлогоо бүх түвшинд явуулсан гэхэд болно.

Тухайлбал, их дээд сургуулиуд, нийгмийн үйлчилгээ, хорих газрын зардлыг танаснаас гадна татваруудыг багасгасан. Үүний улмаас мужийн эдийн засаг удаашралтай өссөн ч Пенсийн санаачилсан Алдагдалгүй төсвийг зайлшгүй батлах өөрчлөлтийн нөлөөгөөр Индиана муж зээлжих өндөр зэрэглэлээ хадгалж үлдсэн билээ. Пенс бусад консерваторуудын адил дунд сургуулийн боловсролын стандартыг эсэргүүцдэг бөгөөд үүнээсээ болж Багш нарын холбооныхонтой байнга сөргөлддөг. Түүнчлэн тэрбээр цэвэр эрчим хүч гаргах арга хэмжээг дэмждэггүй, нүүрсний үйлдвэрүүдэд түшиглэхийг илүүд үздэг. Пенс намынхаа бусад нөхдийн адил зэвсэг биедээ авч явах хязгаарлалтыг бууруулахыг дэмждэг байна. Үүнээс гадна тэрбээр үр хөндөлт зэрэг үйлчилгээг багтаасан “Planned Parenthood” холбооны хөтөлбөрийг муждаа хэрэгжүүлэхгүй байх гэж оролдож байсан нэгэн.

Харин эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд ядууст туслах төрийн хөтөлбөрийг өргөжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн билээ. Пенс уламжлалт хандлагаасаа болоод хэвлэл мэдээллийн хараанд багагүй өртдөг. Жишээ нь, тэрбээр шашны итгэл үнэмшлээрээ ижил хүйстэнд үйлчлэхээс татгалзах хуульд гарын үсэг зурсан нь олны эсэргүүцэлтэй тулгарсан юм. Пенс мөн ижил хүйстний гэрлэлтийг эрс эсэргүүцдэг нэгэн. Шашны итгэл үнэмшлээ дагаад тэрбээр муждаа үр хөндөлтийг хязгаарласан бөгөөд абортоос болж амиа алдсан үр хөврөлийг заавал оршуулахыг тухайн эмэгтэйгээс шаарддаг хууль гаргасан АНУ-ын анхны муж болгожээ.

Пенс Сирийн дүрвэгсдийн дунд алан хядагчид байж болзошгүй хэмээн мужийнхаа газар нутагт тэднийг оруулахад саад хийхийг оролдож байсан. Тэгсэн хэрнээ тэрбээр АНУ-ын газар нутагт лалын шашинтнуудыг оруулахыг хориглосон санал нь “бусдыг доромжилсон үйлдэл” хэмээн нэрлэжээ. Пенс түүнчлэн мэдээллийн улсын холдинг байгуулахаар ажиллаж байсан бөгөөд сөрөг хүчнийхэн үүнийг “Үнэн сонин” хэмээн дооглож байжээ. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын хувьд Пенсийг амбан захирагчийн ажилдаа дахин сонгогдохгүй байхыг ятгаж, өнгөрсөн зун дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч хэмээн зарласан. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Дональд Трампын онгоц Индиана мужид эвдэрч саатсаны дараахан нэр дэвшигчийн хамаатнууд нь Пенсийг сонгохыг зөвлөсөн гэнэ. Эрс консератив үзэлтэй Пенс ч Трампыг намын сунгаан дээрээ дэмжиж байгаагүй гэнэ.

Дэд ерөнхийлөгч ямар үүрэгтэй вэ

      Ерөнхийдөө Америкийн Үндсэн хуульд дэд ерөнхийлөгчийн үүргийг тийм ч тодорхой тусгаагүй байдаг. Төрийн тэргүүн улс орноо удирдах чадваргүй болсон үед дэд ерөнхийлөгч түүнийг орлож ажиллана л гэж заасан байдаг аж. Яг ийм зүйл тус улсын түүхэнд нэг бус удаа тохиож байсан. Тухайлбал, Жон Кеннеди 1963 онд амиа алдсаны дараа дэд ерөнхийлөгч Линдон Жонсон төрийн эрхийг барьж байсан бол Ричард Никсон 1974 онд дуулиан шуугианы улмаас огцроход Жеральд Форд түүнийг орлосон түүхтэй. Дэд ерөнхийлөгч түүнчлэн сенатын даргын албан тушаалтай. Гэхдээ 100 сенаторын санал яг тэнцсэн үед л санал өгөх эрхтэй байдаг. Гэхдээ дэд ерөнхийлөгчийн үүрэг эрс өөрчлөгдөж байгаа. Өнөө цагт гүйцэтгэх засаглалын хоёр дахь хүний нөлөө огцом нэмэгдсэн юм. Тухайлбал, Ерөнхийлөгч бага Жорж Буштай харьцуулахад дэд ерөнхийлөгч Дик Чейни нь бараг л АНУ-ын гол нүүр царай нь болж байсан гэхэд хилсдэхгүй. Барак Обамагийн дэргэдэх Жо Байден ч бас нэлээд нөлөө бүхий нэгэн. Обама түүнд конгресстэй төсвийн хэлэлцээр хийх, гадаад бодлогын асуудлаар зөвшилцөх зэрэг олон үүрэг даалгаврыг даатгадаг байв. Харин Пенсийн хувьд Дик Чейни шиг дэд ерөнхийлөгч болно гэж мэдэгдээд байгаа. Трампын хийж буй эхний алхмуудаас харахад ч тэрбээр Пенсэд итгэж найдаж байгаа нь илт байна.

Сэтгэгдэл (1)

  1. I have been reading out many of your posts and it’s nice stuff. I will definitely bookmark your website.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх